Хүмүүсийн дунд гараад байгаа зарим цуурхлыг Ерөнхий сайд няцаалаа
Дундговь аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны төлөвлөгөөнд туссан зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилтын гурав нь биелээд байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтынхаа эхэнд хэллээ.
Хүүхдийн 20 000 төгрөг олгоно гэж Шинэчлэлийн Засгийн газар шийдвэрлэж, олгож байгаа. Энэ шийдвэр цаашид ч үргэлжилнэ. 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч үргэлжилнэ.
Ерөнхий сайдын 30 мин уулзалтын үеэр
Монгол Улсад одоо мөрдөж буй 23 төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй, шинээр бий болгохгүй. Харин ч эсрэгээрээ бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл хийж байна. Татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдээ урамшуулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөх татварыг багасгах зорилгоор ажиллаж байна.
Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумын малчин Д.Норсүрэнгийн 22 тугал үхсэн шалтгааныг судалж тогтоох, үнэн зөв дүгнэлт гаргах үүргийг холбогдох байгууллагуудад өгч, энэ дагуу мэргэжлийн судлаач, шинжээчдээс бүрдсэн 60 шахам хүнтэй бүрэлдэхүүн шат дараалсан хяналт шалгалт хийгээд ионжуулагч цацраг, ураны нөлөөллөөс шалтгаалж хүн, мал хордоогүйг тогтоосон юм.
Харин селен, зэс, сурьмагийн ужиг хордлого тугалын хорогдолд нөлөөлсөн байх магадлалтай гэж ажлын хэсэг дүгнэсэн тул эдгээр бодис стандарт хэмжээнээс давсан нь ямар шалтгаантайг тодруулахаар олон улсын томоохон лабориториудтай хамтран судалгаагаа үргэлжлүүлж байна гэж Ерөнхий сайд хэлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Засаг дарга нарт төсөв зарцуулах эрхийг шилжүүлсэн байгаа. Иргэдээсээ асууж, тэднээс хамгийн олон санал авсан төсөлд хөрөнгө зарцуулах учиртай. Орон нутагт төсөв шилжүүлсэн бодлогыг зөв хэрэгжүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.
Нийслэлийн иргэд татвар төлөх ёстой гэсэн санал гарч байна. Энэ асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулахад “Нийслэлийн удирдлагуудаас ийм санал ирсэн, Засгийн газар дэмжээгүй буцаасан” гэж Ерөнхий сайд хэллээ