Д.Батцогт: ”Амлалт нэхэх ард түмний холбоо”-г өгөхөд бэлэн байна
УИХ-ын гишүүн,Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.
-Танай байнгын хорооны гишүүд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?
-Гурван хуулийн төслийг хэлэлцэх шатандаа явж байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ бол маш өргөн хүрээг хамарсан том хууль болж байгаа. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Дараагийн хууль бол С.Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл юм. УИХ-ын чуулганы үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан.
Түүнчлэн манай байнгын хорооны гишүүд Монгол судлалыг хөгжүүлэх УИХ-ын тогтоол баталсан. Бид Гэр бүлийн хүчирхийллийн хуультай холбоотойгоор өргөн хэлэлцүүлэг явууллаа. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид ямар бодлого баримтлах ёстойг салбарынхантай уулзаж судаллаа.
-Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг Хамтын тэтгэврийн хуулиас өмнө боловсруулж байсан. Тэгээд яагаад гацчихав аа?
-Хоёр хуулийг нэгтгэхэд 130 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан. Энэ саналаар УИХ-ын чуулганд санал хураах хүндрэлтэй. Тиймээс байнгын хорооны зүгээс уг хуулийг эргүүлэн татаад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нь авч үзээд Засгийн газраас өргөн барьсан нь дээр гэсэн хувилбар дэвшүүлж байгаа. Хаврын чуулганы салхийг хагалж батлагдах хуулийн төс лийн нэг байх болов уу гэж бодож байна.
-Эрх баригч, сөрөг хүчнийнхэн агуулга нь адилхан мөртлөө хэлбэр нь өөр хуулийн төсөл өргөн бариад байх шиг санагдах юм. Жишээ нь МАН-ынхан малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль боловсруулахаар АН-ынхан Хамтын тэтгэврийн хуулийн төслийг өргөн барьж байна. Энэ нь эргээд гацаа үүсэх шалтаг болох вий?
-УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл өргөн барьж болно. Гэхдээ мөнгө санхүүтэй холбоотой хуулийг Засгийн газраас өргөн барьсан нь дээр юм уу гэж бихувьдаа боддог. Хуулийн төслийг хэлэлцэхдээ намаар ялгаварлаж байна гэж тайлбарлаж байгаа. Энд бас улс төр яваад л байна. Нэгдсэн ойлголт, бодлоготой явах хэрэгтэй. УИХ-ын 76 гишүүн 76 өөр хуулийн төсөл өргөн барьчихаад цаашаа явахгүй гацчихдаг байж болохгүй. Дунд нь иргэдийн эрх ашиг хохирч үлдэнэ шүү дээ.
-Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Та анхаарч байгаа байх. Ямар байр суурьтай байгаа вэ?
Сумын төвшинд нам гэж байхгүй болгоод Засаг даргаа иргэдээсээ сонгодог болчихвол их дэвшил авчирна даа.
-Улс төрийн намын хуульд зоригтой өөрчлөлт оруулах ёстой.Миний хувьд намын хатуу гишүүнчлэлээс татгалзах нь зөв гэж бодож байна. Сүүлийн 20 жил улстөржлөө. Бид юу хожсон юм. Харин ч улс төрийн талцал манай хөгжилд чөдөр, тушаа болж байна. Ер нь аль нэг суманд улс төрийн нам байгуулахыг хориглочихмоор байгаа юм. Хамгийн их улстөржилт жижиг сумдад эсвэл багт байна шүү дээ. Ийм талцлыг болих хэрэгтэй. Сумын төвшинд нам гэж байхгүй болгоод Засаг даргаа иргэдээсээ сонгодог болчихвол их дэвшил авчирна даа. Дөрвөн жил тутамд гар хүрээд байддаггүй чамбай хуультай болчих юмсан. Сонгуулийн хуулийн хувьд төлөөллийн ардчиллын зарчмыг устгаж болохгүй. Тиймээс одоогийн 48:28 -аар явсан нь дээр байх.
-Таныг “Амлалт нэхэх ард түмний холбоо”-гоор иргэд мэднэ. Энэ холбоогоор танигдаж улс төрд орчихоод бусадтайгаа уусаад чимээгүй болчихлоо гэж шүүмжлэх хүн ч цөөнгүй байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-“Амлалт нэхэх ард түмний холбоо”-г УИХ-ын гишүүн болохын тулд байгуулаагүй. Тухайн үед эрх барьж байсан намууд асар их хэмжээний бэлэн мөнгөний амлалтаар иргэдийг хуурсан. Дараа нь хамтраад засаг барьсан. Тиймээс иргэдийн санаачилгаар амлалтаа нэхэхээр болсон. Үр дүнд ч хүрсэн. “Амлалт нэхэх ард түмний холбоо” дуугарч эхэлснээр намууд цаашид бэлэн мөнгө амлан улсаа ирээдүйн их өрөнд тавин популизм хийж шоудахаа больсон. Өнгөрсөн сонгуулиар нэг ч бэлэн мөнгөний амлалтаар иргэдийг хуураагүй.
Энэ бол “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны гол зорилго байсан. Иргэд надад итгэл үзүүлж шударга ажиллана гэж төрийн түшээ болгохоор сонгосон. УИХ-д ороод ордны гадна жагсдаг байсан шигээ үймүүлээд бай гэсэн үг биш. Нэгэнт ард түмэн сонгосон учраас тэдний нэрийн өмнөөс ажиллана. Би болохгүй байгааг нь шүүмжилнэ. Гэхдээ бүх ажлыг харлуулж орилж хашгирахгүй. Би иргэдийнхээ санаа бодлыг хуулийн төслүүдэд тусгах, тэдэнд хэрэгтэй хуулийн төслийг санаачлах чиглэлд идэвх зүтгэлтэй ажиллах болно.
Манай эвсэл, АН олонхийг бүрдүүлж байна. Тиймээс олонхийн бодлогоо дэмжинэ, гэхдээ болохгүйг нь шүүмжилнэ. Аль аль нь байгаа. Энэ нөхөр гудамжинд тэмцэж байгаад орж ирсэн учраас бүгдийг нь эсэргүүцэж, шүүмжлэх ёстой гэж ойлгож болохгүй. Ер болсныг нь болоогүй гээд харлуулаад байх хэнд ашигтай юм бэ. Монгол Улсынхаа хөгжлийг жаахан ч гэсэн урагшлуулъя гэвэл зөвийг нь дэмжээд явах хэрэгтэй.
-Манайхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр хашгирч байгааг нь сайн ажиллаж байна гэж хардаг тал бий шүү. Энэ байдлаар таньд тийм дүгнэлт өгөөд байж мэдэх юм.
-Тийм шүү. УИХ-ын гишүүд хуулийн төслийн ажлын хэсэгт ороод баахан ярьдаг. Үүний дараа байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр өөрийнхөө санаа бодлыг хангалттай илэрхийлдэг. Ийм байдлаар идэвх тэй ажиллаж байгаа гишүүд чуулганы хуралдаанд ярихгүй л байхгүй юу.
Гэтэл ажлын хэсэгт ч ордоггүй, байнгын хорооны хуралдаанд ч суудаггүй мөртлөө гэнэт чуулганы хуралдааны үеэр хашгираад байдаг гишүүнийг мундаг ажиллаж байна гэж дүгнэх буруу. Хууль боловсруулах анхан шатны хуралдаануудад суухгүй, боловсруулж нухахгүй байж гэнэт л чуулганы хуралдаан дээр хэвлэ лийнхний өмнө хашгираад энхийн ца гаан тагтаа болоод гараад ирдэг ги шүүд бий шүү дээ, нуух юм байхгүй.
-Танай холбооны ажил яагаад “унтаа” байдалд орчихов. Одоо амлалт нэхэх шаардлагагүй болчихов уу?
-Байнга гудамжинд туг бариад жагсаж байна гэж юу байх билээ. “Амлалт нэхэх ард түмний холбоо” чинь Д.Батцогт, Г.Уянгын хувийн өмч биш. Ард түмнийх шүү дээ. Хэрвээ энэ холбоог толгойлоод амлалт нэхээд явах хүн байвал өгөхөд бэлэн. Миний хувьд олонхийг бүрдүүлж байж ордон дотор бойкотлоод явж болохгүй л дээ. Энэ холбоог улстөржүүлэхгүйгээр аваад явах хүмүүс гарч ирвэл асуудалгүй гэж бодож байна.
-Зөвхөн иргэд ч гэлтгүй “Д.Батцогтоо чи Амлалт нэхэх ард түмний холбооных шүү” гэж сануулах гишүүн ч байдаг. Таньд жаахан дарамттай санагддаг уу?
-Ер нь МАН-ын гишүүдээс ийм үг гардаг л даа. Тэд сөрөг хүчин учраас хүчтэй дуугарах шаардлага гардаг. Тиймээс намайг “Ард түмний амлалт нэхэх холбоо”-ных болохоор автоматаар дэмжих ёстой гэж боддог. Би үүнтэй санал нийлдэггүй. Бүхнийг шүүмжилдэг, харлуулдаг, нураадаг ийм увайгүй байдлаар явбал бид хэзээ ч хөгжихгүй. Сүүлийн 20 жил ингэж явсан шүү дээ. Дахиад л МАН олонхи боллоо гэхэд АН дөрвөн жил үймүүлдэг байвал ажил урагшлахгүй.
Өнгөрсөн 20 жил МАН төр барьсан. Яагаад ярьсан шигээ хөгжүүлж чадаагүй юм гэдэгт би юм ярьж чадна. Гэхдээ би хооронд нь талцуулж хэрэлдүүлэхийг хүсэхгүй байна. Д.Батцогт гэдэг хүн УИХ-д ямар байр суурьтай, ямар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг МАН-ын гишүүд мэдэж байгаа. Ялангуяа уул уурхайн асуудал ярихаар манай аварга Д.Бат-Эрдэнийн зүгээс надаас амлалт нэхсэн үг унадаг. Асуудалд ийм байдлаар ханддагаа өөрчлөх хэрэгтэй. Сөрөг хүчин ч арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Олон жил төр барьчихсан. Энд олуулаа сууж байж “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны хэв маягаар ажиллах шаардлагагүй.
- Сөрөг хүчний үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна гэж ойлгож болох уу?
-Би МАН-ыг хангалттай сөрөг хүчин байж чадахгүй байна гэж дүгнэж байгаа. Хэрвээ би байсан бол арай өөр арга барилаар ажиллана. “Ард түмний амлалт нэхэх холбоо”-ныхон парламентад суудалгүй, мөнгөгүй мөртлөө хүчтэй дуу хоолой болж байсан. Харин МАН-ынхан олон жил эрх баригч явсан болохоор сөрөг хүчний байр сууринд нэг л дасахгүй байх шиг байна.