"Том төрөөс ухаалаг төр лүү" уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 16-ны бямба гаригт Төрийн ордонд болно.
Урьд өмнө болж байгаагүй үндэсний хэмжээний уг уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид оролцохоос гадна дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд оролцуулахаар болоод байгаа юм.
Үндэсний зөвлөлдөх уулзалтын нээлт, хаалтыг орон даяар шууд дамжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэхээр болоод байна. Энэ үеэр таван салбар хуралдаан хуралдана.
Уг уулзалтад 800 орчим төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 90 нь хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл юм. Уулзалтыг нээж 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа салбар хуралдаанууд болж 16.40 цаг хүртэл үргэлжилнэ. Нэгдсэн хуралдаан 17.00 цагт эхэлж салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдтэй танилцах юм байна.