АН-ын төлөөлөгчид баянголчуудын хүсэлтийг хүлээн авлаа
2012.06.11

АН-ын төлөөлөгчид баянголчуудын хүсэлтийг хүлээн авлаа

Ойрын үед хуртай, хуралтай өдрүүд үргэлжилж байна. УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ, тус дүүргийн АН-ын дэд дарга, “Иргэн Та баялаг” сангийн тэргүүн С.Одонтуяа болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Л.Нарантуяа нар иргэд, сонгогчидтойгоо уулзаж, тэдний санаа бодлыг сонссон юм.


Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “АН-аас энэ удаагийн сонгуульд “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэсэн энгийн мөртлөө асар гүнзгий утга агуулга бүхий уриалга дэвшүүлж, ард түмэндээ чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Өнөөдөр Монгол Улсын иргэн бид эх орондоо хүн шиг амьдарч чадаж байгаа билүү гэдгээ бодох ёстой. Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдарч, байгалийн баялгаасаа тэгш хүртэх учиртай. Монгол хүн эрүүл чийрэг, эрдэм боловсролтой байх ёстой. Баянгол дүүрэгт нэр дэвшигчид бид улс орныхоо өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно” хэмээн онцолсон.

Харин нэр дэвшигч С.Одонтуяа “АН зөвхөн сонгуулийн өмнө иргэдтэйгээ уулзахаар ирдэггүй. Бид дөрвөн жилийн турш ард иргэдтэйгээ уулзсан. Ингэж уулзахдаа бид иргэдийн сэтгэлийг юу зовоож байдгийг ойлгосон.

Мөн уг бэрхшээлийг хэрхэн арилгах гарцыг олохоор эрэлхийлсэн. Өнгөрсөн хугацаанд төр үнэхээр хүчирхэгжлээ. Харин монгол хүнд эрх нь алга. Тиймээс “Монгол хүн” хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байна. Өнөөдөр Монголын иргэн бүр баян амьдрах ёстой” гэж өөрийнхөө болон АН-ын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.


Иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтын уур амьсгал халуун дулаан орчинд болсон бөгөөд хэн нэгнийг муулах бус аливаа асуудлыг шийдвэрлэх гарц, арга замыг эрэлхийлснээрээ онцлог байлаа. Түүнчлэн, улс орны нийтлэг эрх ашгаас гадна нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг хэрхэх талаар ярилцаж байв. Уулзалтад ахмадууд олноороо ирсэн байсан учир тэтгэвэртээ гарсан ч ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаагаа уламжилж байв.

Энэ асуудалд нэр дэвшигч С.Одонтуяа “Ахмадууд маань тэтгэвэртээ гарсан ч улс орныхоо төлөө ихийг хийх боломж олгоно” хэмээн амласан. Тэрбээр мөн ажилгүйдэл ядуурлаас гарах арга замыг жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг хөгжүүлэх явдал гэж хэлсэн нь иргэдэд таалагдаж байсан юм.

Иргэд олон удаагийн сонгуульд сайхан амлалтад итгэж, хүлээж ирснээ хэлээд цаашид хүлээх цаг байхгүйг хатуу хэлж байсан. Иргэдийн хүсэл зоригийг сонссоныхоо дараа АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, тус
дүүргийн АН-ын дэд дарга С.Одонтуяа, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Л.Нарантуяа нар сонгогчдынхоо хүсэн хүлээж байгаа асуудлуудыг зөв шийдэрлэх гарцыг олж, төр иргэнийг холбох гүүр болж ажиллана гэдгээ илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.