“Ард түмэн Та-Хаан” форум болно
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва маргааш нийслэл хотноо зохион байгуулагдах гэж буй “Ард түмэн Та-Хаан” үндэсний форумын талаар мэдээлэл өглөө.
Энэхүү форум нь Шадар сайдын санаачилгаар хоёр дахь жилдээ болох гэж буй бөгөөд, зорилго нь бидний хөгжил, дэвшилд саад болж байгаа сөрөг зүйлүүдийг ил тод болгож, төр, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлтаар хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөвчиглэлд төлөвшүүлэхэд оролцогч талуудын санаачилгыг өрнүүлэхэд оршиж байгаа аж.
Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдийнхээ дуу хоолойг аль болох өргөн хүрээнд сонсож, асуудлыг шуурхай шийдвэрлэж байх, төр, засгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, тунгалаг болгох чиглэлээр олон хэлбэрийн ажил санаачлан хэрэгжүүлж байгаагийн дотор манай форум ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохоос гадна асуудлыг шийдвэрлэхэд тэдний оролцоог хангаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болдог хэмээн Шадар сайд онцолсон юм.
Өнгөрсөн жилийн форумыг иргэд, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулж байсан.
Энэ жилийн форумыг “сахилга, хариуцлага” гэсэн хөмсөг дор зохион байгуулах бөгөөд “сахилга, хариуцлага” гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс юм гэж үзэж байгаа юм.
Энэ жилийн хувьд форумыг “сахилга, хариуцлага” гэсэн хөмсөг дор зохион байгуулах бөгөөд “сахилга, хариуцлага” гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс юм гэж үзэж байгаа аж.
Сахилга хариуцлага суларснаас чухам ямар хор хохирол нийгэмд учирч байгааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хүрээнд тал талаас нь жишээ баримт гарган ярилцаж, улсын хэмжээнд ойрын үед хийх ажлын төлөвлөгөө гаргах юм байна.
Форумд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, УИХ-н Байнгын хорооны дарга, гишүүд, НҮБ, Дэлхийн банкны Суурин төлөөлөгчид болон нийслэл, орон нутгийн төрийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцох юм.