Дэгтэй монгол дэлхийд манлайлна
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа!
УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд ээ!
Төрийн болон Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл эрхэмсэг хатагтай, ноёд оо!
Гадаадын эрхэм зочид төлөөлөгчид өө!
Өнгөрсөн онд бид “Ард түмэн Та-Хаан” форумыг “Хэрэгчлэгчийн эрх ашгийг дээдлье” сэдэв дор анх удаа санаачлан зохион байгуулсан билээ. Энэ удаа энэхүү форумыг “Сахилга хариуцлага” гэсэн сэдвээр хийж байна. Ийм форумыг бид цуврал болгон жил дутам зохион байгуулахаар бодож төлөвлөж байна. Сахилга хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг Монгол Улсын Шадар сайд миний бие өөрөөсөө, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Агентлагууд, ажлын албанаасаа эхлэн хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилийн форум дээр мэдэгдсэн билээ.
Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдийнхээ дуу хоолойг аль болох өргөн хүрээнд сонсож, асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж байх бололцоо нөхцлийг хангах, төр, засгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, тунгалаг болгох чиглэлээр олон хэлбэрийн ажил санаачлан хэрэгжүүлж байна. Түүний нэг болох манай форум ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохоос гадна асуудлыг шийдвэрлэхэд тэдний оролцоог хангаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ билээ.
Форумын үндсэн зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг шийдвэрлэх гол хүчин зүйл, тулгуур бодлогын асуудлаар өргөн олныг хамарсан хэлэлцүүлэг явуулах, бидний хөгжил дэвшилд саад болж байгаа сөрөг зүйлүүдийг ил тод болгож, түүнийг төр, аж ахуйн хэвшил, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлтаар хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, тэдгээрийг зөв чиглэлд төлөвшүүлэхэд оролцогч талуудын санаачилгыг өрнүүлэхэд оршиж байгаа юм.
Эдүгээ хүн төрөлхтөний нийтээр хүлээн зөвшөөрсөн шалгуураар авч үзвэл засаг төрийн төлөө хүн амьдардаггүй, харин хүний төлөө засаг төр байдаг. Чухам ийм учраас бид форумаа “Ард түмэн Та-Хаан” гэж нэрлэсэн хэрэг. Ард түмэн эрүүл энх, эрдэм боловсролтой, элбэг хангалуун, айж эмээхийн зовлонгүй, ая тухтай амьдрах нөхцөлөө хангахын тулд л төрийг байгуулж, түүнд татвар төлж, албан хаагчдыг тэжээж тэтгэж байдаг.
Өнгөрсөн жилийн “Ард түмэн Та-Хаан” форумаас хойшхи хугацаанд чамгүй олон ажил зохион байгуулж хэрэгжүүлснийг манай агентлагийн дарга нар бүгд хуралдаан дээр өөрсдийн илтгэл, мэдээлэлдээ тодорхой ярих болно. Харин би манай агентлагууд энэ чиглэлд хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар цөөн хэдхэн зүйлийг онцлон хэлье. Сахилга, хариуцлагын хэмжүүр нь стандарт байдаг. Энэ дэлхий дээр зөвхөн “далайн дээрэмчид” л стандартгүй амьдардаг гэсэн үгийг өнгөрсөн жил бид Та бүхэнд хэлж байсан. Энэ бол маш хариуцлагатай үг гэдгийг энэ жил ч би бас дахин онцлон хэлэхийг хүсч байна.
Өнгөрсөн жилээс эхлээд бид “Стандарттай Монгол” уриан дор стандартыг өөрийг нь “хариуцлагатай болгох”-оос ажлаа эхэлж зохион байгуулж ирлээ. Ингэхдээ шаардлага хангаагүй 478 стандартыг хүчингүй болгож, өмнө нь стандартгүй байсан 1250 гаруй бүтээгдэхүүн, бараа, ажил үйлчилгээг шинээр стандарттай болгон журамлаж байна.
Тогтоосон стандартыг төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, нийгмийн амьдралд мөрдүүлж хэвшүүлэхэд Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрууд ажиллаж байгаа. Эдгээр байгууллагууд шалгаж, торгож шийтгэхийг урьтал болголгүйгээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх, үр ашигтай түншлэлийг хөгжүүлэх, стандарт, хууль, тогтоомжийг мөрдөж хэвшүүлэхэд тэдний оролцоог хангах, зөвлөн туслах үйлчлэх, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, цоо шинэ арга барилаар ажиллаж эхэлсэн.
Төсвийн хөрөнгийг хамгийн үр дүнтэй зөв зарцуулж, стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг ард түмний нийтлэг хэрэгцээнд нийлүүлэхийн төлөө Худалдан авах ажиллагааны газар ажиллаж, олон нааштай үр дүн гарч эхэлж байна.
Шинжлэх ухаан, технологийн дэвшил, олон улсын шилдэг загвар, зохистой дадлыг нэвтрүүлэх, нутагшуулах, өөрийн орны түүхий эдийн нөөцөд тулгуурлан аль болох оюуны өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал, санаачилгыг хөхиүлэн дэмжиж “Монгол брэнд” бий болгохын төлөө Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа чиглэгдэж байгаа. Энэ бүх ажлын эцсийн үр дүн стандартаар дамжин хэмжигдэх ёстой.
“Монгол брэнд” бий болгохын төлөө Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа чиглэгдэж байгаа.
Бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон асар их баялаг төр, хувийн хэвшлийн эд хөрөнгө, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхийн төлөө Онцгой байдлын алба ажиллаж байна. Эдгээр байгууллагууд тэдгээрийн албан хаагчдыг нийгмийн өндөр ёс суртахуунтай, сахилга, дэг журамтай, ам-ажлын нэгдлийг хангасан, шударга, ил тод үйл ажиллагаатай байлгахын төлөө Монгол Улсын Шадар сайдын зүгээс хянан зохицуулах, урамшуулан дэмжих, стандарт удирдлагаар хангах, ёс суртахууны талаар үлгэрлэн манлайлахыг хичээн ажиллаж байна.
Засаг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг арга, хэрэглүүр, эв дүйг улс төрийн нэр томъёогоор “дэглэм” гэдэг байна. Түүний гол цөм нь төрийн дэглэм байх бөгөөд засаг, төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааны арга хэлбэр, сахилга хариуцлага үүнтэй хүйн холбоотой.
Энэ удаагийн Ард түмэн Та-Хаан форумыг “сахилга, хариуцлага” гэсэн малгай дор зохион байгуулж байгаа нь тохиолдлын хэрэг биш ээ. Бид “сахилга, хариуцлага” гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс юм гэж үзэж, сахилга хариуцлага суларснаас чухам ямар хор хохирол нийгэмд учирч байна вэ, эдгээр хүчин зүйлийг зөв зохистой хэрэглэж чадвал ямар их ашиг тус өгөх вэ гэдгийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хүрээнд тал талаас нь жишээ баримт гарган ярилцаж, улсын хэмжээнд ойрын үед хийх ажлын талаар холбогдох талуудад үр нөлөөтэй, үнэ цэнэтэй зөвлөмж өгч чадна гэж найдаж байна.
Ийм учир шалтгаанаар өнөөдрийн форумд тавих илтгэлээ “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэж нэрлэж энэ асуудлыг тойруулж ярихаар шийдсэн юм. Үүнийг та бүхэн “хүнийг дэглэх” гэдэг утгаар бус, харин сахилга хариуцлагыг нийгмийн бүх хүрээнд дээшлүүлэх, өвөг дээдсээс өвлүүлж ирсэн төрт ёсны их өв уламжлал, эдүгээ дэлхий дахиныг хошуучлан манлайлж яваа тэргүүний хөгжилтэй улс орнуудын ололт амжилт, бодит туршлага, сургамжтай холбон ойлгож шүүн ярилцаж, ажил хэрэгч санал санаачлага гаргахыг хүсье.
1. Сахилга, хариуцлагыг өндөржүүлэх шаардлага
Юуны өмнө сахилга, хариуцлага гэж чухам юу юм бэ, энэ хүрээнд юуг ойлгох ёстой вэ гэдэг талаар өөрт олдсон мэдээллийн хүрээнд хэдэн зүйлийг тоймлон хэлье.
Ардчилсан нийгмийн тогтолцоо, зах зээлийн харилцааны орчинд улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахуун гэсэн дөрвөн том тохируулга, зохицуулалт үйлчилж байдаг. Албан тушаал, ашиг орлого, баян ядуугаараа хувь хүмүүс өөр өөр байдаг ч нийгмийн дунд иргэнийхээ хувьд эдлэх эрх, хүлээх хариуцлагаараа ижил тэнцүү байх, бусадтай тэгш харьцах боломжийг ёс суртахууны зохицуулалт олгож байдаг. Тэгвэл нийгмийн хүрээнд хууль тогтоомж болон ёс суртахууны тогтсон хэм хэмжээг сахилга гэж тодорхойлсон байдаг.
Сахилга бол дэг журмыг сахин мөрдөх хэм хэмжээгээр илрэх бөгөөд нийгмийн урагшлах хөдөлгөөнийг түргэтгэх асар их нөөц болдог. Өөрөөр хэлбэл, эрхэлсэн ажлынхаа төлөө төр, төрийн бус, ашгийн төлөө бизнесийн байгууллагын бүх шатны боловсон хүчний ухамсартай сахилгыг бэхжүүлэн, хариуцлагыг дээшлүүлж зохион байгуулалт, ажил хэрэгч хандлагыг хэвшүүлэн тогтоож чадах аваас хүнд суртал, авлига, хээл хахууль арилж, цаг ашиглалтын үр өгөөж сайжирч, ажлын бүтээмж, чанар, үр ашиг нэмэгдэх нь зайлшгүй. Энэ нь эргээд хөгжлийн хүчтэй хурдасгуур болно.
Их эзэн Чингис хаан тухайн үедээ ”Гэрээ аятай дэгтэй байлгаж чаддаг хүн бүр хувь нутгаа ч аятай дэгтэй байлгаж чадна” гэж сургаж байсны зэрэгцээ түүний баримталсан ёс суртахууны зарчим нь тэргүүн ээлжинд шударга байдлыг ямагт дээдлэх, хүн, ардыг амар түвшин байлгахаар төр, улсын ажлыг явуулах, хулгай дээрэм, худал хуурмаг, ов мэх, архидан согтуурлыг үл тэвчих зэрэг одоо ч чухал ач холбогдол бүхий зөв хандлагатай байсныг түүхийн эх сурвалжууд гэрчилнэ.
Тэрчлэн хүн бүр юуны өмнө гэр бүл, байгууллага хамт олон, улс орныхоо өмнө хариуцлага хүлээдэг. Энэ бүхнийг нийтэд нь нийгмийн хариуцлагад хамааруулан ойлгож болно. Хариуцлага нь ажил үүргээ хариуцан биелүүлэх, харилцан тайлагнах, хариуцлага хүлээх, хүлээлгэх чадвар юм. Хууль бус, нийтийн ашиг сонирхолд харшилсан үйлдэл хийхээс татгалзах, ёс суртахууны үүргээ гүйцэтгэх чадвар ч бас хариуцлага мөн.
Тэгвэл өнөөдөр манайд сахилга, хариуцлага чухам ямар байгаа билээ гэж бүгдээрээ нэг эргэцүүлээд үзье.
Сүүлийн хорь гаруй жилд Монгол улсад сахилга, хариуцлага төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн төвшинд алдран суларч эцэстээ нийгмийг дотроос нь идэн доройтуулах, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц нөхцөл, хүчин зүйл болоод байна. Хэдийгээр тооцон гаргахад төвөгтэй байж болох ч чухамдаа манайд тал хээрийн түймэр шиг, нийслэлийн өвөл цагийн их утаа май шиг, орхигдож атаршсан тариалангийн талбайн хог ургамал шиг хот хөдөөгүй тархсан сахилга хариуцлагагүйн “зуд”, учруулж байгаа хор уршгаараа эдгээрээс хэд дахин давж байгаа нь тодорхой. Чухамдаа албан тушаалтан, хувь хүний сахилга хариуцлагагүй байдлаас нийгэмд дэг журам алдагдаж, эдийн засгийн сүлжээнд хэдэн арван их наяд төгрөгөөр тооцогдох хохирол гараад зогсохгүй, эх орны онгон дагшин байгаль сүйдэж, ус мөрөн үй олноороо хатан ширгэж, ойн нөөц сэглэгдэж, зөвхөн Монголд л үлдэж Улаан номд орсон олон ан амьтан, ховор үнэт ургамлууд устах аюул нүүрлэж, тэр байтугай эрдэнэт хүний алтан амь эрсдэх тохиолдол ч цөөнгүй гарах боллоо. Үүнийг нотлох цөөн хэдэн жишээ хэлье.
Хувийн болон төрийн өмчид гэмт хэргийн улмаас учирсан энэ хохирлын мөнгөөр 640 хүүхдийн суудалтай 90 сургууль, эсхүл 15 ортой 205 эмнэлэг, нэг бол 50 ортой 102 төрөх эмнэлэг, эсхүл 150 ортой 205 цэцэрлэг барих боломжтой байжээ.
Үндэсний статистикийн мэдээнээс харвал 2008-2012 онд 5 жилийн дотор гэмт хэргийн улмаас 226,6 тэрбум төгрөгийн хохирол нийгэмд учирч, 100 мянга шахам иргэн хохирсон байна. Хувийн болон төрийн өмчид гэмт хэргийн улмаас учирсан энэ хохирлын мөнгөөр 640 хүүхдийн суудалтай 90 сургууль, эсхүл 15 ортой 205 эмнэлэг, нэг бол 50 ортой 102 төрөх эмнэлэг, эсхүл 150 ортой 205 цэцэрлэг барих боломжтой байжээ.
Улсын хэмжээнд дээрх хугацаанд 102188 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 33762, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 8100, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 45591, хүүхэд, гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 2000 гаруй гарчээ. Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 5823 хүн амь насаа алдсаны дотор хүнийг санаатай алах гэмт хэргийн улмаас 3327 хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас олон хүн 1687 хүн хорвоог орхижээ.
Одоогийн байдлаар зөвхөн алт олборлох уул уурхайн аж ахуйн нэгж, иргэдийн хууль бус үйл ажиллагааны уршгаар Монгол орны 15 аймгийн 56 суманд 4000 орчим га талбай сүйтгэгдээд байна. Тэдний байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ 1.16 их наяд төгрөг болсныг БОНХЯ-ынхан тооцон гаргажээ. Зөвхөн энэ хэдхэн тоо л нийгмийн дэг журам алдагдаж, ёс суртахууны доройтол ихсэж байгаа нь бидний хөгжилд ямар их саад тотгор учруулж байгааг харуулж байна.
Сахилга, хариуцлага ингэж уруудаж доройтсныг ярихдаа би аль нэг улс төрийн хүчин, хэн нэгнийг буруутгаж яллах зорилго тавиагүй гэдгийг ил тод хэлэх ёстой. Харин сахилга хариуцлага суларснаас ард олны дунд төр засаг, ирээдүйд итгэх итгэл алдарч улмаар энэ бүхнийг засч залруулах бурхны ч юм уу далдын ид шид байдаг болоосой гэсэн хүлээлт, ил далд бухимдал газар авч байгаа тул олны анхааралд толилуулж, хаана хаанаа сахилга хариуцлагыг дээшлүүлэхийн төлөө хатуу ширүүн тэмцэл өрнүүлэх цаг болсон гэж үзэж энэ асуудлыг босгон тавьж байгаа юм.
Монголын нийгэмд сахилга хариуцлагагүйн “зуд” сүүлийн нэг хоёрхон жилд, тэр ч байтугай тав, арван жилд ч нүүрлэсэн юм биш ээ. Социалист тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн шилжилтийн эхний он жилүүдээс эхлээд хүний эрх тэгш байдал, эрх чөлөө, шудрага ёс гэгчлэн ардчиллын үнэт зүйлсийн мөн чанарыг нийтэд ойлгуулж төлөвшүүлж чадаагүйн зэрэгцээ ахмад үеийнхнийхээ хөлс хүч, зүтгэлээрээ олон арван жилийн турш бүтээн босгосон үнэт хөрөнгө баялгийг хувьсгалын далбаан дор бусниулан сүйтгэж, улс орны оюун билэгийн сор болсон өндөр боловсрол мэдлэгтэй, чадварлаг дайчин мэргэжилтэй боловсон хүчнийг мянга мянгаар нь гудамжинд гарган ажилгүй болгосноос зарим нэг ухамсар, хүмүүжил дорой хүмүүс хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй, танил талтай бол юу ч хийж, яаж ч болох мэт ойлгож ааш араншин гаргах болж, ёс суртахууны эрхэм нандин чанараа алдаж юунд ч хамааралгүй, хэнд ч захирагдахгүй дур зоргоороо авирлах болсноос энэ бүхэн улбаалан хөгжсөөр өнөө хүрч байна.
Ийнхүү сахилга хариуцлагын асуудлыг хөндөхдөө би өөрийн эрхлэх ажил үүргийн хүрээнд хамрагдаж байгаа Засгийн газрын зургаан Агентлагийн шугамаар хийгдсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ, мөн эрх бүхий төрийн зарим байгууллагын гаргасан тайлан, дүгнэлт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тодорхой болсон жишээ баримтад тулгуурлан төв, орон нутгийн төрийн байгууллага, албан тушаалтны төвшинд байдал ямар байна вэ, аж ахуйн нэгж буюу бизнесийн ажил үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын төвшинд ямар байгаа, мөн хувь хүн, иргэний төвшин дэх сахилга хариуцлагын байдал ямар байгаа талаар задлаж ярих нь зүйтэй гэж үзэж байна.
2. Төрийн байгууллагын түвшин дэх сахилга хариуцлага
Энэ асуудлыг бага зэрэг тодруулахын тулд төрийн байгууллагын шудрага байдал гэдэг цогц ойлголтыг хөндөж үзэх хэрэгтэй болно. Төрийн байгууллага, албан тушаалтны 1-рт хууль дээдлэх, 2-т хариуцлага, ёс зүйтэй байх, 3-т ил тод байх, 4-т иргэдийн итгэл даах, 5-д төрийн үйлчилгээ хүртээмжтэй байх гэсэн үндсэн таван шалгуур нь төрийн байгууллагын шударга байдал буюу төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах, эрх мэдэл, чиг үүргээ хэрэгжүүлэх явдлын нэгдмэл шинжийг илэрхийлдэг.
Эдгээрийн цаана төрийн байгууллага, албан тушаалтан үйл ажиллагаандаа хуулийг мөрдөх, төрийн албан хаагчдын иргэдтэй харилцах хандлага, зан төлөв төвшин, хүнд сурталгүй байх, үйл ажиллагаа, шийдвэр нь ил тод байх, аливаа асуудалд алагчлалгүй тэгш хандаж шудрага шийдвэрлэх, иргэдэд шуурхай, хүртээмжтэй үйлчлэх ёстой гэсэн тулгуур зарчим агуулагдаж байдаг аж.
Чухам ингэж ажиллаж байж л төрийн байгууллага хуулийн дагуу ажилладаг гэдэгт Иргэд хэмээх ХААН итгэдэг болох, төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрт сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэнэ. Энэ шалгуурыг өнөөгийн төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, ажил үүргээ гүйцэтгэж байгаа хандлага дээр тавиад үзэхэд тун ч тааруухан дүр зураг харагдана.
Авилгатай тэмцэх газрын /АТГ/ Судалгаа Шинжилгээний Албанаас эрхлэн төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын дунд явуулсан “Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх” туршилт судалгааны үр дүнгийн тайлангаас үзэхэд дээр дурдсан шалгуур үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан төрийн байгууллагуудын дунджаар шудрага байдлын түвшин ердөө 46 хувь байжээ. Энэ бол төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлага сахилгын байдалд Ард түмэн / Хаан / дундаас доогуур дүн өгч байгаагийн тод нотолгоо мөн.
Хамгийн сайн нь буюу ерөнхий боловсролын сургуулиуд шудрага байдлын түвшингээр 57.7 хувь, удаад нь хөдөлмөр халамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд 56.2 хувийн үнэлгээ авч байхад хамгийн хангалтгүй нь болох Шүүхийн байгууллага 33. 6 хувийн, Цагдаагийн байгууллага 31.7 хувийн, Газрын алба ердөө 20.3 хувийн үнэлгээ авч шудрага байдлын түвшингээр сүүл мушгиж явна.
Иргэдэд хамгийн ойр байж олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг сум, дүүргийн Засаг даргын тамгын газрууд дунждаар 54.7, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар шудрага байдлын түвшингээр 48.7 хувийн үнэлэмж авсан нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Төрийн албан хаагчдаас нийгмийн өмнө, албаны болоод хүнийхээ хувьд үүргээ биелүүлэхдээ хүлээх хариуцлага нь гагцхүү зан суртахуунаар нь илэрдэг байна.
Гэтэл ард түмэнд үйлчлэх ёстой төрийн бүх шатны байгууллага ялангуяа орон нутагт албан хаагчид нь цагтаа цугларч ирдэггүй, ирсэн нэг нь асуудал шийдвэрлэх чадваргүй, иргэдийн асуулт, хүсэлтэд хариу өгөхөөс бултан зайлах, дахин дахин явуулж чирэгдэл учруулах, эсхүл цоожтой хаалга, эзэнгүй сандал ширээг горьдлого тээсэн нүдээр харан олон цагаар хүлээн суухад хүргэж тэдний ундууцал бухимдлыг өдөөдөг явдал нийтлэг шинжтэй болжээ.
Төрийн байгууллагад хууль сахиулдаггүй, өөрсдөө ч хэрэгжүүлдэггүй, шүүмжлэл, алдаа дутагдалд дөжирсөн, дүлий дүмбэ байдлаар ханддаг байдал газар авчээ. Би үүнийг ярихдаа төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны ажил бүтээл, үйл ажиллагааг үгүйсгэн, харлуулах зорилт огтхон ч тавиагүй, харин түгээмэл болсон сахилга хариуцлагагүй байдлын шалтгаан, үр дагаварыг дэлгэж нийгэмд дэгтэй журамтай байх эхлэл хандлагыг бий болгохыг чухалчилж байгаа юм.
Зан суртахуунаар дорой хүн төрийн албанд олшрох нь хамт олны ёс суртахуунд ноцтой нөлөөлдөг. Үүний дотор хов жив хөөцөлдөх, бялдуучлах, үгүй бол дураараа авирлах, танхайрах зэрэг нь хамт олныг төдийгүй нийгмийг хордуулах ноцтой үр дагаварт хүргэдэг. Ямар ч муу засаглал төрийн албан хаагчдыг оюун санаа, зан суртахуунаар доройтуулах, эвдэх бодлого явуулдаггүй, харин “муу хүмүүс засгийг эвддэг” гэж үздэг.
Төрийн хууль, тогтоомжийн биелэлт үнэхээр муу байгааг хот хөдөөгүй ярьж бас бичсээр байна. Олон түмний дотор ч ийм ойлголт баттай суужээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд байгалийн нөөц баялаг, газар, ус ашиглалт хамгаалалтыг сайжруулахтай холбоотой 7 хуулийн холбогдох заалтын хэрэгжилт дунджаар дөнгөж 37.2 хувьтай, хот суурин газрын цэвэрлэх байгууламж болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой 9 хуулийн холбогдох заалтын биелэлт дунджаар 58.2 хувь, геологи, уул уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй холбоотой 12 хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт дунджаар 64.7 хувийн биелэлттэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл нийтээр дагаж мөрдөх хуулийн заалтуудын 35.3-62.8 хувь нь хэрэгжихгүй байна гэсэн үг.
Хүнд суртал гаргах нь хээл хахууль оршин байхын үндэс, төрийн албан хаагчийн мэдлэг чадвар дутмаг байх нь иргэд, үйлчлүүлэгчидтэй соёлгүй, ёс зүйгүй харьцах үндэс болдог байна.Түүнчлэн төрийн албан хаагчдад хандан хууль бус саналыг хамгийн их буюу 22.1 %-ийг иргэд, үйлчлүүлэгчдийн зүгээс, 13.9%-ийг бизнес эрхлэгчдээс, 13.1%-ийг улс төрийн намаас, 10.2 хувийг харилцагч байгууллагаас тавьдаг болохыг Иргэдээс авсан анкетийн судалгааны дүн харуулж байна.
Мөн судалгааны дүнгээр төрийн албан хаагчдад тавигдах шалгуурт шударга, ёс суртахууны хүмүүжилтэй байхыг судалгаанд хамрагдсан иргэдийн хамгийн олонх буюу 60.1 хувь, ард түмний эрх ашгийг дээдэлдэг байхыг 60.2 хувь, хууль ёсыг дээдэлдэг байхыг 54.1 хувь, өндөр мэдлэг, ур чадвартай байхыг 52.9 хувь нь санал болгосон байна. Эндээс харахад шударга, ёс зүйтэй байх, ард түмэндээ үйлчилдэг байхыг л иргэд төрийн албан хаагчдаас илүүтэй хүсэж байна.
3. Бизнес эрхлэгчид буюу Компаний нийгмийн хариуцлагын тухайд
Бизнесийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр эрчимтэй ярьж, бизнес зөвхөн ашгийн төлөө байх ёсгүй гэж үзэх болов. Чухамдаа дэлхий дахинаа компанийн нийгмийн хариуцлага (КНХ) гэх нэр томъёог хэрэглээд 30 гаруй жил болжээ. Харин энэ талаарх ойлголт манайд ердөө эхлэл төдий гэхэд болно. КНХ гэдэг их өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хамгийн товчоор хэлэхэд улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад тэдгээрийн оруулах хувь нэмрийг нийгмийн хариуцлага гэдэг.
Нийгмийн хариуцлагаа дээрх бүрэн утгаар нь ойлгосон компани л ил тод, нээлттэй, нийгэм, байгаль орчин, эдийн засгийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж хөдөлмөрийн, санхүүгийн, технологийн, гэрээний зэрэг бизнесийн сахилгыг сахих, үүрэг, хариуцлага, эрхийн нэгдлийг ханган ажиллах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах болон бусад хариуцлага хүлээнэ.
Бизнесийн байгууллагынхны сахих ёстой сахилгуудын үндэс нь хөдөлмөрийн сахилга юм. Энэ нь хөдөлмөрийн дотоод дэг журмыг мөрдөх, эрхэлсэн ажилдаа бүтээлч хандах, чанарыг эрхэмлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах явдал байдаг. Манайд компаниудын нийгмийн хариуцлага сайн биш байна. Ер нь компаний нийгмийн хариуцлагыг эмзэг бүлгийн хүмүүст гурил, будаа тараах, асрамжийн газрын болон өнчин хүүхдүүдэд хандив тусламж өгөх , сайндаа л олон нийтийн зарим арга хэмжээг ивээн тэтгэх төдийгээр ойлгож өөрсдийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилахаас хэтрэхгүй байгаа гэж хэлж болно.
Гэтэл сүүлийн 10 жилд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас 3917 удаа үйлдвэрийн осол гарч, 4354 хүн өртөж, 878 хүн нас барж, 697 хүн тахир дутуу болжээ. Эндээс харахад үйлдвэрлэлийн ослоор жилд бараг 90 шахам хүн нас барж байгаа нь цөөн хүн амтай манай орны хувьд зайлшгүй анхаарал татсан хурц асуудлын нэг болоод байна. Тэрчлэн дээрх хугацаанд 136 удаа химийн хорт бодис алдагдаж, 56 га талбай бохирдсон байна. Аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр 18226 га газар эвдрэлд орсноос гадна нөхөн сэргээлт хийгдээгүй 54137 га газар байна. Энэ бүхэн аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид хууль, тогтоомжийг үл тоомсорлож, хэрэгжүүлэхгүй байгаагийн нэг нотолгоо юм.
Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө, олон улсын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөрөнгө оруулалтын тендерт ялсан олон аж ахуйн нэгж гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлдэггүйгээс татвар төлөгчдийн халааснаас гарсан асар их мөнгийг үрэн таран болгох, үнэгүйдүүлэх, үр ашгийг бууруулах байдалд хүргэж байна. Тухайлбал, 2007 оноос хойш нийгмийн чиглэлийн барилга байгууламжийн тендерт шалгарсан компаниуд ажлаа гэрээний хугацаанд хийж гүйцэтгээгүйгээс 109 объектийг олон жил дамнуулан анхны төсөвт өртгийг дунджаар 2 дахин хэтрүүлсэн, зарим нэг барилга дээр энэ нь бүр 12.5 дахин өссөн тохиолдол ч байна. Эдгээр 109 объектоос Урагшлах ХХК 4, Нийслэл өргөө ХХК 3, Заг ХХК, Чандмань тал ХХК, Их үен ХХК, Хөвсгөл геологи ХХК тус бүр 2 тендерт шалгарч гэрээ байгуулжээ. Зөвхөн эдгээр 6 компанийн гүйцэтгэх ёстой ажил дээрх 109 объектийн хөрөнгө оруулалтын нийт төсөвт өртгийн дөрөвний нэг гаруй хувийг эзэлж байгаа юм.
Саяхан МХЕГ-аас Монгол Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр шинээр баригдаж байгаа авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралтын ажилд хийсэн шалгалтын дүнгээс харахад зураг төслийг зохих журам, стандартын дагуу боловсруулж, хянуулж баталгаажуулаагүй зөрчил 30, барилгын ажлын технологийн зөрчил 72, барилгын материалын чанар стандартын шаардлага хангахгүй байгаа зөрчил 36, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй зөрчил 17 илэрсэн байна. Зөрчлийн шинж байдлыг нь аваад үзвэл асар өндөр төсөвт өртөгтэй эдгээр барилга байгууламжийг хугацаанд нь барих, барилгын чанар, аюулгүй байдлыг хангахад ажил хэрэгч сэтгэл гаргаагүй, компаний ашгаа гол болгож ажлын чанарыг алдагдуулсан зэрэг нэн даруй засаж арилгах шаардлагатай ноцтой зөрчлүүд байгаа нь хэн бүхний сэтгэлийг эмзэглүүлж байна.
Хамгийн ноцтой нь эдгээр ажилд техникийн хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн 33 инженер 39 объектод хяналт шалгалтыг ойролцоогоор барилга угсралтын ажлын төсөвт өртөгийн 1.7 хувийн буюу 4.9 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр гүйцэтгэдэг байхад харин эдгээр барилга байгууламжийн зөвлөх 14 компани нь барилга угсралтын ажлын төсөвт өртөгийн 4-6 хувийн буюу 22.9 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хяналтыг гүйцэтгэж байгаа атлаа иймэрхүү ажил хийлгээд сууцгааж байгаа нь дэндүү хариуцлагагүй байгааг л харуулж байгаа хэрэг.
Бизнес эрхлэгч компани, аж ахуйн нэгжүүд зөвхөн ашиг хонжооны хойноос улайран хөөцөлдөж бараа, ажил үйлчилгээнийхээ үнэ хөлсийг үндэслэлгүйгээр хөөрөгдөж байгаагийн дотор үгсэн хуйвалдаж ХААН болсон хэрэглэгч ард түмнийхээ халаас руу гараа оруулах явдал цөөнгүй гарах боллоо. ШӨХТГ- ын тайлангаас үзэхэд өнгөрсөн онд гэхэд Барс, Нарантуул, Хүчит шонхор захууд үндэслэлгүйгээр бараа, үйлчилгээний үнийг нэмснээс гадна нефьт импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмэгдүүлсэн, МУИС, МУБИС, ЭМШУИС, ХААИС, ШУТИС, СУИС-иуд нь оюутны сургалтын төлбөрийг хэлэлцэн тохирч нэмэгдүүлсэн, “МИАТ” ХХК аялал жуулчлалын компаниудтай үгсэн хуйвалдаж зах зээлийг хязгаарласан үйл ажиллагаа явуулж байжээ.
Энэ мэтчилэн хувийн хэвшлийн салбараас нийгэмд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний чанар хангалтгүй, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхгүй байгаа дутагдлыг захаас аван тоочоод байвал барагдахааргүй их байна. Гэхдээ үүгээр би бүх компаниудын ажил, үйл ажиллагааг болохгүй бүтэхгүй байгаа гэж хэлэх гээгүй. Нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлаж улс орон бүс нутгийн эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа олон бий.
Компани хариуцлагатай байгаагийн хамгийн чухал үзүүлэлт нь хамтран ажиллагч, хэрэглэгчид, олон нийтэд тайлангаа үнэн зөвөөр мэдээлэх явдал байдаг. Иймээс ч гаднын томоохон бизнесийн байгууллага, компаниуд КНХ буюу тогтвортой хөгжлийн талаарх тайлангаа тогтмол мэдээлдэг. Ингэснээр тэдний нэр хүнд, орлого өсөж байдаг байна.
КНХ-ыг Монголд хөгжүүлэхийн тулд МҮХАҮТ-аас тодорхой үйл ажиллагаа явуулж холбогдох судалгаа хийдэг байна. Тус байгууллагын судалгаанд нийт 256 компани, хувь хүн хамрагджээ. Манай компаниудын 66.6 хувь КНХ-ын буюу үүнтэй ижил төстэй тайлан гаргадгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Монголын аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх сонирхолтой байгааг эндээс харж болохоор байна.
ДНБ-ий 70 гаруй хувийг бий болгодог хувийн хэвшлийнхэн орлогынхоо тодорхой хэсгийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд зарцуулдаг байна. "АПУ" Хувьцаат Компани, “Мобиком” корпораци, “Эрдэнэт” үйлдвэр, “Хаан банк” зэрэг цөөн тооны байгууллага нийгмийн хариуцлагын тусгай төлөвлөгөөтэй ажилладаг ажээ. Зөвхөн томууд биш, ямар чиглэлд үйл ажиллагаа явуулж буйгаас хамааралгүйгээр аж ахуйн нэгжүүд нийгэмд хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэх ёстой. Тусгайлан мөнгө зарцуулаагүй ч өөрийн үйл ажиллагааг шударгаар явуулж, хэрэглэгч, байгаль орчинд ямар нэг хохирол учруулаагүй байвал хариуцлагаа тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж байна гэсэн үг. КНХ-ыг хэрэгжүүлэх ажил тухайн байгууллагын удирдлагаас ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл, КНХ нь доороос гарсан санаачилгаар бус, дээрээс гарсан шийдвэрээр хэрэгжинэ гэсэн үг.
Төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүдийн сүүлийн гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 37 аж ахуй алдагдалтай ажиллаж байгаагийн дотор нэг тэрбум төгрөгөөс дээш алдагдалтай ажилласан 14 компани байна. Энэ 14 компани нийтдээ 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн дүн гарчээ. Эдгээр компаниудын алдагдалтай ажилласан шалтгаан нь компанийн дотоод ажлын төлөвлөлт, хөрөнгийн менежмент, санхүүгийн сахилга зөрчсөнтэй холбоотой.
Сахилга, хариуцлагын талаар Төрийн өмчийн компаниуд нийгэмд сайнаар биш саараар “манлайлах болсон”-ыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ бол маш ноцтой зөрчил.
Төр нь муу ажилласан албан тушаалтандаа бас хариуцлага тооцдог байх ёстой. Хууль, тогтоомжид ч ингэж заасан. Гэтэл энэ асуудлыг хариуцан ажиллаж байгаа Төрийн өмчийн хороо өнгөрсөн жилүүдэд юу хийж байв аа гэдэг дээр Хаан болсон ард түмэн хариу нэхэх ч, шаардах ч эрхтэй.
Шахааны бизнес цэцэглүүлдэг, гадна, дотны аж ахуйн нэгж байгууллагад төрийн өмчөөр барьцаалан зээлийн баталгаа гаргаж өгсөн, төрийн өмчийн компаний нэрээр олон тэрбум төгрөг хууль бусаар ашиглаж завшсан, алдагдалтай ажиллуулж төрийн өмчийг үнэгүйдүүлдэг, дараа нь түүнийгээ хууль бус аргаар хувьчилж авдаг гэх мэтээр болохгүй бүтэхгүй бүх зүйлд төрийн өмчит компаниуд муу үлгэр жишээгээр хошуучилж байгаад асуудал хариуцсан төрийн эрх барих дээд байгууллагууд онцгойлон анхаарч дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Төрийн өмчийн хороо энэ чигт хийж эхэлж байгаа ажлаа улам далайцтай эрчимтэй болгох хэрэгтэй.
Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйл ажиллагаагаа байгаль орчинд хор хөнөөлгүй, ээлтэйгээр эрхлэх, хэрэглэгчдийг хуурахгүй байх, тэдний эрх ашгийг дээдлэн хамгаалах, ил тод, шударга өрсөлдөх, зар сурталчилгааг бодитой явуулах, ажиллагсдыг хөгжүүлэх, ажлын байрны аюул, эрсдэлгүй таатай нөхцөлөөр хангах, ашгийг эцсийн, цорын ганц зорилгоо болгохгүй байх нь компанийн нийгмийн хариуцлага мөн. Богино хугацаанд, ямар ч хамаагүй арга замаар их ашиг олохын төлөө явах нь өнөөгийн бизнес эрхлэгчдийн ёс суртахуунд хамгийн их аюул учруулж байгаа зүйл билээ.
4. Иргэн, хувь хүний сахилга хариуцлага
Бүхнийг хамран тэлсээр байгаа өнөөгийн даяаршил, дэлхий нийтийн хандлагад зохицож, ёс суртахууны нандин өв уламжлалаа хадгалан Монгол хүн монголоороо үлдэх, нийгэмд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд бидний “ХААН”-д өргөмжилсөн олон түмэн ард, иргэний оролцоо маш чухал хүчин зүйл болно. Эдүгээ Монгол хүний зан суртахуунд уламжлалыг сэргээх нэрээр халхавчилсан мухар сүсэг, муу дадал заншил, өмч хөрөнгө, мөнгөний хойноос улайрсан шунал, хэрэглээний соёлгүй байдал, зугаа цэнгэлийн мөрөөсөл, урлагийн утга учиргүй марзан үзүүлбэр, гүтгэлэг, цуурхал, архидалт, завхайрал, мансуурал зэрэг олон зүйлс сөргөөр нөлөөлөх болов.
Үнэндээ иргэн, хувь хүн Таны өөрийн залхуу хойрго байдал, бүхнийг бусдаар гүйцэтгүүлж, бэлтгүүлж авах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ, би л болж байвал бусад нь хамаагүй гэх аминчхан үзэл, зөвхөн эдлэх эрхээ мэдэх атлаа бусдын төлөө, залгамж хойч үеийхээ өмнө хүлээх үүрэг бас байдаг гэдгээ ухамсарлаагүй ахархан бодол газар сайгүй сахилга хариуцлагагүй байдлыг өөгшүүлэх иш үндэс болж байна гэдэгтэй маргах хүн байхгүй гэж бодож байна.
Иргэдийн ийнхүү бэлэнчлэх сэтгэлгээний цаламд орох болсонд улс төрийн намуудын он он дамжсан үр дүнгүй амлалт нийгмийг бүхэлд нь хавтгайруулан хамааруулж байгаа тэтгэлэг тэтгэмж их түлхэц болсныг зориуд хэлэх нь зүйтэй.
Нэг иргэний хариуцлагагүй, сахилгагүй байдлаас болоод жилийн жилд ой хээрийн хэдэн арван түймэр гарч нийгэмд үнэлж баршгүй их хохирол учруулах нь бий. Ашиг хонжоо хөөсөн цөөн хэдэн хүн хүчит техник, хурдан бууны ид хаваар гайхуулж үнэг, тарваганаас эхлээд баавгай, чоно, хандгай буга, бөхөн гөрөөс, цагаан зээр, аргал, янгир, хавтгай, хулан хүртэл хядаж энэ насандаа битгий хэл эргэх насандаа ч дааж давашгүй нүгэл хурааж явна.
Хамгийн наад зах нь гэхэд агаар салхинд гарч, амарч зугаалж явахдаа хээрийн хоймор завилж суугаад идэж ууж, хангинатал дуулж, харжиганатал инээж хөхөрч, наргиж наргичихаад босоод явахдаа онгорхой лааз, хагархай лонх, хувхай яс, нийлэг цаасан уут сав энд тэндгүй хөглөрүүлж хаяад явцгаах нь зуршил болж байна. Гол усны хөвөө, зүлэг ширэг, ойн цоорхой зэрэг аль сайхан,онгон тансаг сэтгэл татам газар байх тутам тэнд хамгийн их бохирдол бий болж байгааг харсан нутаг ус, байгаль дэлхийдээ хайртай Монгол хүн бүр “энэ хог бохирдлыг хэнийг цэвэрлэ гэж, хэнд найдаж орхиж байгаа юм бол” гэж нүдэндээ нулимстай, зүрхэндээ эмзэглэлтэй шогшорч явцгаана.
Нийслэл, хот сууринд ч ялгаагүй хаа дуртай газраа “морь харж”, нус цээрээ хаяж, хог бохироо цацаж байх нь энүүхэнд. Энэ бүхнийг харсан, мэдсэн нэг нь хараагүй, мэдээгүй царайлж, өнөөдөр өөрийн толгой л бүтэн байвал галав юүлсэн ч хамаагүй гэсэн байдлаар хэлгүй дүлий мэт хажуугаар нь өнгөрөх болжээ. Энэ бүхэн Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ цөөнгүй иргэн сахин биелүүлэхгүй байгаа, нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг туйлын ноцтой зөрчиж буйгийн үр дагавар гэхээс өөр юу гэх вэ.
Ийм нөхцөлд хувь хүн, иргэний хувьд, “Хүн шиг хүн байх”, өрх гэр нь “Айл шиг айл байх” гэдэг эцэг өвгөдийн уламжлалт хэв заншил, ёс суртахууны үнэлэмжийг нийгэмд сэргээн хөгжүүлэх нь чухал байна.
Эдгээр нь гэр бүлийн гишүүд зөв үзэл бодолтой, зөв зам мөртэй, амьдрах арга ухаанаа зөв олсон, өрхийн орлогоо зөв шударгаар бүрдүүлж чаддаг, олсон орлогоо ухаалаг зарцуулж чаддаг, хэмнэлттэй, зохистой зөв хэрэглээ, амьдралын зөв дадал зуршлыг хэвшүүлсэн, үр хүүхдээ зөв хүмүүжүүлдэг, өөрсдөө үр хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлдэг, бусад хэн нэгэнд хувь заяагаа даатгадаггүй, амьдралаа өөрсдөө аваад явж чаддаг тийм л иргэн, айл өрхийг хэлж байна.
Энэ мэт иргэний үүрэг, сахилга хариуцлагын талаар олныг ярьж болох ч бид энэ онд “ХААН”-д үйлчлэх ёстой төрийн байгууллага, аж ахуйн нэгж, компаний сахилга хариуцлагын хүрээнд голчлон ярилцаж нэгдсэн ойлголт, шийдэлд хүрье гэж бодсон болохоор энэ тухай яриаг ингээд хязгаарлая.
5. Дэвшүүлэх асуудал, тавих зорилт
Миний дээр ярьсан дүгнэлт, жишээ баримтууд манай нийгэмд сахилга хариуцлага хэрхэн доройтож, ямар их задгайрал, дэг журамгүй байдал ноёлох болсныг харуулж байна. Эндээс одоо тэгээд яавал зохилтой вэ гэсэн асуулт аяндаа тавигдана. Энэ асуултын хариуг олохын тулд л манай энэ удаагийн форум “сахилга, хариуцлагын асуудал”-ыг хэлэлцэж байгаа билээ.
Форумын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн, иргэний нийгмийн, төрийн байгууллага, ард иргэдийн төлөөлөл аль аль нь эн тэнцүүхэн оролцож байгаа. Иймээс дээрх зөрчил дутагдал, салан задгай, сахилга хариуцлагагүй байдал, эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргадаггүй, бусдын төлөө хариуцлага хүлээх чадвар хомс, зөвхөн “мөнгө цагаан-нүд улаан” гэсэн хувийн ашиг завшааныг урьдал болгон, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй, чанаргүй бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ нийлүүлдэг байдлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, компаний бүх түвшинд хаана хаанаа анхаарч Монголын нийгмийн амьдралаас шахан зайлуулах цаг нэгэнт болжээ.
Төрийн алба гэдэг бол мэдлэггүй, чадваргүй, дадлага туршлагагүй, зүтгэл сэтгэлгүй хэн нэгний дамжин өнгөрөх туршилтын талбай биш, харин эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх өндөр шалгуур, өндөр босготой алба. Иймд төрийн аль ч байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтан ямар нэг улс төрийн байгууллага, хүчний нөлөөнд автдаггүй, хууль стандартыг ягштал мөрддөг, зарчимч шударга, хөнгөн шуурхай, эелдэг даруу, өндөр соёлтой, мэдлэг мэргэжил дадлага туршлагаараа тухайн ажлын байранд тавигдсан шалгуурыг бүрэн хангасан хүн байх ёстой. Ийм байж эс чадваас төрийн албанд зууралдахын хэрэг юун.
Төрийн байгууллагууд, тэнд ажиллаж байгаа албан хаагчдын хувьд “Эх орон, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ хандаж, хариуцсан ажил, асуудалдаа мэдлэг, оюун, хүч хөдөлмөрөө бүрэн зориулж” ажиллах ёстой.
Нийгмийн бүх хүрээнд сахилга хариуцлагыг сайжруулах нь Дэгтэй Монгол болохын хамгийн нөлөөтөй хүчин зүйл болно. Бид Дэгтэй Монгол улсыг цогцлон хөгжүүлснээр Дэлхийд үлгэрлэнэ, манлайлна. Иймд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамрагддаг зургаан агентлагаас эхлээд төр засгийн төв орон нутгын бүх шатны байгууллага, ард түмэнд үйлчилж ашиг орлого олж байгаа бизнесийн хүрээний аж ахуйн нэгж, компаниуд сахилга хариуцлагыг дээшлүүлэхийг тэргүүн зэргийн зорилт болгон дэвшүүлж байна. Үүний тулд дараах хэдэн зорилтыг хэрэгжүүлэхээс гараагаа эхлэх нь зүйтэй гэж үзэж байна.
1. Манай форум энэ асуудлыг нийгмийн бүхий л хүрээнд дэвшүүлэн байгаагийн хувьд 2014 оныг орон даяар “Нийгмийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж ажиллахыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн бүх шатны байгууллага, ард иргэддээ хандан уриалах саналтай байна.
2. Төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага дээшлүүлэх, хөдөлмөрийн цагийг ягштал мөрдөж хэвшихээс эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ажлын цагаар албан тушаалтан, хариуцлагатан, мэргэжилтэн хэн боловч ажлын байраа орхисон, эзгүй үлдээсэн байвал мэдээлдэг, учир шалтгааныг асуудаг, хүндэтгэх шалтгаангүй байвал удирдах дээд шатны албан тушаалтан тухай бүр нь хариуцлага тооцдог болж журамлах хэрэгтэй байна. Хурал, зөвлөгөөн, семинар, уулзалт, ярилцлага зэрэг хамт олон, бүлэг хүмүүсийн оролцоо бүхий арга хэмжээг товлосон цагтаа эхэлж, дуусгадаг болж хэвших нь хамгийн чухал. Цаг баримталдаггүйгээс асар их бүтээн байгуулалт саатаж, урлан бүтээх, сурч боловсрох их нөөц боломж алдагдаж нийгэмд үлэмж хохирол учирч байна.
3. Төрийн байгууллага боловсон хүчнийг нутаг нуга, танил тал, улс төрийн үзэл бодлоор ялгаварлах байр сууринаас ямагт ангид байлгаж авлига хээл хахууль, хүнд сурталгүй үйлчилдэг өндөр мэдлэг мэргэжилтэй ур чадвартай, дадлага туршлагатай, сэтгэл зүтгэлтэй боловсон хүчнээр бэхжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Иймд төрийн албанд шахааны болон тохиолдын хүнийг түр ажиллуулдаг танил тал хардаг явдлыг халж, төрийн албаны шалгалт өгч нөөцөд албан ёсоор бүртгэгдэж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан хүмүүсийг авч ажиллуулдаг болж хэвших хэрэгтэй байна.
4. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай барагдуулах, хэвлэл, мэдээлэлд тухайн байгууллага , албан тушаалтантай холбоотой гарсан шүүмжлэл, иргэдээс ирүүлсэн бичиг захидал, утсаар өгсөн санал хүсэлтийг бүртгэдэг, хэрхэн шийдснээ эргэн мэдээлдэг сүлжээ, журмыг төрийн бүх шатны байгууллагад бий болгож журамлах нь зүйтэй. Шинэчлэлийн Засгийн газрын санаачлан бий болгосон хөдөлмөрчидтэй харилцах 1111 төвөөр дамжин ирж байгаа санал хүсэлтэд ажил хэрэгч шуурхай хандаж баримттай үр бүтээлтэй шийдвэрлэж байхыг УИХ, Засгийн газрын гишүүдээс эхлээд бүх агентлаг, төрийн бүх шатны байгууллагад уриалж байна.
5. Бизнесийн байгууллагад төрийн зүгээс очиж байгаа дарамт, ачааллыг илүү их хөнгөлөх, хяналт, шалгалтын тогтолцоог үндсээр нь өөрчлөх, нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ чанарыг үйлдвэрлэгч, нийлүүлэгч өөрөө хариуцдаг тогтолцоог бий болгохыг санал болгож байна. Энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээр төрийн зохицуулалтын орчин эрс шинэчлэгдэнэ гэж үзэж байна.
6. Төрийн өмчийн болон аж ахуй бизнесийн бүх шатны байгууллага, компаниуд, төрийн бус олон нийтийн байгууллага, мэргэжлийн холбоод өөрөө өөрийгөө хянаж, зохицуулах удирдлага, зохион байгуулалтын болоод хүний нөөцийн чадавхи бүрдүүлэх, үйл ажиллагаандаа эрс өөрчлөлт гаргах, үндэсний болон олон улсын стандарт, ялангуяа тогтолцооны стандартууд, зохистой дадлууд нэвтрүүлэх, дотоод хяналтын системийг бий болгох гэх мэт олон чиглэлийн ажлыг эрчимтэй, далайцтай зохион байгуулж сахилга хариуцлагыг эрс дээшлүүлэхийн төлөө санаачилгатай ажиллацгаая.
7. Иргэд, олон түмний тухайд хувийн хариуцлага, хувийн сахилга гэдэг тун чухал. Манай ард түмэн үүнийг сургахдаа ердөө л “биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээн ямар үе шатаар яаж өсөж дэвжихийг маш ойлгомжтой тодорхой заасан нь буй. Иймд иргэн бүр өөрсдөө хууль ёсыг дээдэлдэг “жудагтай, журамтай хүн” байхын төлөө бие, хэл, сэтгэлээ хянан төвшитгөхийг уриалъя.
8. Өрхийн тэргүүлэгч бүр өөрийн гэр бүлийнхээ төлөө хариуцлага хүлээж, гэр орноо “айл шиг айл” байлгах нь хамгийн чухал байна.Өөрөөр хэлбэл бүх юм нь зөв эхлэлтэй, зөв зам мөртэй байх явдал тэр айл гэрийн аюулгүй байдлын баталгаа нь болох учиртай. Энэ бүхнийг нийгэмд төлөвшүүлэн бэхжүүлэхийн төлөө бүх түвшинд идэвхтэй ажиллахыг Та бүхэнд уриалж байна.