УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.01.14

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар зөвлөлдлөө

“Хохирогч хамгаалал, хуулийн шинэчлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт Төрийн ордны Б танхимд өнөөдөр боллоо.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгуулж буй энэ уулзалтаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийн байдал, уг хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хүний аюулгүй байдлыг хангах явдал нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл бөгөөд хүн эрх чөлөөтэй, айх аюулгүй байснаар л түүний бие даан амьдрах, сэтгэх, хөгжих боломж нээгддэг билээ. Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдан гарч, гэр бүлийн хүрээнд бусдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хүчирхийлэл дарамт үйлдэх явдал нь хүний эрхийн зөрчил хэмээн ухамсарлах явдал нэмэгдсэн ч энэ хуулийн хамгаалалтыг авч чадалгүй амь насаа алдсан хохирогчдын тоо нэмэгдсээр байна” хэмээн онцолсон.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2010 оноос хойш 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотныхоо хүний гарт амь насаа алджээ.

Хууль байгаа хэдий ч хохирогч яагаад хамгаалагдаж чадахгүй байна вэ. Өнөөдрийн уулзалтаар асуудал хаанаа байгааг хэлэлцэж, харилцан саналаа хуваалцаж, боломжит гарц, шийдлийг хамтдаа тодорхойлохоор мэргэжлийн байнгын хороод, салбарын яамны мэргэжилтнүүдээс гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд болох шүүгч, прокурор, цагдаагийн ажилтан, өрхийн эмч, нийгмийн ажилтан, үйлчилгээ үзүүлдэг ТББ-ын мэргэжилтнүүдийн төлөөлөл ирсэн байсан.

Хорих ангид хүн амины хэргийн улмаас ял эдэлж байгаа нийт эмэгтэйчүүдийн 30 хувь нь нөхрийнхөө амь насыг хөнөөсөн хүмүүс

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд уг төслийн үзэл баримтлалын талаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд танилцуулсан юм.

Хорих ангид хүн амины хэргийн улмаас ял эдэлж байгаа нийт эмэгтэйчүүдийн 30 хувь нь нөхрийнхөө амь насыг хөнөөсөн хүмүүс бөгөөд судалгаагаар тэдгээр эмэгтэйчүүд удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь тодорхой болсон аж. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийллийн асуудлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох гэх мэт нэлээд зүйлийг тусгасан ажээ.

Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх үүргийн талаар тусгах, мэдсээр атлаа мэдээлэл өгөөгүй бол хариуцлага тооцох уу, мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах хэрэгтэй юу гэсэн асуудал яригдаж байгаа аж. Түүнчлэн хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн ажилтнаас гадна эмч, нийгмийн ажилтан илрүүлэх талаар тусгасан бөгөөд энэ талаар саналаа өгөхийг холбогдох албаны хүмүүсээс хүсэж байгаагаа тэрбээр танилцуулгын үеэр дуулгаж байлаа.

Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг иргэний журмаар бус эрүүгийн хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриа уулзалтад оролцсон мэргэжилтнүүд илэрхийлж байсан. Хохирогчийг хамгаалах ажил зохих түвшинд хийгддэггүйгээс болоод иргэний журмаар гэр бүлийн асуудлаа шийдүүлэх гэж явсан эмэгтэй шүүхийн гадаа нөхрийнхөө гарт амиа алдсан тохиолдлыг талаар жишээ татан ярьж байв.

Миннесота хүний эрхийн хамгаалагчид байгууллагын Эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Хэлэн Рубенстен тус байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн дүн шинжилгээний талаар танилцуулсан. Тус байгууллага хөндлөнгийн дүн шинжилгээг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран хийсэн бөгөөд нийт долоон аймагт ажиллан, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн нийгмийн ажилтан, цагдаа, Засаг дарга болон эрүүл мэндийн ажилтан зэрэг мэргэжилтнүүд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг ТББ, яамдын мэргэжилтэн, шүүгч, прокурор, өмгөөлөгч зэрэг байгууллага, алба хаагчидтай нийт 137 удаагийн асуулга, ярилцлагыг зохион байгуулжээ.

Эдгээр ярилцлага, асуулгын хүрээнд тодруулсан баримт, хөндлөнгийн дүн шинжилгээний үр дүнд тулгуурлан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг боловсронгуй болгох талаарх зөвлөмжүүдийг боловсруулсан байна.

Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд мөрдөн мөшгих, хохирогч түүний гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлэх, бие мах бодид нь гэмтэл учруулахаар заналхийлэх гэсэн хүчирхийллийн хэлбэрүүдийг тодорхойлж оруулах, шүүгчийн бүрэн эрхийг өргөтгөх, Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж тодорхойлж, нэмэлт, өөрчлөлт оруулах, ногдуулах ял шийтгэлийн оновчтой төрлийг тусгах талаар зөвлөмжид дурджээ. Мөн дагаж мөшгих, туйлдуулах, дарамт учруулах болон гэрлэлт дэх хүчинг гэмт хэргийн төрөл болгон хуульчлах талаар ч зөвлөмжид тусгасан байна.