Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ.
2013.10.29

“Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд, “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ.

1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн  үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж,  1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ.

Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

НИТХ-ын Д.Баттулга “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр “Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш монголын нийгмийн улс төр, соёл, эдийн засгийн гол төв байж, өдрөөс өдөрт жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр 374 жилийнхээ ойтой золгож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд, “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн шинэчлэлийн багаас энэ өдрийг хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэж байна. Өнгөрсөн жил хот тохижилт, нийтийн тээвэр, хог хаягдал, дэд бүтэц, гэр хорооллыг дахин төлөвлөлт гэх мэт олон чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг хийж, тодорхой үр дүнд эхнээсээ хүрч байна.

Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг гаргаж бай шийдвэр, бүтээн байгуулалт, бүтээлч ажилдаа тусгаж байгааг иргэд таатай хүлээн авч байгаа. Тиймээс нийслэлийн дүүрэг, хороодод нийт 42 газарт “Иргэний танхим”, “Иргэний оролцооны хэлтэс” байгуулан иргэддээ ойртож байна.

Нийслэлийн иргэддээ  374 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэхийн ялдамд хүн бүр, иргэн бүр, айл бүрийн амьдралд аз жаргал, инээд баясал, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе” гэж хэллээ.