Ерөнхийлөгчийн зарлигийг ЗГХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга нарт гардууллаа
2014.01.09

Ерөнхийлөгчийн зарлигийг ЗГХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга нарт гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ оны 01 тоот зарлигаа өчигдөр гаргаж төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж эдийн засгийн харилцаанд иргэдтэйгээ ижил тэгш оролцох, тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэгэн адил үүрэх, улмаар энэ нь төрийн бодлогод нөлөөлдөг байх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий агентлагуудаас бусад  Засгийн газрын байгууллагуудыг нэг дор төвлөрүүлснээр төр иргэдэд ойр, хүртээмжтэй болно гэдгийг зарлигт тусгасан юм.

 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт гардуулан өгөв.

Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж аваад ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн цогц бодлогыг багцаар нь хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар санал санаачлагатай ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Уг бодлогын хүрээнд хийх ажлууд Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжинэ. Зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд нар гарын үсэг зурсан байна.

Засгийн газраас 2014 оноос эхлэн хэрэгжүүлэх концессын бүх барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажлуудыг ойрын өдрүүдэд эцэслэн жагсааж гаргана. Төр, Засгийн газрын агентлагууд түрээсийн нөхцөлтэйгээр хувьчилсан байранд нэг дор төвлөрч орно гэдэг нь хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтад найдвартай нөхцөл байдлыг үүсгэж өгч байна. Зарлигийг хэрэгжүүлэх ажилд Засгийн газар цаг алдалгүй орж зохих ажлуудыг хийнэ” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг нь ихээхэн онцлог, 1990 оноос хойш болсон үйл явдал дотор содон ул мөрөө үлдээх арга хэмжээ боллоо гэж хэлж болно. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг баталгаажуулж, харилцан бие биеийнхээ өмнө үүрэг хүлээсэн чиглэлтэй зарлиг өмнө нь гарч байсныг би санахгүй байна. Ийм зарлиг анх удаа гарч байна.

Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн зарлигийг бид заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Иймээс Нийслэлийн засаг захиргаа Засгийн газартай хамтарч зарлигийг хэрэгжүүлнэ” гэв