Ц.Элбэгдорж: Ухаалаг төр гэж судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль хэрэгжүүлдэг төр юм
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж орон нутгийн удирдлагуудтай Төрийн ордонд уулзаж чиглэл өглөө.
Уулзалтад бүх аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцсон юм. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Ч.Сайнбилэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй нар байлцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Ноднин бид 2013 оны нэгдүгээр сарын 17-нд уулзсан байна. Тэр үед хэлсэн зүйлээс юу нь биелэв, юу нь биелээгүй вэ гээд эргээд харахад анхаарахаар асуудлууд байна. Тиймээс дараа жилийн уулзалтыг хийхэд юу анхаарах вэ гэдгийг хэлмээр байна.
Бидний хийх ажил, зорилго тодорхой боллоо
Ноднингийн ярьсан зүйлээ эргэн санахад өнөө жилийн “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилга бол яг тэр бүхний залгамж мэт харагдаж байна. Бид өмнө нь ярьж байсан зүйлээ улам тодорхой болгон ажил руугаа орж байна гэсэн сэтгэгдэл төрөхөөр байгаа. Энэ бол ээлжит, яриад өнгөрдөг ухуулга биш. Олон зуун жилд монголчуудад өөрсдийнхөөрөө төрөө урлах боломж, бидний энэ цаг үед олдож байна гэж ойлгож байна. Энэ утгаар харахад үүнийг бид хийхгүй бол хэн хийх вэ гэсэн ойлголт гарч ирж байгаа.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж орон нутгийн удирдлагуудтай уулзлаа
Үндэсний зөвлөгөөн зохион байгуулж, хийх ажлаа томьёолж тодорхой болгох нь чухал байсан гэдэг ойлголт газар сайгүй бий болсон байна. Ялангуяа бизнесийн хүрээллийн хүмүүс асар их дэмжиж байгааг та бүхэн харж буй байх. Хэвлэл мэдээллийнхэн, судлаачид, олон нийтийн байгууллага, ард иргэдийн болон орон нутгийн төлөөлөл тэр үндэсний зөвлөгөөнд урилгаар оролцсон. Дараа нь УИХ дээр намын бүх бүлэг хуралдаад гарын үсгээ зурж, “Ерөөсөө энэ Том төрөөс ухаалаг төр рүү гэсэн зарчмыг хамтарч дэмжье. Энэ бол бидний хамтын санаачилга юм. Бидний хамтарч хийх ажил юм” гэсэн.
Тэгээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярьж байгаад энэ санаачилгыг хэрэгжүүлэх талаар 2014 оны ажлын төлөвлөгөө гаргасан байгаа. Эдгээрийг харахад үндэсний зөвшлийн хэмжээнд энэ ажил хүрсэн байна. Одоо бидэнд хийхээс өөр аргагүй болж байна. Бидний хийх ажил, зорилго тодорхой боллоо. Ухаалаг төр гэж яриад буйн цаана ерөөсөө улс орны хөгжлийн асуудал байгаа юм.