Л.Болд Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ
2012.01.02

Л.Болд Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өнөөгийн Батлан хамгаалах яам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр 2011 оны 12 дугаар 29-ний өдөр тохиосон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж түүхэн их ойн эл өдөр зарлиг гаргаж, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдыг Монгол Улсын батлан хамгаалах салбарын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялаав. 

Л.Болд 2008 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноосоо хойш Зэвсэгт хүчний бодлогод дорвитой шинэчлэл хийж, Монгол Улсынхаа батлан хамгаалах салбарыг гадаадын олон улс оронтой сайн түншлэлийн харилцаанд оруулсан гавъяатай төрийн түшээ гэдгийг олон түмэн мэдэх болжээ. Сайд Л.Болдын санаачилгаар цэрэг армийн нэр хүндийг өндөрт өргөсөн “Тусгай салаа” телевизийн олон ангит кино, “Тусгай салаа-2” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Догшин хар сүлдний нууц” хэмээх монгол цэргийн тухай түүхэн баримтат кинонууд бүтээгдэж, олон нийтэд түгсэн билээ.

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд яамныхаа 100 жилийн ойн баяр, шинэ жилийн цэнгүүн дээр төрийн өндөр дээд шагнал хүртсэндээ талархан үг хэлэхдээ, Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө сайн сайхны төлөө зүтгэсэн Монгол цэргийн гавъяаг түүх хэзээ ч мартахгүйг дурдан, Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил дэвшлийн төлөө зүтгэхээ амлалаа. Ирж буй 2012 онд Их Монгол Улсыг үндэслэн байгуулсан монголчуудын оюун санааны эцэг болсон эзэн богд Чингэс хааны мэндэлсэний 850 жилийн түүхэн их тохиох бөгөөд эл ойд зориулан Монгол цэргийн түүхэн хөгжил, дэлхийн цэргийн урлагт оруулсан хувь нэмрийг өгүүлсэн Чингэс хааны цэргийн тухай 130 ангит киног бүтээх болсноо сайд Л.Болд хамт олондоо чухалчлан өгүүлсэн билээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.