Еврогоос татгалзах эсвэл Европын нэгдсэн улсыг байгуулах
Европын холбооны гишүүн орнуудын тэргүүлэгчид
2014.01.21

Еврогоос татгалзах эсвэл Европын нэгдсэн улсыг байгуулах

Европын орнуудын ирээдүй ямар байх вэ гэдэг таван хувилбарыг европын шинжээчид боловсруулжээ.

Хуучин руугаа буцах

Евро хэмээх нэгдсэн мөнгөн тэмдэгтэй болсон нь олон хор уршиг дагуулж, санхүүгийн системийг золтой л сүйтгэчихээгүй. Нэгдсэн валюттай болохын тулд улс орнуудын үндэстний соёл, татварын систем, улс төрийн тогтолцоо нийтлэг байх ёстой. Гэхдээ европын орны иргэд ийм байдлыг хүсэхгүй байна. Европын холбоо байгуулсны сайн тал нь дотоод зах зээлийг хамгаалах, бараа үйлчилгээний чөлөөт эргэлтийг хангахад тусаа өгсөн. Хэрэв Европын улсууд ололт амжилтаа хадгалья гэвэл еврогоос татгалзах хэрэгтэй.

Еврогийн ашиглалтыг сайжруулах

Грек, Португали, Испани, Итали, Ирланд, Их Британи зэрэг улс их хэмжээний гадаад өртэй бөгөөд Европын холбооны хамгийн асуудалтай орнуудад тооцогддог.

Нэгдсэн валюттай болсон нь сайн хэдий ч холбогдох хэм хэмжээг мөрдөхгүй бол бүтэхгүй. Хямралын бурууг евро биш, харин түүнийг буруу зүйлд ашигласан, өрийн системийг үүсгэсэн хүмүүст тохох ёстой. Үүнийг шийдэх арга нь энгийн. Улс орнуудын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг өөрчлөхийн оронд зөрчил гаргагч улсуудад хориг арга хэмжээ авдаг байгууллагуудын эрхийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Евро бүсэд үлдэе л гэвэл улс орнууд санхүүгийн бие даасан бодлогоосоо татгалзаж, гадны хяналтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Зөвхөн эдийн засгийн чиглэлээр ажилладаг засгийн газрыг байгуулах

Еврогийн хямрал хэм хэмжээг зөрчсөнөөс үүссэн төдийгүй, анх боловсруулсан тогтолцооны гажуудлаас үүдэлтэй. Валютын нэгдсэн системтэй байя гэвэл АНУ-ын Холбооны нөөцтэй адилхан Төв банкыг байгуулж, татварын нэгдсэн систем, өрийн хариуцлагын тогтолцоо, даатгалын сан, нэгдсэн төсөв, санхүү эдийн засгийн нэгдсэн яамыг бий болгох ёстой. Өнөөдрийн хямралыг ажиглавал евро газар авахааргүй болж, Европын Төв банк ганцаар бүгдийг зохицуулж чадахаасаа өнгөрсөн. Мэргэжлийн эдийн засагчдаас бүрдсэн нэгдсэн засгийн газар Европын комист түшиглэхийн зэрэгцээ бие даасан шийдвэрийг гаргах эрхтэй байвал зүйтэй.

Европын нэгдсэн улс

Улс төрийн тогтолцоонд үндэслээгүй зөвхөн эдийн засгийн хөгжилд чиглэсэн Засгийн газар нь Сангийн яамгүй валютын системийн адил дэмий зүйл. Ийм засгийн газар байгууллаа ч гаргах шийдвэр нь иргэдийн санаанд нийцэх нь эргэлзээтэй. Европын орнуудын хувьд тус тусдаа бодлого явуулдаг цаг өнгөрч, жинхэнэ ардчиллыг байгуулах цаг болжээ. Европын комисс хэмээх төв байгууллага байгаа ч үнэндээ ямар ч нөлөөгүй. Европын хямралын гол шалтгаан нь төрийн удирдлагууд өөрсдөө юм.

Европын холбооны өөр хувилбар

Европ жижиг том байх нь хамаагүй. Өнөөгийн тогтолцооны загвар иргэдийн хүсэл эрмэлзэлд нийцэхгүй байна. Иргэд хүний эрхийг тал бүрээр нь хангасан тэс өөр Европыг хүсч байна. Одоогийн загвар эдийн засгийн хувьд үр ашиггүй, ардчилсан бус. Нэг үгээр хэлбэл үеэ өнгөрөөсөн. Хэрэв Европын орнууд ямар нэгэн тогтолцоонд шилжие гэвэл юун түрүүнд иргэдийн эрх чөлөөг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг сайтар бодолцох ёстой. “Ард түмний оролцоогүйгээр ард түмэнд бүгдийг зориулна” гэсэн европын боловсон харгис үзлээс татгалзах хэрэгтэй.