Бага ангийн хичээлийн хуваарьт шатрын спортыг оруулах цаг болсон
Нийслэлийн 374 жилийн ойн нэрэмжит нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээн нийслэлийн Баянзүрх дүүргийн 33-р дунд сургууль дээр боллоо.
Тэмцээнийг нийслэлийн боловсролын газар, шатрын холбоо хамтран зохион байгуулж байна. Хоёрдох жилдээ болж байгаа уг тэмцээнд ерөнхий боловсролын сурагчид оролцдог учир хэд хэдэн шатыг давдаг байна.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Энэ тэмцээнд бүх сургуулийн нийт хүүхдүүд хамрагдсан гэж хэлж болно. Бүх ангиас нэг нэг хүүхэд шалгарч тэмцээн зохион байгуулаад түрүүлсэн хүүхдүүд нь сургуулийнхаа багт орж сургуулийн аваргыг шалгаруулсан.
Дараа нь дүүрэг дээр тэмцээн зохион байгуулсан. Тэгээд дүүргээс эхний хоёр байр эзэлсэн багууд өнөөдөр өрсөлдөж байна. Өнгөрсөн жил 7 сая орчим төгрөгийн шагналын сантай анх удаа болсон бол энэ жил 11 сая төгрөгийн шагналын сантай байгаа" хэмээн ярьлаа.
Тэмцээнд оролцогчдын хүрээг харахад бага насны хүүхдийн шатрын спортоор хичээллэхэд эцэг эхчүүд маш их анхаардаг болсон нь харагдаж байгаа юм. Харин бусад хөгжилтэй орны жишгээр ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас хичээлийн хуваарьт шатрын спортыг оруулах цаг болсон гэдгийг нийслэлийн боловсролын газрын дарга тэмцээний үеэр мөн хэлж байсан юм. Тэмцээнд оролцогчдын дунд Монгол улсаа төлөөлөн дэлхийн аваргад оролцох хүүхэд ч байлаа.