Сахилга хариуцлагагүйн зуд ба Монголын эмгэнэл
Монгол Улсын Шадар сайд Д. Тэрбишдагвын санаачилсан “Ард түмэн Та-Хаан” форумыг өнгөрөгч жил “Хэрэгчлэгчийн эрх ашгийг дээдлэе” сэдвээр анх удаа зохион байгуулсан билээ.
Тэгвэл энэ оны хувьд уг форум 11 дүгээр сарын 7-нд “Сахилга хариуцлага” сэдвийн дор болсон юм. Нэг ёсондоо хэрэглэгчийн хувьд ард түмэн бол Хаан. Гэхдээ Хаан өөрөө ч хариуцлагатай байх ёстой гэдэг асуудлыг хөндсөн гэсэн үг. Өнөөдөр ус агаар шиг үгүйлэгдэж байгаа тулгамдсан хэрэгцээ бол яах аргагүй хариуцлага.
Энэ л агуулгыг уг форумын “автор”-ын нэг Шадар сайд Д. Тэрбишдагва хөндөж “Ийм форумыг бид цуврал болгон жил бүр зохион байгуулахаар бодож төлөвлөж байна. Сахилга хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг Монгол Улсын Шадар сайд миний бие өөрөөсөө, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Агентлагууд, ажлын албанаасаа эхлэн хэрэгжүүлэх юм” хэмээн тунхагласан юм.
“...Сахилга бол дэг журмыг сахин мөрдөх хэм хэмжээгээр илрэх бөгөөд нийгмийн урагшлах хөдөлгөөнийг түргэтгэх асар их нөөц болдог. Өөрөөр хэлбэл, эрхэлсэн ажлынхаа төлөө төр, төрийн бус, ашгийн төлөө бизнесийн байгууллагын бүх шатны боловсон хүчний ухамсартай сахилгыг бэхжүүлэн, хариуцлагыг дээшлүүлж зохион байгуулалт, ажил хэрэгч хандлагыг хэвшүүлэн тогтоож чадах аваас хүнд суртал, авлига, хээл хахууль арилж, цаг ашиглалтын үр өгөөж сайжирч, ажлын бүтээмж, чанар, үр ашиг нэмэгдэх нь зайлшгүй. Энэ нь эргээд хөгжлийн хүчтэй хурдасгуур болно”.
Д. Тэрбишдагвын илтгэлд буй энэ өгүүлбэрүүд их содон сонсогдсон. Нэг ёсондоо сахилга хариуцлагагүй нийгэм, Замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй жолооч хоёр яг адилхан гэсэн санааг илэрхийлээд байгаа хэрэг. Үнэндээ ч улс орон хөгжье, эмх журамдаа оръё, эрсдлийн аюулыг холдуулая гэвэл сахилга хариуцлагаа дээшлүүлж, хүн бүр дор дороо үүрэг хариуцлагаа ухамсарлахаас өөр аргагүй биз ээ. Энэ л санааг олон өнцгөөс нь харж, олон хүний байр суурийг уралдуулан байж хөндсөнд уг форумын ач холбогдол оршино. Монгол Улс дэлхийд манлайлахад сахилга дэг журам л хамгийн чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Тийм ч учраас Шадар сайд илтгэлээ “Дэгтэй Монгол Дэлхийг манлайлна” хэмээн нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш юм.
Ард түмэн та-Хаан үндэсний форум
Тэрээр илтгэлдээсүүлийн 20 гаруй жилд Монгол Улсад сахилга, хариуцлага төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн төвшинд алдран суларч эцэстээ нийгмийг дотроос нь идэн доройтуулах, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц нөхцөл, хүчин зүйл болоод байгааг баримтаар хурцаар шүүмжилж, энэ байдлыг хэрхэн засч залруулах талаар хөндсөн явдал юм.
Сахилга дэг журамгүй байдлаас болоод улс нийгэм, иргэд, байгууллагуудад ямар их хохирол учирсныг “ Үндэсний статистикийн мэдээнээс харвал 2008-2012 онд 5 жилийн дотор гэмт хэргийн улмаас 226,6 тэрбум төгрөгийн хохирол нийгэмд учирч, 100 мянга шахам иргэн хохирсон байна. Хувийн болон төрийн өмчид гэмт хэргийн улмаас учирсан энэ хохирлын мөнгөөр 640 хүүхдийн суудалтай 90 сургууль, нэг бол 50 ортой 102 төрөх эмнэлэг, эсхүл 150 ортой 205 цэцэрлэг барих боломжтой байжээ.
Улсын хэмжээнд дээрх хугацаанд 102188 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 5823 хүн амь насаа алдсаны дотор хүнийг санаатай алах гэмт хэргийн улмаас 3327 хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 1687 хүн хорвоог орхисон байна.
Ард түмэн та-Хаан үндэсний форум
Одоогийн байдлаар зөвхөн алт олборлох уул уурхайн аж ахуйн нэгж, иргэдийн хууль бус үйл ажиллагааны уршгаар Монгол орны 15 аймгийн 56 суманд 4000 орчим га талбай сүйтгэгдээд байна. Тэдний байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ 1.16 их наяд төгрөг болсныг БОНХЯ-ынхан тооцон гаргажээ.
Зөвхөн энэ хэдхэн тоо л нийгмийн дэг журам алдагдаж, ёс суртахууны доройтол ихсэж байгаа нь бидний хөгжилд ямар их саад тотгор учруулж байгааг харуулж байна” хэмээн зориуд онцолжээ. Тиймээс сахилга хариуцлага гэдэг заавал дагаж мөрдөх ёстой нийгмийн хэм хэмжээг орхигдуулснаас ийм их хэмжээний бодит хохирол бидэнд учруулаад байна. Яаралтай засч залруулахгүй бол аюул занал, тоон үзүүлэлтийн хувьд өсөн нэмэгдэхэд ойрхон байгаа нь даанч үнэн.
Нөгөө талаас сүүлийн 20 гаруй жил хүний эрх, эрх чөлөөг тунхаглахдаа сахилга, хариуцлагын асуудлыг хамгийн бага ярьж, орхигдуулж ирсэний хар гайг бид олон зүйлээрээ амсч байна. Энэ бүхнийг засч залруулах цаг хэдийнэ болжээ гэдгийг олж харж, тодорхой арга хэмжээ авахаар зориг шулуудаж, арга зам хайж эхэлсэнийх нь хувьд дээрх форумыг санаачлан зохион байгуулагчдад, дэмжин оролцсон төрийн болоод бус байгууллагуудад, бас иргэдийн төлөөлөлд талархах нь зүйн хэрэг.