Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит цахим хурлаа хийлээ.
2013.11.13

Төсөв хөрөнгийн зарцуулалтаа ил тод болгохыг даалгалаа

Орон нутагт хуваарилагдан очиж буй хөрөнгө мөнгөний зарцуулалтыг ил тод болго гэсэн үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит цахим хурлынхаа үеэр аймгийн удирдлагуудад өглөө.

Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэсэн дөрвөн чиглэлээр аймаг, сумдад хэдэн саяас хэдэн тэрбум хүртэл төгрөг хуваарилагдан очиж байгаа юм.

Энэ хөрөнгөөс ямар зориулалтаар, хэнд хэзээ хэдэн төгрөгийн зээл олгосон, эргэн төлөлт нь ямар хуваарьтай байгаа гэх мэт мэдээллийг иргэддээ ил тод болгохгүй бол орон нутагт газар авсан намчирхал, талцал хумигдахгүй гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Түүнчлэн, орон нутагтаа шийдэх боломжтой асуудлуудыг Засгийн газрын тэргүүнд хаяглах нь элбэг байна, энэ нь төрийн захиргааны байгууллагуудаас иргэдэд мэдээлэл өгөх арга хэлбэр оновчгүй байгааг харуулж байна гэж Ерөнхий сайд онцоллоо.

Цаашид аймгийн удирдлагууд сард нэг удаа орон нутгийнхаа телевиз, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдтэйгээ шууд ярилцлага хийхийг үүрэг болголоо.

Иймд цаашид аймгийн удирдлагууд сард нэг удаа орон нутгийнхаа телевиз, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдтэйгээ шууд ярилцлага хийхийг үүрэг болголоо. Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа төсвөө хэр нээлттэй болгосныг харж, бизнес эрхлэгчид, ахмадууд, залуучуудтай тусгайлсан уулзалт, иргэдтэй шууд ярилцлага хийж байхаа дуулгалаа.

Ажлаа сар сараар нарийвчилж гаргасан төлөвлөгөө Засаг дарга нарын өрөөнд байх ёстойг Ерөнхий сайд санууллаа. Зорилтоо оновчтой тодорхойлж, ажлаа зөв төлөвлөөгүйгээс олон ажил саатдаг, үүний жишээ бол 2013 оны 8 дугаар сарын 23-наас өмнө гэрээгээ байгуулж чадаагүй худалдан авалтын мөнгийг татсан явдал гэж ЗГХЭГ-аас анхаарууллаа.

Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаан буудай тушаасан, буудайн урамшуулал авсан аж ахуйн нэгж, иргэдийн баримтын бүрдэлт, буцаан төлөлт, татвар төлөлтөд хяналт тавих шаардлагатайг ЗГХЭГ-ын холбогдох албаныхан хэллээ.