Таван аймгийн ЗДТГ-ын даргыг урамшууллаа
“Засгийн газрын гол зорилтуудыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй хүмүүс бол ЗДТГ-ын дарга. Та бүхний ажлын үр дүн ард иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлсэн, авлига хээл хахуультай яаж тэмцсэн, бүтээн байгуулалтыг хэрхэн өрнүүлснээр хэмжигдэнэ шүү” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга нарын улсын зөвлөгөөнд оролцогчдод хандан хэллээ.
Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх мэдэл, мөнгө хэрэгтэй. Үүнийг шинэчлэлийн Засгийн газар орон нутгийн удирдлагуудад олгосон. Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэсэн дөрвөн чиглэлээр аймаг, сумдад хэдэн саяас хэдэн тэрбум хүртэл төгрөг хуваарилагдан очдог болсныг онцоллоо.
Мөн зөвлөгөөний үеэр энэ оны ажлын үзүүлэлтээрээ эхний таван байр эзэлсэн Дорноговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын дарга нарыг нэг сарын цалингаар нь урамшуулж, дурсгалын зүйл гардууллаа.