2013.11.07

Д.Тэрбишдагва: Монголын нийгэм хариуцлагагүйн зуданд нэрвэгдсэн

Шинэчлэлийн Засгийн газар, Шадар сайдын эрхэлдэг зургаан агентлагаас өнөөдөр “Ард түмэн Та хаан” форумыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар уламжлал болгон зохион байгуулагддаг уг форум энэ жил “сахилга бат, хариуцлага” гэсэн сэдвийн хүрээнд явагдаж байна. Форумын анхаарал татсан нэг асуудал нь Шадар сайдын тавьсан илтгэл байлаа. Өөрийнх нь эрхэлдэг салбар сахилга, хариуцлага, хяналтын тогтолцоог бүрдүүлж байдаг учраас сайд Д.Тэрбишдагва энэ удаагийн илтгэлээ “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” хэмээн нэрлэжээ.

УИХ-ын гишүүн, Шадар Сайд Д.Тэрбишдагва:

Монгол орны 15 аймгийн 56 суманд олон га талбай сүйтгэгдээд байгаа. Тэдний байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тооцоолж гаргахад 1 айл 1 их наяд 160 тэрбум төгрөг болж байна. Энэ тоо нийгмийн дэг журам алдагдаж, ёс суртахууны доройтол болж, тэр нь бидний хөгжилд ямар их саад тотгор учруулж байгааг харуулж байна.

Сахилга, хариуцлага уруудсан доройтсоныг ярихдаа би аль нэг улстөрийн хүчин, хэн нэгнийг яллах зорилго тавьсангүй. Харин сахилга хариуцлага суларснаар ард олны дунд төр засаг болоод ирээдүйд итгэх итгэлээ алдаж, улмаар энэ бүхнийг засч залруулах бурхан, далдын ид шид байдаг болоосой гэсэн хүлээлт, ил далд бухимдал газар авч байна. Тиймээс хаа хаанаа сахилга хариуцлагыг дээшлүүлэхийн төлөө хатуу ширүүн тэмцэл өрнүүлэх цаг болжээ.

“Ард түмэн Та хаан” форум

Хариуцлагагүйн зуд монголын нийгэмд саяхан, сүүлийн хэдэн жилд нэмэгдсэн юм биш. Социалист тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн шилжилтийн эхний он жилүүдээс эхлээд хүний эрх тэгш байдал, эрх чөлөө, шударга ёс гэгчлэн ардчилалын үнэт зүйлийн мөн чанарыг нийтэд ойлгуулан төлөвшүүлж чадаагүйн зэрэгцээ ахмад үеийнхний зүтгэлээр олон жилийн турш бүтээн босгосон үнэт баялаг, мэргэжилтэй боловсон хүчнийг мянга мянгаар нь гудамжинд гаргаж ажилгүй болгосноос үүдэлтэй юм.

Түүнчлэн зарим нэг ухамсар дорой хүмүүс хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй, танил талтай бол юу ч хийж, яаж ч болох мэт ойлгож, ёс суртахууны эрхэм нандин чанараа алдаж, хэнд ч захирагдахгүй дур зоргоор авирлах болсноор энэ бүхэн улбаатай.

Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид, албан тушаалтан шийдвэр гаргах эрх мэдэл, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ заавал баримтлавал зохих таван зарчмыг танилцуулж байна.

  1. Хууль дээдлэх
  2. Хариуцлага, ёс зүйтэй байх
  3. Ил тод байдал
  4. Иргэдийн итгэл даах
  5. Төрийн үйлчилгээ хүртээмжтэй байх гэсэн 5 зарчмыг төрийн байгууллагын ажилтан бүхэн анхаарч, мөрдөх ёстой