Х.Нямбаатар: Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 80 хувийг хянах камерын систем суурилуулна
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар
2014.01.03

Х.Нямбаатар: Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 80 хувийг хянах камерын систем суурилуулна

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ ямар ажлуудыг амжуулав. Хууль бус хайрга, шар шавар олборлогч нартаа нэлээд их тэмцэл хийсэн байх аа?

-Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас 2013 онд хэд хэдэн чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Байгаль орчноо хамгаалахад нэлээд хэдэн томоохон ажлуудыг зохион байгууллаа. Сонгинохайрхан уулын зүүн бэл, Туул голын хойд талын ай сав 700 орчим га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

Энэ газарт сүүлийн арав гаруй жил барилгын материалын болон автозамын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хайрга олборлож, байгаль орчинг нэлээд их доройтолд оруулсан байсныг зогсоож орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Одоогоор тэнд хайрганы олборлолт огт хийгдэхгүй байгаа. Мөн манай дүүргийн Баянхошуу, Толгойтын орчимд зөвшөөрөлгүйгээр шар шавар, хайрга олборлодог зөрчил олон байсан. Үүнийг зогсоосон.

Зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, сануулга өгсөн. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж тоосжилт их гаргаж байгаа учир үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллаа. Мөн СХД-ийн 24, 25 хорооны нутаг дэвсгэрт байдаг Бумбатын рашаан орчим, Баянхошуу уул, 21 хорооны нутагт байрлах Өндөр хааны рашаан, Бурхантын ам гэх зэрэг газруудыг тус бүр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалтад авч байгаагийн гол зорилго маань иргэн аж ахуйн нэгжид тэр газарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг зогсоож,  улмаар байгаль орчны доройтолд орсон газруудыг сэргээх ажлуудыг зохион байгуулах юм.

Тусгай хамгаалалтад авсан газар дээр зөвхөн тусгай хамгаалалтын горимын дагуу үйл ажиллагаа явуулж болно. Энэ эрхийг дүүргийн Засаг даргад шилжүүлж өгсөн байгаа. Ер нь хууль бусаар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг зөрчил их олон байсан. Улаан чулуутын орчимд хууль бусаар бетумын үйлдвэрлэл явуулж байсан хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоолоо. Агаарын бохирдол хотод хамгийн аюултай түвшинд очоод байхад хажууд нь дахиж хууль бусаар хар цаас шатааж, бетум гаргаж авч агаар бохирдуулж байсныг зогсоосон.

Тодруулбал, Улаан чулуутын хогийн цэгээс хуучин дээврийн хаягдал хар цаасыг ачиж хажуугийн аманд нь аваачиж хайлуулаад бетум болгож зуун айл руу зөөж зардаг хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоосон. Цаашдаа дахиж ийм зөрчил гаргахгүй байх талаас нь мэргэжлийн хяналтаас хяналт тавьж ажиллаж байна.

-Иргэд олон нийт рүү чиглэсэн бодитой ямар ажил хийв?

Хүүхэд хамгааллын чиглэлээр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэлээд хэдэн ажил зохион байгуулж байна.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэлээд хэдэн ажил зохион байгуулж байна. Эрх нь зөрчигдсөн, гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүүхдүүдийн суурь судалгааг гаргалаа. Судалгаагаар маш олон хүүхдийн эрх зөрчигдөж ноцтой байдалд байна. Даруйхан эхний ээлжинд 11 хүүхдийн аав, ээжийг эцэг, эх байх эрхийг нь хасаж хязгаарлах ажлыг зохион байгуулахгүй бол болохгүй байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ хүчирхийлсэн, байнга зодож, сургуульд сурах эрхийг нь хязгаарлаж, хог түүлгэж, гуйлга гуйлгуулдаг эцэг, эхчүүдтэй тулж ажиллаж эхэллээ.

Төрийн бус байгууллагуудын дунд нээлттэй тендер зарлаж хүүхдээ хайрлахгүй, хүмүүжүүлэхгүй хүчирхийлж байгаа хүмүүсийн эцэг, эх байх эрхийг нь хасч, хязгаарлах чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг нийгэмшүүлэх чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагыг сонгон шалгарууллаа. Шалгарсан байгууллага эдгээр 11 хүүхдийн эцэг, эхийг шүүхэд дуудах гэж байна. Шүүх шийдвэр гаргаад хэрвээ эцэг, эх байх эрхийг нь хасвал хүүхдүүдийг асрамжийн газар байлгана. Хүүхэд асрамжид байх энэ хооронд эцэг, эхчүүдийг нийгэмшүүлэх ажил зохион байгуулна. Тэгээд ч үүргээ ухамсарлахгүй бол хүүхдүүдийг асрамжид өсгөж, хүмүүжүүлэх юм.

-Дүүргийн 2014 оны төсөв батлагдсан уу. Энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулахгүй юу?

-Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас дүүрэг өөрийгөө тэтгэх эдийн засагтай болох чиглэлээр хөтөлбөр баталлаа. СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонгинохайрхан уулын зүүн бэлийн орчимд шинээр техникийн зах байгуулахаар төлөвлөлт хийгдэж байна. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас дүүргийн тусгай хамгаалалтад авсан газраас 130 га газрыг хотод шилжүүлж өгсөн. Энэхүү 130 га газар дээр техникийн зах барих юм.

Техникийн зах баригдаад ирэхээр СХД-ийн өөрийн орлого, дүүрэгт татан төвлөрүүлэх татварын орлогын хувь хэмжээ нэлээдгүй хэмжээгээр өсөх юм. Үүнээс гадна татварын хэлтэстэйгээ хамтраад дүүргийнхээ орлогын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг зохион байгуулж байна. 2014 онд дүүрэг өөрийн орлогоор 6,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төсөв баталсан юм. Анх удаа ийм их хэмжээний төсвийг дүүрэг өөрөөсөө бүрдүүлэхээр баталсан гэсэн үг. Бид зүгээр төсөв батлаад орхихгүй, татварын бааз сууриа нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг цаашид зохион байгуулна.

СХД-ийн 21, 32 хорооны нутаг дэвсгэр дээр өнгөрсөн 10 гаруй жилд иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн газрууд байдаг. Эдгээр газруудыг эзэмших эрхтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг газраа эргэлтэд оруулж, бизнесээ эрхлэх шаардлагыг хүргүүлж байна. Ер нь цаашдын бидний зорилго 2015 оноос СХД өөрийгөө тэтгэх эдийн засагтай болж, нийслэлээс санхүүгийн дэмжлэг авахгүйгээр ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Тохижилт бүтээн байгуулалтын чиглэлээр энэ жил хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулахгүй юу?

-Манай дүүрэгт тулгамдсан олон асуудал байдгийн нэг нь усан хангамж юм. 2014 онд зөөврийн худгийн усан хангамжийн асуудлыг бүх хороодод шийднэ. Мөн 2014 онд дүүргийн ногоон байгууламж, тохижилт, гэрэлтүүлэгт анхаарч ажиллана. Голдуу гэр хорооллын гудамж талбайд гэрэлтүүлэг хийх юм. Мөн СХД-ийн нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг хянах хяналтын камерын цогц системийг суурилуулах ажлыг эхлүүлнэ. Бид зураг төслөө боловсруулаад Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудад танилцуулж, үндсэндээ дэмжигдлээ.

Хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай татаж томруулдаг хяналтын иж бүрэн кабенеттай ийм мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй камерын систем суурилуулах юм. Камер суурилуулахаар мэдээж давхар гэрэлтүүлгийг асуудлыг шийднэ гэсэн үг. Гэрэлтүүлэггүй камер утгаа алдана шүү дээ. Мөн тохижилт бүтээн байгуулалтын ажил дээр нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Манай дүүргийн Нэгдүгээр хорооллын орон сууцны айл өрхүүдийн автомашины дулаан гарааш хамгийн хүндрэлтэй зүйлийн нэг байдаг.

Улаанбаатар хотод анх удаа жишиг болгож давхар дулаан гарааш барья хэмээн ажлаа эхлэх гэж байна.

Тиймээс энэ асуудлыг шийдэхээр нэгдүгээр хорооллын айлуудаас санал авч, хэд хэдэн байршлыг сонгон давхар дулаан гарааш барихаар боллоо. Улаанбаатар хотод анх удаа жишиг болгож давхар дулаан гарааш барья хэмээн ажлаа эхлэх гэж байна. Ингэснээр нэгдүгээр хорооллын баруун тал, араар дүүрэн байдаг өнгө үзэмжгүй бетонон гараашууд ч цэгцрэх юм.

Улаанбаатар хотын төсвөөс СХД-т энэ жил нэлээд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ жил ашиглалтад орох томоохон обьект бол Баянголын аманд байрлах СХД-ийн спорт цогцолбор юм. Энэ томоохон байгууламж энэ жил ашиглалтад орно. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмж манай СХД-т маш хүнд байдаг. Энэ жил СХД-ийн 26 дугаар цэцэрлэгийг буулгаж, шинээр орчин үеийн шаардлагад нийцсэн цэцэрлэг барихаар хөрөнгийг нь улсын төсөвт суулгасан байна. Харин нэг чухал ажлын мөнгө тавигдаагүй байна.

СХД-ийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр шинээр 640 хүүхдийн сургууль барихаар тендер нь шалгараад барилга угсралтын ажил нь хийгдээд дөрвөн жилийн нүүр үзэж байна. Энэ ажлыг дуусгах мөнгө энэ жилийн улсын төсөвт тавигдсангүй. Тодотголоор тавигдана гэсэн сураг байгаа. Тодотголоор энэ мөнгө тавигдвал Баянхошууны баруун салаа орчмын хүүхдүүд шинэ сургуультай болох юм. Энэ жил тавигдахгүй бол 2015-2016 оны хичээлийн жилд их том хүндрэл үүснэ. СХД-ийн 67, 76, 105 дугаар сургуулиуд өнөөдөр үндсэндээ Баянхошууны барууны салааны хүүхдүүдийг хувааж аваад өдрийн гурван ээлжээр хичээллэж байна.

Энэ жил алтан гахай жилийн хүүхдүүд сургуульд орсон. Тэр гурван сургуулийн ачаалал бүр ч нэмэгдсэн. Баруун салааны орчимд оршин суудаг хүүхдүүдийн сургууль гэр хооронд явах зай холдож, үүнийг дагаад олон эрсдэл гарч байна. 67 дугаар сургуулиас хойшоо шороотын ам руу алхахад хамгийн багадаа 11 км алхаж гэртээ очдог. Гуравдугаар ээлжийн хүүхдүүд орой харанхуй болсон хойно 21 цагт тараад гэр лүүгээ харихаар алхаж байгаа гэдгийг манай хууль тогтоогчид, боловсролын салбарынхан мэдэж байгаа байх гэж найдаж байна.

-Гадны төслөөр том эмнэлэг баригдах гэж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ. Дүүргийн эмнэлэг нэлээд ачаалалтай ажиллаж байгаа юм байна лээ?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр СХД-ийн нэгдсэн эмнэлгийг жишиг дүүргийн эмнэлэг болгох төслийн ажил 2011 онд эхэлсэн юм. Энэ жил зураг төслөө хийх, хяналт тавих тендерээ зарлаж байна. Зураг төсөл нь бэлэн болбол, гүйцэтгэгчийг нь шалгаруулна. Одоо дүүргийн нэгдсэн эмнэлэг 120 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай ч өнөөдөр 260 хүүхэд хүлээн авч ажиллаж байна.

Коридортоо эвхдэг ор тавиад үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс төслийн эмнэлэг хурдан ашиглалтад орохгүй бол байдал улам л хүндэрнэ. Эмнэлгийн даац хэтэрсэн. 1980 хэдэн онд барьсан төлөвлөлтөөрөө л явж байна. Үүнээс гадна ажилгүйдлийн түвшинг бууруулахад анхаарахгүй бол болохгүй. Энэ хүрээнд бид хэд хэдэн ажлыг зохион байгуулж байна. Ажилтай орлоготой монгол хүн хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ИТХ-аас “Ажилтай орлоготой монгол хүн” дэд хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд иргэдийн дунд хэрхэн яаж ажилтай, орлоготой болох вэ гэдэг талаар хэд хэдэн ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, ажил олгогч, ажил идэвхитэй хайж байгаа иргэд хоёрыг хооронд нь уулзуулж өгч байна.

Ажлын байр шинээр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн хэмжээгээр нь урамшуулал олгож байна. Хамтын хөдөлмөр хоршиж эрхлэхийг хүссэн хүмүүс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхийг хүссэн хүмүүст хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ жил 415 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас иргэдэд олгосон байна.