Мэндчилгээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2013.12.27

Мэндчилгээ

Хүүхдийн төлөө зорилго нэгт анд нөхөд өө,

Эрхэм хүүхдүүд ээ,

Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлэн мэндчилж байна.

Хүн бүрийн хүсэн хүлээж, яаран догдолж байдаг шинэ жилийн баяр нь улиран одож буй хуучин оноо ололт амжилтаар үдэж, шилжин ирж буй шинэ оноо сэтгэл итгэлийн ариун мөрөөдлөөр угтдаг хамгийн онцлогтой баяр билээ.

Улиран одож буй 2013 оноо бид шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж, нэгэн баг болж чадсан, хүүхдийн хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалт, хамтын түншлэлд ахиц өөрчлөлт гарсан, гэр бүлийн болон хүүхдийн чуулган, зөвлөлгөөнүүдээр иргэд, иргэний нийгмийн байгууллага, хүүхдийнхээ дуу хоолойг сонссон, хүүхдийн хамгааллын үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, хөгжлийн загвар төвүүдийг бий болгосон, олон нийтэд зориулсан сурталчилгаа, нөлөөллийн ажлаа өргөжүүлсэн амжилтаар үдэж байна.

Ирж буй шинэ ондоо бид хүүхэд, гэр бүлийн асуудлаар эрх зүйн орчны шинэчлэлт хийх, төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн төлөө үүрэг хүлээгчдийн хариуцлагыг дээшлүүлэх, хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээний төрөл, хэлбэрүүдийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж байна. Энэ зорилтоо бид та бүгдийн хамтын хүч чармайлтаар биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байна.

Уулзах учрахын урилга нь хүүхэд байдаг

Ухаарал бодролын учиг нь хүүхэд байдаг

Уйлж дуулахын утга нь ч хүүхэд байдаг

Улс тулгний бахархал нь хүүхэд байдаг

Танай өргөө гэрт чинь хүүхдийн инээд цангинаж Шинэ ондоо Та бүхний санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж, сайн үйлс бүхэн чинь дэлгэрэн түгэх болтугай.

Хүндэтгэсэн,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа