Ц.Элбэгдорж: Сүүлийн 500 жилд олдоогүй боломжийг 1990 онд Монголчууд олж авсан
Цахиагийн Элбэгдорж. 1963 оны гуравдугаар сарын 30-нд Ховд Аймгийн Зэрэг суманд төрсөн, гэр бүлтэй, таван хүүхэдтэй. Ц.Элбэгдорж нь 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын найман жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын нэгдүгээр 10 жилийн сургууль, 1988 онп Украйны Львовын цэрэг, улс төрийн дээд сургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалжээ. Англи, орос Хэлтэй.
1981-1982 онд “Эрдэнэт” үйлдвэрт машинист, засварчин, 1982-1983 онд ардын армид байлдагч, түрүүч, Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүрийн дарга, 1988-1990 онд “Улаан Од” сонинд сурвалжлагч, армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч, 1989-1991 онд МоАХ-ны тэргүүлэгч, 1990 онд “Ардчилал” сонины эрхлэгч, 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 1991 онд Монголын Ардын Аж Ахуйтны Холбооны тэргүүн, 1992-1994 онд УИХ-ын гишүүн, 1992 оноос “Залуу удирдагч” сангийн удирдлагын зөвлөлийн байнгын гишүүн,
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
1993 оноос Улс Төрийн Боловсролын Академийн захирлын зөвлөлийн гишүүн, 1992-1994 онд МҮАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн, 1994-1996 онд Монголын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн шинжээч, 1996-1999 онд МҮАН-ын дарга, 1996-2000 онд УИХ дахь МҮАН болон социал демократ намын ардчилсан холбоо эвслийн дарга, 1996-1998 онд УИХ-ын дэд дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, 2003 оноос МоАХ болон “Залуу удирдагч” сангийн хүндэт ерөнхийлөгч, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2005-2008 онд Ардчилсан Намын дарга, 2008 онд УИХ-ын гишүүн, 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Хорин гурван жилийн өмнө ардчилсан хувьсгалын үеэр тавьсан зорилгодоо өнөөдрийн өндөрлөгөөс харахад тодорхой хэмжээнд хүрчихлээ. Тэр үед бид ард түмнээсээ тасарсан дарга ангийг энд тэндгүй байртай гэж шүүмжилдэг байлаа. Гэтэл өнөөдөр тэр нийгмийн ялгаатай байдал ахиад бий болчихлоо. Бид тэгэхэд “хэтэрхий хичээчихэв үү” гэсэн бодол таньд төрдөг үү?
Төрөлгүй яахав. Бид зам зуураа цэвэрлэх ёстойг цэвэрлээд, засах нэгийг нь засаад явах ёстой юм. Хийгээд явсан нь ч байна, хийлгүй удаасан зүйлүүд ч байна. Үүний нэг жишээ нь төрийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцож буй байдал, төрийн гажууд авир. Ийм зүйлийг засалгүй хэтэрхий удсан учраас үүнийг хийх цаг нь болжээ.
Та яагаад үндэсний хэмжээний чуулган зохион байгуулах болов? Та дохио дуугараад удлаа гэж хэлсэн. Юу таныг ийм зүйл санаачлахад хүргэв?
Төрийг өөрийнхөөрөө урлах боломж Эзэнт гүрний үеэс хойш монголчуудад олдож байгаагүй. Бүрэн утгаараа тусгаар тогтнолоо олоод 20 гаруйхан жил боллоо. Энэ бол 500 жилд анх удаа олдсон боломж гэж бодож байна. Ухаалаг төр лүү шилжинэ гэдэг огт шинэ зүйл биш. Үнэндээ хүн бүхэн л энэ тухай ярьж байсан. Харин би энэ бүхнийг системчилж хүмүүст хүргэхийг хүссэн. 20 гаруй жилийн туршлагадаа үндэслээд бид юуг яаж засах вэ гэдгийг мэддэг болчихлоо. Одоо бид шийдвэр гаргах л хэрэгтэй.