Eagle телевизийн
2013.12.27

Ц.Оюундарь: Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай

Eagle телевизийн "Бадарчийн Жаргалмаа" ярилцлагын энэ удаагийн дугаарт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь оролцож Дарханы ардчилсан намынхны дунд үүсээд буй асуудлын талаар ярилаа.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхны дунд ер нь юу болоод өнгөрөв?

Дарханд болж буй үйл явдал бол зөвхөн Дарханд болж байгаа хэрэг биш. Манай намын дүрэм ёсоор нам хэвтээ тогтолцоотой байх ёстой. Орон нутаг дахь намын байгууллагууд өөрсдөө санхүүжилтээ хариуцдаг. Тиймээс аль нэг компаний эрх мэдэлд орох тохиолдол олон байдаг. Энэ тохиолдлын хамгийн хурцадмал хэлбэр нь Дарханд илэрлээ. Дарханы Ардчилсан намын хямрал 2007 оноос эхтэй бөгөөд түүнээс хойш хоёр хэсэгт хуваагдчихсан.

Энэ жилийн дөрвөн сард бид дүрмийн хэлэлцүүлэг хийхээр тэнд очих үед сөргөлдөгч талуудыг нэг ширээний ард суулгаж, асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн юм. Тэгээд бид гол хүмүүсийг  цуглуулаад учир  шалтгааныг нь тайлбарлуулсан. Тэр бүү хэл Дарханд Ардчилсан намын хоёр байр бий болчихсон байв.

Бид тэднийг зөвшилцүүлэх гол зорилготой боллоо. Тэгээд ямар ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульдаа эв нэгдэлтэй оролъё, харин дараа нь бүгдээрээ цуглаад сонгууль явуулж, намын үүрийнхээ шинэ удирдлагыг сонгоё гэсэн тохиролцоонд хүрсэн юм. Тохиролцооны дагуу сонгууль энэ намар болох байсан ч наадмын дараа Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөнийг байгуулаад саяхан өлсгөлөн зарласан Л. Наранбаатар гэдэг залуу намаас гарах өргөдлөө өгсөн юм.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь

Ингээд тохиролцоо хэрэгжих боломжгүй болсон ч бид намын гишүүдийнхээ эрх ашгийн үүднээс анхан шатны сонгууль явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Сонгууль зохион байгуулах гэж оролдсон ч Дарханы намын удирдлагууд суулт зарласанаар Дарханы асуудлыг бид өөрсдөд нь үлдээхээр шийдсэн юм.

Гэтэл шинэчлэлийг хүсч буй залуучууд маань хэдийгээр дүрэмд байхгүй ч сонгуулийг явуулах ёстой гэж үзээд өлсгөлөн зарлачихав. Ингээд л хоёр талаас суулт зарласан нь тэр.

Энэ бүхнээс харахад ямар нэгэн юм болохгүй байгаа нь тодорхой. Бид саяхан намын хороог нь хуралдуулж, эцэстээ хүрсэн энэ хямралыг зогсоох хэрэгтэй хэмээн үзэж, анхан шатны сонгууль явуулах шийдвэрийг намын хорооных нь гишүүдээр өөрсдөөр нь гаргуулж чадлаа. Үүнийг том амжилт гэж хэлж болно. Намын хорооны гишүүд улс төрийн зориг гаргаж ийм шийдвэрт хүрлээ. Харин шинэчлэлийг хүсээд буй тэр залууст шударга өрсөлдөөнд өөрсдийгөө харуулах боломж нээгдэж байна.

Ардчилсан намын дотор иймэрхүү хурцадмал байдлууд гараад байгаа нь ардчилал уу, эсвэл анархизм уу?

2005 онд батлагдсан улс төрийн намуудын тухай хууль маань одоо улс төрийн намуудын дотор үүсээд буй асуудлуудыг зохицуулж чадахгүй байна. Санхүүжилтын хувьд ч тэр, намын бүтцийн хувьд ч тэр. Өөрөөр хэлбэл хуучны МАХН-д байсан шиг тэр том бүтцийг хуульчилж өгсөн ч, яаж санхүүжүүлэх вэ гэдгийг нь шийдэж өгөөгүй.

Намаа дэмжих гэж энд тэндгүй байгуулагдсан намын хороод санхүүжилтгүй учраас хэн нэгний нөлөөнд орох нь амар байдаг. Улс төрийн намын хуулийг шинэчлэх шаардлагатай гэж яриад байгаагийн гол шалтгаан нь энэ. Хандивлагчдаас мөнгө цуглуулдаг учраас авилгын зам руу орох нь амархан.