2014.01.08

Ц.Оюундарь: Бид энэ шийдвэрийн хариуг нь бэлдэж байгаа

2012 оны УИХ-ын сонгуулиар Увс аймгийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн маргаантай асуудал одоо хүртэл үргэлжилж байна.

Энэхүү маргааныг СЕХ шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг АН-ын зүгээс илэрхийлсээр байсан юм. Түүгээр ч зогсохгүй өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Увс аймгийн Тариалан сумын иргэд Улаанбаатарт хүрэлцэн ирж Увсын хоёр гишүүнтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хүртэл зарласан.

Тэд “2012 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгуулийн штабаас сурталчилгааны гэр түрээслэх нэрийдлээр айл бүрт 100 мянган төгрөг тараасан, СЕХ-нд энэ үйлдлийг илчилж, шат шатны шүүх хурлаар энэ асуудлыг хэлэлцэн Б.Чойжилсүрэн нарыг хууль зөрчсөн болохыг тогтоосон. Түүнчлэн СЕХ шүүхийн шийдвэрийг үндэслэн бидэнд нэг сая төгрөгийг олгосон.

Харин бид сонгууль шударга байх ёстой хэмээн үзэж, тэмцэж байна. Тийм учраас энэ мөнгийг СЕХ-нд өгч, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эгүүлэн татах шаардлагыг СЕХ-нд хүргүүлнэ” хэмээн мэдэгдсэн билээ. Тэд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд энэхүү шаардлагаа гардуулж өгсөн бөгөөд дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч шаардлага хүргүүлээд амжсан. Тэгвэл 2014 оны өмнө буюу арванхоёр дугаар сарын 27-ны өдөр СЕХ-ноос АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд энэ асуудлын талаарх хариултыг өгөөд байгаа аж.

Тодруулбал, АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг дахин гаргасан боловч хүсэлтийг Улсын дээд шүүхээс СЕХ Увсын маргааныг шийдвэрлэх боломжгүй” гэсэн аж.

Тиймээс СЕХ-оос АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд “Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул танай албан бичигт дурдсан хүсэлтийг СЕХ хангаж, шийдвэрлэх боломжгүй буюу Увсын маргааныг СЕХ шийдвэрлэхгүй гэсэн тайлбарыг АН-д хүргүүлсэн байна.  Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Бид энэхүү шийдвэрийн хариуг нь бэлдэж байна. Бэлэн болохоор нь дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээлээ.