Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дундговь аймагт ажиллалаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дундговь аймагт ажиллах үеэрээ аймгийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон эхэлсэн ажлуудтай танилцаж, бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзалт хийсэн юм.
Орон нутгийн хөгжилд онцгойлон анхаарч буй Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн жил гаруйн хугацаанд 16 аймагт ажиллажээ.
Дундговьд ирэх жил 1000 гаруй айлын орон сууц барьж эхэлнэ
Аймгийн төвүүдийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд Дундговь аймагт "Залуус хороолол"-ын 400 айлын, "Түмний хороолол"-ын 480 айлын орон сууцаа барьж эхэлнэ. Одоогийн байдлаар дээрх хорооллуудын зураг төслийг гаргаж, зарим хэсэгт нь дэд бүтэц тавиад байна. Мөн 200 айлын хаус хорооллын газрыг нөөцөд авч, геологийн дүгнэлт гаргуулжээ.
Мөн Мандалговьд гэр хороолол дундуур 7,2 км цэвэр усны, 1,5 км бохирын шугам татаж, залгаа дөрвөн хашааны дунд цэвэр, бохир усны сүлжээ оруулснаар цөөнгүй айл боловсон 00, цэвэр усны тоолууртай болж байна. Гэхдээ энэ ажил туршилтын шатандаа яваа, цаашид шинээр суурьшлын бүс тогтоож, дэд бүтэцжүүлэхээр төлөвлөж байна гэж аймгийн Засаг дарга С.Сүхбаатар танилцууллаа.
Энэ ажлыг хэрэгжүүлбэл гэр хорооллын нэг айл хоёр сая төгрөг зарцуулаад л орон сууцны айлаас дутуугүй ая тухтай амьдрах боломжтой болно. Одоо Мандалговийн 3200 өрхийн 800 гаруй нь л инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байна. Хөрөнгө оруулалтын тухайд, хэд хэдэн томоохон төслийн санхүүжилт төсвийн тодотголоор хасагдаж, гүйцэтгэгчийн буруугаас заримынх нь хөрөнгө оруулалт зогсчээ.
Аймгийн төвүүдийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд Дундговь аймагт "Залуус хороолол"-ын 400 айлын, "Түмний хороолол"-ын 480 айлын орон сууцаа барьж эхэлнэ.
2013 онд улсын төсвөөр 21,6 тэрбум төгрөгийн 53 ажил батлагдсанаас 23-ыг хүлээлгэн өгсөн байна. Дуусаагүй 17, тендер шалгаруулалтын шатанд 11 ажил байсны нэлээд нь төсвийн тодотголоор хасагдсан бол театрын барилга, Дэлгэрхангайн цэцэрлэг, эмнэлэг, Дэрэнгийн цэцэрлэгийн барилгын ажлууд гүйцэтгэгчийн буруугаас, бас санхүүжилт хүрээгүйгээс зогсчээ.
Аймгийн төвийн автозамын сүлжээг сайжруулж энэ онд 3,9 км замын хучилтыг шинэчилж, заримыг шинээр барьсан, худалдаа, үйлчилгээний төвлөрөл хэсэгт 3190 м2 талбайг бетон хучилттай болгосон, 82 автомашины зогсоол гаргасан, Улаанбаатар-Даланзадгадыг холбосон замын дагуу орших Хулд, Луус сумдад тус бүр нэг км орчим хатуу хучилттай салаа зам барьсан зэрэг бүтээн байгуулалтын ажлаасаа аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа.
Дундговь аймаг харьцангуй цөөхөн, 45 мянган хүн амтай. Гэхдээ энэ аймгийн иргэдийн хот руу чиглэсэн нүүдэл буурч, харин ч шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилд өсөх хандлагатай байна. Энэ нь говийн бүсэд өрнөж эхэлсэн бүтээн байгуулалтаас гадна төрөлх аймагтаа ая тухтай амьдардаг болно гэсэн иргэдийн итгэлтэй холбоотойг нутгийн удирдлагууд хэллээ.
Дундговийн бизнес эрхлэгчид Ерөнхий сайдад үгээ хүргэлээ
Бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж зарах нь амар бөгөөд ашиг өгөх учраас орон нутагт үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж Дундговийн бизнес эрхлэгчид хэллээ. Үйлдвэрлэл явуулахын тулд тоног төхөөрөмж оруулж ирж суурилуулахаас эхлээд цахилгаан дулаан, цалин хөлсний багагүй хэмжээний урсгал зардал гардаг.
Бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж зарах нь амар бөгөөд ашиг өгөх учраас орон нутагт үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж Дундговийн бизнес эрхлэгчид хэллээ.
Баялаг бүтээхээр зориглосон орон нутгийн бизнес эрхлэгчдээ энэ мэт зардалд сөхрүүлэлгүй өндийлгөхийн тулд татварын зөв зохицуулалт, бодлогын дэмжлэг хэрэгтэй байна гэж тэд хэллээ. Нэмүү өртгийн албан татварыг ялгаатай тогтоох, урамшууллын систем нэвтрүүлэх, урсгал зардлын тодорхой хэсгийг төр хариуцдаг болох зэрэг санаа, шийдлүүдийг ч дуулгалаа.
Иргэдээ ажилтай, орлоготой болгох төрийн бодлогын хүрээнд Дундговьд 2008 оноос хойш 2,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг томоохон төслүүдэд, 3 тэрбум төгрөгийн зээлийг сумдын жижиг төслүүдэд олгожээ. Үүний үр дүнд барилгын материал, модон эдлэл, оёдол, тахиа, гахай үржүүлэг, талх нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүн, үхрийн ферм, авто засвар, зочид буудал, зоогийн газар, жимс ногооны тариалан зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ бий болжээ.
Хөнгөлөлттэй зээлээс гадна хувийн хөрөнгө оруулалтаар энэ онд ноос боловсруулах томоохон үйлдвэрт 200 сая, оёдлын цехэд 115 сая, бусад барилга байгууламжид 740 сая төгрөг, нийт 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт Дундговь аймагт хийгдсэн байна. Бизнес эрхлэгчдийн хэлсэн санал, тавьсан асуултад Ерөнхий сайд болон холбогдох яам, агентлагийнхан тодорхой хариулт өгч, цаашдын бодлого чиглэлээс танилцуулсан юм.
Өөрсдийн хүчээр зүтгэж яваа бизнес эрхлэгчдийг хамгийн их бухимдуулдаг бусармаг үзэгдэл бол танилдаа давуу боломж олгодог шударга бус байдал. Үүнийг халах, ийм явдал гарахгүй байх нөхцөл бүрдүүлэх нь Шинэчлэлийн газраас орон нутгийн бизнес эрхлэгчиддээ үзүүлэх хамгийн том дэмжлэг болно гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг онцоллоо.
Ерөнхий сайд Дундговийн иргэдтэй цахим ярилцлага хийлээ
Мандалговь хотын иргэдтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг телевизийн шууд ярилцлага хийлээ. Шууд ярилцлагын үеэр иргэд утсаар асуулт, саналаа хэлж, Ерөнхий сайд болоод холбогдох яам, агентлагийн удирдлагууд хариулт өгсөн юм.
Шууд ярилцлагын үеэр иргэд утсаар асуулт, саналаа хэлж, Ерөнхий сайд болоод холбогдох яам, агентлагийн удирдлагууд хариулт өглөө.
Жижиг дунд үйлдвэрүүд нээж орон нутагт ажлын байр бий болгох, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлах, төрийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд ил тод, нээлттэй болгох гэх мэт нийтлэг асуудлыг Мандалговьчууд хөндөж, эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбарын үйл ажиллагааны талаар олон асуулт тавилаа.
Албаныхан биечлэн очихдоо л бөөгнөрсөн асуудлыг шийдэх биш, иргэдийн өмнө өдөр тутам тулгарч буй бэрхшээлийг сонсч шийдвэрлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зарчим.
“11 11 төв”-д иргэдийн хэлсэн саналтай долоо хоногт хоёр удаа биечлэн танилцдаг учраас хаана ямар бэрхшээл байгааг орон нутгийн иргэдийн адил мэддэг гэдгээ Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлээд, Дундговьчуудаас ойрын өдрүүдэд “11 11 төв”-өөр дамжуулан Засгийн газарт хүргэсэн саналуудаас орон нутгийн түвшинд шийдвэрлэх боломжтой 14 асуудлыг Засаг дарга С.Сүхбаатарт хүлээлгэн өглөө.
Түүнчлэн, иргэдтэйгээ илүү ойр ажиллаж, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар нээлттэй мэдээлэл өгч байхыг аймгийн удирдлагууд, шат шатны төрийн албан хаагчдад даалгалаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулахад иргэн бүр санал, дуу хоолойгоо орон нутгийн удирдлагууддаа хүргэх ёстой гэж Ерөнхий сайд Дундговьчуудад захилаа.
Дундговь аймгийн ЗДТГ-аас иргэдийн санал, гомдол, хүсэлт хүлээн авах тусгай алба байгуулан ажиллаж, аймгийн бүх суманд FM 107,5 долгионоор мэдээлэл хүлээн авахын зэрэгцээ малчидтай утсаар холбогдон онлайн хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах техникийн нөхцөл бүрдүүлээд байгаагаа аймгийн удирдлагууд дурьдаж байв.
Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлснээр аймгууд 9,5 тэрбум төгрөгийг өөрсдөө мэдэх болсон. Орон нутгийн хөгжлийн сангийн энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулахад иргэн бүр санал, дуу хоолойгоо орон нутгийн удирдлагууддаа хүргэх ёстой гэж Ерөнхий сайд Дундговьчуудад захилаа. Мөн сумын хөгжлийн сангаасаа жилийн гуравхан хувийн хүүтэй зээл авч, бага гэлгүй үйлдвэрлэл эрхлэх гээд хөдөөгийн иргэдэд олон боломж нээлттэй байгааг Ерөнхий сайд дурьдлаа.
“Гагцхүү төрийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй байж, оролцох, хянах эрхээ эдэлж сурах хэрэгтэй байна. Хөгжье, урагшилъя гэж тэмүүлэхийн оронд нас, мэргэжил рүүгээ зааж хойш суумааргүй байна. Богино хугацаанд эрэлттэй мэргэжилтэн болох боломжийг ч төр олгож байгаа учраас орон нутгийн иргэд идэвх санаачилгатай байх ёстой” гэж санууллаа.