Л.Болд: Ашигт малтмалын салбарт шударга ёс тогтооно
2012.06.11

Л.Болд: Ашигт малтмалын салбарт шударга ёс тогтооно

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нар өнгөрч буй долоо хоногт Багахангай дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр бид нэр дэвшигчдээс дараах тодруулгыг хийлээ.
-Багахангайчуудын хувьд орон нутгийг хөгжүүлэхэд ажлын байр бий болгох шаардлагатай тухай түлхүү хөндөж байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт энэ асуудал хэрхэн туссан бэ?
Л.Болд: -Багахангай дүүрэг маань нийслэлд харьяалагддаг боловч эрх мэдэл гэж байдаггүй. Алслагдсан дүүргийн бүх зовлон энэ дүүргээс хамгийн тод харагддаг. Гол зовлон нь ажилгүйдэл. Алслагдсаны дээр эрх мэдэлгүй, иргэд бизнэсгүй, эдийн засгийн хөгжил нь доройгоос бүх асуудал үүсч байгаа л даа. Үүнийг өөрчлөх зорилтыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ нь Багахангайг түшиглэн ачаа тээврийн төв байгуулах бололцоотой гэж үзэж байна. Дэд бүтцийг нь ашиглаад.
Ачаа тээврийн төв байгуулсан цагт багахангайд ажилгүйдэл багасна. Тэр хэрээр иргэд тогтмол орлоготой болж амьдралаа аваад явах бололцоотой болж байгаа. Мөн багануурын иргэд маань жонш хийгээд төмрийн үйлдвэрт ажиллаж байгаа ажиллах хүчнүүдийн тухай асуудал хөнддөг. Монгол иргэдийг эдгээр үйлдвэрт ажиллуулахаар маш бага хөлс өгдөг. Эс бөгөөс ажиллуулчихаад хөлсийг нь өгдөггүй зэрэг зөрчил гарсаар байгаа.
Ардчилсан нам энэ асуудлыг цэгцэлнэ. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ. Гадаадын иргэн монгол хүний хийж чадах ажлыг ямар хөлсөөр хийж байна, тэр төвшинд хүргэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд энэ дүрмийг мөрддөг болох ёстой. Хэрвээ бид Багахангай дүүрэгт тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэж өөрчилж чадвал нийслэлийн дагуул хотод тулгарч байгаа, цаашлаад улсын хэмжээний асуудлыг шийдэж чадна гэсэн үг.
-Ахмадын сувилал байгуулж байгаа юм байна. Хүчин чадал нь ямар юм, яг хэзээ ашиглалтад орох вэ?
-Багахангайчуудын маань хувьд эмнэлэг, сувилал хамгийн их эрэлттэй байгаа. Тийм учраас сонгогчдынхоо хүсэлтээр сувилал байгуулж байгаа. Энэ сард багтан ашиглалтад орно. Хүчин чадлын хувьд дүүргийнхээ ахмадуудыг хүлээн авах боломжтойгоор байгуулсан.
-Танай намын мөрийн хөтөлбөрт Ашигт малтмалын лицензийг аж ахуйн нэгжид тав хүртэл, иргэнд гурав хүртэл олгоно гэж заагаад байна. Энэ нь лицензийг 40-өөр нь 100-гаар нь гартаа төвлөрүүлсэн эрх мэдэлтнүүдэд илүү боломж олгочих юм биш үү. Хууль эргэж үйлчилдэггүй болохоор ингэж хардахаас аргагүй байна л даа?
-Ашигт малтмал, эрдэс баялгийн салбарт шударга ёс тогтоож зөв бодлого хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө ийм бодлого дэвшүүлсэн хэрэг л дээ. Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тухайн орон нутгийн иргэдийн саналыг авч гэрээ байгуулдаг зарчмыг хэрэгжүүлнэ. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгодгийг зогсоож Засгийн газар олгодог болно.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн төрөөс тогтоосон нутаг дэвсгэрт олгодог болно гэх мэтчлэн тодорхой бодлого дэвшүүлсэн байгаа. Магадгүй та Ашигт малтмалын газар олгодог байсан тусгай зөвшөөрлийг яагаад Засгийн газар шийддэг байхаар бодлого дэвшүүлэв гэж харж байгаа байх. Энэ нь лицензийг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж олговол шууд Засгийн газартай хариуцлага тооцож байхаар оруулж ирж байгаа маш тодорхой бодлогын нэг л дээ. Манайд өнөөдөр хариуцлагын механизм ажиллахгүй байна шүү дээ.

Нэг хүний гарт маш олон лиценз төвлөрсөн асуудал бол цаанаа эзэнтэй. Үүнийг төрөөс тусад нь бодлого хэрэгжүүлж засах ёстой. Дээр нь шударга бус тогтолцоо энэ бүхний цаана үлдэхгүй байх тэр нөхцлийг эдийн засгийн, төр захиргааны, улстөрийн бүхий л арга механизмуудаар хаах ёстой л доо. Бид үүнийг өөрчилж чадна л гэж хэлэх байна.
Ц.Оюунгэрэл: ЭМД-ын бие даасан агентлаг байгуулна
-Багахангайчууд Эрүүл мэндийн үйлчилгээний тухай хөндөж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэд сар тутамд 10-20 мянган төгрөгийг ЭМД-ын шимтгэлд төлдөг боловч эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна. Үүнийг өөрчлөх бодлого Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан уу?
-Алслагдсан дүүрэгт эмнэлгийн хүрэлцээ муутай, хувийн эмнэлэг байгуулаад ажиллуулахад даатгал олддоггүй гээд бэрхшээлүүд бий. Уулзалтын үеэр нэг иргэн ярьж байна, “Сүүлийн 10 жил эмнэлэгт хэвтэж чадсангүй” гэж... Энэ зовлон юунаас үүсч байна вэ гэхээр эрүүл мэндийн тогтолцоонд нэг дутагдал байгаад байна гэсэн үг. Энэ дутагдал юунд хөтлөөд байна вэ гэхээр гэртээ хамгийн ойрхон оршин сууж байгаа газраасаа эмнэлгээр үйлчлүүлэх боломж байхгүй байна.
Хоёрдугаарт, өвдөөд ирэхэд өвчлөөд ирсэн хүнийг эмчлэх зардал ЭМД-ын сангаас гарахгүй байна гэж байна. Манай намын мөрийн хөтөлбөрт юу орсон бэ гэхээр ЭМД-ын шимтгэлийн мөнгийг улстөрийн зорилготой компанит ажилд зарцуулдгийг зогсооё. Улстөрийн албан тушаалтан ЭМД-ын шимтгэлийн мөнгийг мэддэгийг болиулая, Эрүүл мэндийн сайдын мэдэлд ЭМД-ын мөнгийг хадгалуулдгыг зогсооё гэж байгаа.
Эрх мэдлийг хэнд төвлөрүүлэх вэ гэхээр мэргэжлийн ЭМД-ын агентлаг байгуулж тэр нь улстөрөөс хараат байж, зөвхөн иргэдийг өвчтэй үед нь тусалдаг, тэр мөнгийг хадгалж байдаг, зөв зүйлд нь зарцуулъя гэж мөрийн хөтөлбөрт оруулсан. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилье., нэмэгдүүлье. Эмнэлгүүдийг төр, хувийн гэж ялгалгүй ЭМД-ын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавиад байна.
-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг татвараас хөнгөлөх тухай заалтууд мөрийн хөтөлбөрт туссан. Энэ тухай тодруулахгүй юу?
-Манай мөрийн хөтөлбөрийн ихэнх хэсэгт ажлын байр бий болгож, иргэдээ орлоготой болгох тухай туссан. Ажлын байр олноор бий болгодог хөдөлмөрийн багтаамж ихтэй тэр салбар бол жижиг, дунд үйлдвэр хийгээд үйлчилгээний салбар.
Тийм учраас жижиг, дунд үйлдвэрт зориулсан зээлийн хөнгөлөлтийг үзүүлж байх, мөн хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулж бодлого гаргах. 1.5 тэрбум төгрөгөөс дотогш жилийн орлоготой бол төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг байх тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.Өөрөөр хэлбэл, татвар төлөгчид буцаж орж ирсэн татварынхаа 90 хувиар үйлдвэрээ томруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бололцоотой болно.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.