С.Одонтуяа: Бид төрийн зохицуулалт, оролцоо хоёроо ялгаж салгамаар байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа
2013.12.17

С.Одонтуяа: Бид төрийн зохицуулалт, оролцоо хоёроо ялгаж салгамаар байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяатай  ярилцлаа.

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо тодорхой болгож, УИХ-аар батлах гэж байна. Та ажлын хэсгийг нь ахалж яваагын хувьд ямар утга агуулгатай баримт бичиг гарах гэж байгааг тайлбарлахгүй юу?

-Уул уурхайн салбараа хөгжүүлсэн шиг хөгжүүлье гэвэл 2025 он хүртэл энэ бодлогыг баримталъя. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай уул уурхайтай орон болох зорилтыг л энэ баримт бичигт тусгаж байгаа юм. Эрдэс баялгийн салбарт төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байсаар ирсэн. Тиймээс яах аргагүй нийгэм даяараа хүлээлт үүсгэсэн, нөгөө талаар олон ашиг сонирхлын зөрчилдөөн дундаас гарч ирэх бодлого байх болов уу. Яагаад гэвэл төр өөрийн бодлогоо тодорхойлно.

Хувийн хэвшлийнхэн, иргэд болоод иргэний нийгмийн ашиг сонирхол ч энэ бодлогод тусах учиртай. Эдний аль аль нь өөрийнхөө эрх ашгийг давуу тусгуулах гэж хичээх нь дамжиггүй. Тиймээс энэ эрх ашгийг баримт бичигт тэнцвэртэй тусгахын төлөө ажлын хэсэг хичээж ажиллаж байна. Мэдээж Засгийн газраас анх оруулж ирсэн төсөл сайн байсан. Олон орны туршлагыг судалсны үндсэн дээр дэлхий нийтийн жишигт ойртуулсан учраас тэр л дээ. Харин манай ажлын хэсэг энэхүү төсөлд улс төрийн чухал шийдвэр, байр суурийг зоригтойгоор оруулж өгье гэдэг байдлаар л саналуудаа нэмж тусгасан байгаа.

-Тухайлбал, эрдэс баялгийн салбарт төрийн оролцоог хязгаарлах бодлого баримтлахаар тусгаж байгааг хэлээд байна уу?

Ер нь бол тийм сүүлийн үед төрийн капитализмын тухай олон улсад нэлээд хүчтэй яригдах болсон. Манай улс жижиг орон, дээрээс нь хоёр том хөршийн дунд оршдог. Том гүрнүүд үндэстэн дамнасан корпорацийн бодлогууд цаашид хүчтэй мэдрэгдэх учраас манай төрийн бодлого маш ухаалаг, алсын хараатай байж, нэн тэргүүнд эдийн засгаа чадавхижуулж, хүчирхэгжүүлээд авах хэрэгтэй.

Эс бөгөөс Грек шиг өрөндөө баригдаж, бүх зүйлээрээ барьцаалагдана. Сул эдийн засагтай орны төр хүчтэй байна гэж хэзээ ч байдаггүй юм. Гэхдээ үүнийг ярихын өмнө төрийн капитализмын тухай онцолмоор байна. Төрийн капитализм гэдгийг манайхан зөв ойлгох хэрэгтэй байгаа юм. Зөв ойлгоогүй учраас “Төрийг өмчгүй болгож, ард түмнийг юу ч үгүй үлдээх нь” гэж хий хоосон яриад байна.

Төрийн капитализмыг амжилттай хэрэгжүүлж, улсаа хөгжүүлсэн хоёр жишээг энд дурдъя. БНСУ- ын удирдагч Пак Чён Хи гэж генерал дайны дараа богино хугацаанд улсаа хөгжүүлэхдээ төрийн капитализмын зарчмыг хэрэгжүүлсэн байдаг.

-Тэр нь ямар зарчим юм?

Төр өөрөө бизнест хутгалдаж, өөрөө бизнес хийхийг хориглосон

-Төр өөрөө бизнест хутгалдаж, өөрөө бизнес хийхийг хориглосон. Оронд нь төр улсынхаа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлдэг тогтолцоо руу шилжсэн. Үүний хүрээнд үндэсний компаниудаа цуглуулаад “Та нар дэлхийд өрсөлдөх чадвартай бол. Усан онгоцны үйлдвэр барь. Бидний зүгээс ямар тусламж хэрэгтэй байна. Зээл хэрэгтэй юу. Боловсон хүчнээ бэлтгэхэд ямар дэмжлэг шаардлагатай байна гэх мэтээр хувийн хэвшлээ дэмжих ажлыг эхлүүлсэн байдаг.

Үнэхээр үр дүнд нь Солонгосын үндэсний компаниуд хүчирхэгжсэн. Hyundai корпораци гэхэд л олон зуун мянган ажилтантай, дэлхийд тэргүүлэгч компани болж чадсан. Үүнтэй адилхан олон арван компанийг тэд бий болгосон. Тэр бүгд нь Солонгосын том баялаг болж үлдсэн юм. Төр тэдний бизнест хутгалдаж, төр өөрөө мөнгөний хойноос хөөцөлдөлгүй зөвхөн зохицуулах үүргээ гүйцэтгэсний сайн үр дүн гарсны тод жишээ нь энэ. Солонгосын төрийн зохицуулалтын сонгодог жишээ энэ л дээ. Харин төрийн оролцоо гэдэг нь бизнест хутгалдахыг л хэлээд байгаа юм. Үүнийг манайхан ялгаж салгамаар байна.

-Нөгөө жишээгээ хэлэх үү?

-Сингапур байна. Сингапур бол хэзээнээсээ хувийн хэвшлийг тууштай дэмжиж ирсэн орон. Төр нь хийх ёстой ажлаа сайн хийдэг. Хувийн хэвшлээ хангалттай дэмжиж, тогтмол татвараа сайн төлөөд явах нөхцөлөөр нь хангаж өгдөг. Ингэж хуримтлуулсан мөнгөө авлигад зориулж үрэн таран хийх эсвэл халамж нэрээр цацаад дуусгачихдаггүй хуримтлуулж чаддаг.

Нэгэнт их хэмжээний мөнгө хуримтлуулж чадсан учраас мөнгөө гадаад зах зээлд гаргаж, үр ашигтай хувьцаа авдаг. Эсвэл усан онгоцны портуудыг худалдан авч мөнгөө эргэлдүүлдэг. Одоо Сингапурын “Тимасек” компани манай Оюу толгойн хувьцааг худалдаж авсан байх жишээтэй. Дотоодын компаниудтайгаа өрсөлдөх биш гадаад зах зээл дээр хүчирхэгжих арга замыг Сингапур сонгож байна.

Зохицуулалтаа зөв хийсэн учраас ийм үр дүн гарчээ?

-Сингапурт байдаг миний нэг танил “Манай Засгийн газар 100 жил идэх мөнгөө хуримтлуулчихсан” гэж ярьж байлаа. Энэ бол сайн засаглалтай байсны л үр дүн шүү дээ. Дээрээс нь Сингапур бол бараг авлигагүй орон болж чадсан. Гэхдээ манайхан төр хүчтэй, төр бизнесээ хийдэг байж улсаа хөгжүүлнэ гээд Сингапурын жишээг хуулж болохгүй юм. Яагаад гэвэл Сингапур бол шар өөр орон. Манайд өнөөгийн байдлаар засаглал ийм муу байгаа үед энэ жишгийг хуулбал авлигыг улам л нэмэгдүүлнэ гэсэн үг.

-Төр аливаа бизнест хутгалдаад, гал тогоо руу нь ороод ирэхээрээ авлига, хүнд суртал газар авч эцэстээ дампуурдаг жишээ манайд олон бий шүү...

-Дэлхий нийтэд хэрэгжүүлээд үр дүнгээ өгчихсөн ийм онол байсаар байтал манайхан хэт улстөрждөг юм уу, популизм хийгээд байдаг юм уу. Эсвэл эдийн засгийн онолоо огт мэддэггүй юм уу. Ямар ч байсан “Төрд өмч байх ёстой” гээд дайраад байдаг. Төрд өмч байж болно. Гэхдээ төр бизнес хийх шаардлагагүй. Төр өөрийнхөө үндсэн ажлыг л сайн хийх ёстой. Тэр нь бүртгэлээ хийдэг, зөвшөөрлөө олгодог, хянадаг, нөхөн сэргээлт хийлгэдэг л байх тухай юм. Мөн хувийн хэвшлийнхэндээ яаж тусалж дэмжих тухай л төр ярих хэрэгтэй.

Түүнээс биш дотоодын) компаниудтай уралдаж бизнес хийдэг, хувийн хэвшлийнхний бизнес хийх зах зээлийг хааж боох ёсгүй. Төрийн оролцоо давуу байгаа үед компаниуд ашигтай ажиллах ямар ч боломж байхгүй. Олсон ашиг бүр нь улс төрийн намуудын сонгуулиар өгсөн бэлэн мөнгөний амлалтад зориулагдана шүү дээ. Тиймээс төрийн бодлого нь ойлгомжтой, хууль тогтоомжууд нь уялдаатай байх ёстой. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб нэг судалгаа хийсэн байна лээ.

2006 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш шүүхээр шийдэгдсэн уул уурхайн салбарын маргаануудыг нэг бүрчлэн судалж л дээ. Гэтэл маргаан үүсч, шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлуудын 70 хувь нь төрийн буруутай үйл ажиллагаанаас болсон байна гэнэ лээ. Дүгнэлт хийхэд төр үндсэн чигүүргээ маш муу биелүүлсэн гэсэн үг. Ийм учраас л төрийн оролцоо ямар хэмжээнд байхыг бодлогоороо заагаад өгчихье.

-Энэ санаа баримт бичигт яг ямар томьёоллоор орж байгаа вэ?

-Төрийн зохицуулалтыг бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд төгөлдөржүүлж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд шууд оролцохыг хязгаарлана гэдэг байдлаар оруулж байгаа. Төр хийх ёстой үүргээ л биелүүл. Мөнгөний араас гүйхээ боль л гэж байгаа юм. Юуны төлөө гүйх вэ гэвэл тогтвортой татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө явах ёстой.

Мөн төрийн өмчийн аж ахуйн нэгж нь ерөнхий гэрээлэгчийн зарчмаар ажиллаж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг хэрэгжүүлнэ гэдэг заалт орж байгаа. Хэрэв энэ заалтуудыг хасаад хаячихвал Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого нь өөрөө учир дутагдалтай болно гэсэн үг л дээ.

-Энэ байдлаараа батлагдвал мэдээж сайн хэрэг. Гэвч гишүүд дэмжих хандлага байна уу. Эсвэл эсэргүүцэгчид нь олон байна уу?

-Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлэг болохоос өмнө бас л хэцүү байсан шүү. Гишүүдийн ихэнх нь төрийн оролцоо байх ёстой гэдэг байр суурь дээр зогсох хандлагатай байсан. Уг нь бол тэд дотроо төрийн оролцоог хязгаарлах нь зүйтэй гэдэг саналтай байсан боловч үнэнийг хэлэхэд дараагийн сонгуулиа боддог ч юм уу, нэг намын бүлэг, нөгөө намын улс төрийн дайралтаас айдаг ч юм уу, эдийн засгийн зоригтой реформыг хийхдээ тээнэгэлзээд байх юм.

Монголын улстөрчид олон жил эдийн засгаа урдаа тавихаас илүү улс төр, хоосон популизм, эх оронч дүр эсгэж цээжээ дэлдэхээ урьтал болгосны уршиг өнөөдөр гарч байна.

Гэхдээ сая Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг сэдэвтэй уулзалт хэлэлцүүлэг боллоо. УИХ-ын гишүүд энэ сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчтэй уулзлаа. УИХ дахь намын бүлгийн дарга нар үүний хүрээнд санамж бичигт гарын үсэг зурлаа. Төр бүхнийг хийх ёстой гэдэг зарчмаар яваад амжилтад хүрэхгүй нь ээ. Үр дүнд нь гаргаж байгаа зардлаа өөрөө дийлэхээ байж, авлигад идэгдээд ялзарч дуусах нь ээ. Тиймээс нүсэр бүтцээсээ салж, ухаалаг төр рүү шилжье гэдэг санамж бичигт гарын үсэг зурчихлаа.

Хууль батлах гишүүдийн үзэл бодлыг өөрчлөхөд Ерөнхийлөгчийн санаачилсан энэ уулзалт түлхэц өгсөн болов уу гэж ажлын хэсгийн ахлагчийнхаа хувьд баярлаж байлаа. Тийм учраас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгаж байгаа энэ саналыг гишүүд дэмжинэ гэж найдаад сууж байна. Төрийн оролцоог хязгаарлая гээд хэлчихээсээ шийрэгнэж, эргэлзэж, тээнэгэлзээд байсан хүмүүсийн бодол өөрчлөгдсөн байх гэж итгэж байна. Чухам юу болохыг ирэх пүрэв гаригт л харж дээ.

•Өнөөдрийг хүртэл лиценз олголт замбараагүй байснаас хэн дуртай нь газар ухдаг байдал хавтгайрсан гэдэг шүүмжлэл бий. Тэгвэл энэ талаар ямар бодлого барихаар оруулж байгаа юм бол?

-Төр бүртгэх, зөвшөөрөл олгох, хянах үндсэн үүргээ сайн биелүүлээгүйгээс ийм замбараагүй байдал үүсчихсэн байсан юм. Лицензүүдийг давхардуулж олгодог, ашигт малтмалын олборлолт явуулах ёсгүй газар лиценз олгох гэх мэтийн зөрчлүүд гарсан шүү дээ.. Үүнийг цэгцэлж замбараатай болгохын тулд бүртгэх,, зөвшөөрөл олгох, хянах үүргийг нь энэ бодлогод ойлгомжтой байдлаар тусгаж өгөхийг зорьж байна. Нөгөө талаар уул уурхайн орд болон хувьцааны үнэ цэнийг өргөх хэрэгтэй байна. Тэгж байж гадаад зах зээл дээрх Монголын эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ өсч, бидэнд ашиг ирнэ.

Бялуу байлаа гэж бодъё. Олон улсын стандартын дагуу орчин үеийн зөв технологиор том бялуу хийхгүй юм бол ард түмэн, улс орны хүртэх ашиг багасна гэсэн үг. Үүнтэй адилхан олон улсын зах зээл дээр уул уурхайн ордуудынхаа үнэлгээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ утгаараа эрдэс баялгийн бодлогодоо олон улсын стандартын асуудлыг нарийн тусгаж өгсөн. Тухайлбал, нөөцийн үнэлгээ тооцох олон ул- сад хүлээн зөвшөөрөгддөг аргачлалыг хэрэглэдэг байя, эрдэс баялгийн салбарт мэргэшсэн шинжээчдийг бэлтгэдэг болъё, энэ салбарт үүссэн маргааныг олон улсад ойлгомжтойгоор хүнд сурталгүй шийдэрлэдэг байя, уул уурхайгаар мэргэшсэн эдийн засагч, хуульч бэлтгэе гэх зэргийн асуудлуудыг тусгаж байна.

Нөгөө талаар өнөөдрийн байдлаар төрийн өмч бол ард түмнийх гэдэг нэрээр халхавч хийж, цөөн хэдхэн хүн завшдаг үзэгдэл байх магадлал өндөр шүү дээ. Тийм ч учраас уул уурхайн баялгийн ашгаар бий болсон үр дүн монгол айл бүрийн хаалгаар орж, хүн бүрт тусахгүй байгаа нь нууц биш. Тийм учраас дахин хуваарилалтын асуудлыг ч бодлогодоо тусгаж байна.

-Ямар хэлбэрээр тусч байгаа юм бэ?

-Баялгаас орж ирсэн ашиг орлого айл өрхийн хаалгаар орохоосоо өмнө төрийн нүсэр аппаратын зардалд шингэдэг эсвэл хэдхэн хүн цөлмөөд дуусгадаг болчихоод байна л даа. Тэгэхээр аль болох үүнээс татгалзах ёстой. Яаж хуваарилах вэ гээд толгойгоо гашилгаад байх шаардлага ч алга. Олон улсад хэрэглэдэг бэлээхэн туршлагууд байна.

Хүний хөгжил сангаар дамжуулж бэлэн мөнгө хэлбэрээр тараахаа болъё гэж үү?

-Баялгаас олсон орлогоо улсынхаа олон тулгуурт эдийн засгийг чадавхжуулахад зориулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хараат улс болж хувирна. Баялгаас олсон ашгаа улстөрчдийн амлалтыг биелүүлэхэд зориулж, бэлэн мөнгө хэлбэрээр цацахгүй байя л гэсэн санаа.

Одоогийн байдлаар баялгаас орж ирдэг ашгийг Хүний хөгжил сан, Тогтворжуулалтын санд төвлөрүүлж байгаа шүү дээ. Удахгүй Монгол Улс баялгийн сантай болох гэж байна. Ингэснээр баялгаас орж ирэх орлогоо энэ санд төвлөрүүлж, хойч үедээ хадгална. 2030 он хүртэл энэ сангийн мөнгөөр оролдохгүй л гэсэн үг.

-Уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа хуулиуд тогтворгүй, байнга өөрчлөгддөг гэсэн шүүмжлэл байдаг. Энэ талаар баримт бичигт яаж оруулж байгаа вэ?

-Ер‘ нь бид “Ашигт малтмалын тухай хуулийн ийм ийм заалтууд 2025 он хүртэл өөрчлөгдөхгүй” гээд зарлачих хэрэгтэй байгаа юм. Энэ нь өөрөө олон улсад зөв ДОХИО болж очих юм л даа. Өнөөдрийн байдлаар манайхан уул уурхайн салбарын хууль, тогтоол, журмуудыг судалгаа шинжилгээгүй, мэргэжлийн эрдэмтэн судлаачидтай ярьж хэлэлцэлгүй, иргэний нийгэм, иргэдийн үгийг сонсолгүйгээр гаргачихдаг.

Тэр хууль, тогтоомжууд нь бодит амьдралд нийцдэггүй, хоорондоо зөрчилддөг. Үүнээс нь болж олон аж ахуй нэгжийн ажил зогсдог, хаалгаа барьдаг. Тийм учраас төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго чиг үүрэг бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч мэргэжлийн холбоод болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн тэгш байдлыг хангасан бодлогын зөвлөлийг байгуулж ажиллуулна гэсэн заалт оруулж байна. Энэ мөн л дэлхий нийтийн жишиг шүү дээ.

-Ямар жишээ байна...

-Сая УИХ-ын гишүүд Солонгосын үндэсний ассамблейн гишүүдтэй уулзлаа. Ассамблей 300 гаруй гишүүнтэй юм билээ. Гэтэл тэдний ард 150 гаруй эрдэмтэн, судлаач ажилладаг юм байна. Яагаад гэхээр УИХ-ын гишүүдээр зөв хууль батлуулж, зөв шийдвэр гаргуулахын төлөө мэдээлэл, судалгаагаар хангах үүрэг хүлээж байна. Энэ судалгааны багийн гаргасан зөвлөмжийг УИХ- ын гишүүдийн дийлэнх нь анхааралтай авч үздэг юм байна.

Үүнтэй л төстэй. Манай уул уурхайн салбарт гарах тухайн хуулийг чанартай болгохын тулд Бодлогын зөвлөл зөвлөмж гаргах талаар тусгасан байгаа. Энэ зөвлөмжийг нь хууль санаачлагч үзээд өргөн барих гэж байгаа хуулийнхаа эерэг, сөрөг талыг ялгаж, салгаж харах боломж бүрдэнэ. Эсвэл бодлогын зөвлөлд байгаа эрдэмтэн судлаачдаар нэмэлт судалгаа ч хийлгэж болно.

Хууль санаачилж  боловсруулах ажлыг ингэж чанаржуулахгүй бол өнөөдөр хэн дуртайнь сонгуулийн өмнө сэтгэлийн хөөрлөөр нэг хууль өргөн бариад батлуулчихдаг дутагдал манай УИХ-д байгаа шүү дээ. Дотор нь байгаа хүний хувьд үүнийг мэдэрсэн юм.

-Бид нинжа гээд яриад хэвшчихэж. Тэдний тухайд төрөөс ямар бодлого барихаар баримт бичигт оруулж байна вэ?

-Бичил уурхайн олборлолтын талаар тусгай журам гарсан учраас үүний дагуу иргэд хэсэг бүлгээрээ хоршиж орон нутагтай гэрээ байгуулж, аль талбайд олборлолт хийхээ заалгаж, зохион байгуулалттай ажиллаад эхэлсэн. Хэдийгээр амьдралаа залгуулах гэж байгаа ч улсынхаа хууль тогтоомжийн хүрээнд ажиллахаар хичээж яваа хариуцлагатай бичил уурхай эрхлэгчдийг бодлогоор дэмжих асуудал баримт бичигт туссан.

Харин хаа дуртай газраа сэндийчдэг, өөрсдийнхөө эрүүл мэндийг ч үл хайхарч, нөхөн сэргээлт хийх тухай боддог ч үгүй ганц нэгээрээ хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулдаг хэсгийг дэмжихгүй гэдэг бодлогыг тусгаж байгаа даа.

-Ингэхэд та Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ажлын хэсгийг мөн ахалж байгаа гэсэн үү?

-Тийм шүү. С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл л дөө. Иргэний эрүүл мэндийн даатгал нь иргэн бүрт хамаатай учраас хуулийн төсөл дээр ажиллахад үнэхээр их цаг хугацаа авч байна. Хоёр гишүүний тус тусдаа өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэсэн учраас маргаан ч гарах юм. Зарим зүйл заалт дээр санаачлагч хоёр гишүүнд маргалдах зүйл гарч ирдэг учраас амаргүй л байна.

Гэхдээ хуулийн төслийг бүх шатанд хэлэлцүүлж байгаа. Хувийн болоод төрийн өмчийн, хот хөдөөгийн гээд бүх шатны эмнэлгүүдийн саналыг авч байна. Шинэ хуульд эрүүл мэндийн даатгалын засаглалын асуудлыг тусад нь бие даасан байдлаар тусгаж байгаа. Эрүүл мэндийн даатгал нь хараат бус үндэсний зөвлөлтэй байхаар болж байгаа. Энэ нь даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалахад гол үүргийг гүйцэтгэх юм.

-Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлөөд байгаа мөртөө түүнийгээ ашиглаж чадахгүй байна гэдэг гомдол байдаг. Үүнийг яаж өөрчилж байгаа вэ?

-Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлөөд л байдаг. Тэгээд шаардлагатай үед эмнэлэгт яваад очихоор чанартай үйлчилгээ авч чаддаггүй гэсэн гомдлыг иргэд тавьдаг шүү дээ. Тийм учраас дийлэнх нь гадагшаа явж эмчлүүлж байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал төлсний үр ашиг гарахгүй байна гэдэг. Үүнийг засч залруулахын тулд эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг хийж байж эмнэлгийн засаглалтай холбоотой шинэчлэлийг хийх шаардлага гарч байна.

Өөрөөр хэлбэл, манай эмч нар өдөрт хэдэн хүн үзэж, хэдэн цаг ажиллах нь хамаагүй тогтсон хөдөлмөрийн хөлсөө аваад явдаг. Хийснээр нь хөдөлмөрийн хөлсийг нь үнэлэх тогтолцоо алга. Ийм тогтолцоо руу оруулахын тулд эмч багш нарыг төрийн албан хаагчийн статусаас нь гаргаж, нийтийн албаны хуулиар зохицуулах асуудал яригдаж байгаа шүү дээ. Ингэж байж Монголынхоо эмнэлгийг эрэлттэй болгож, иргэд гадаадад биш эндээ л үзүүлдэг байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Ийм тохиолдолд иргэн бүр төлдөг даатгалаа жинхэнэ утгаар нь ашигладаг болох юм шүү дээ. Түүнчлэн өнөөдөр иргэд ажиллаж байгаа албан байгууллагаараа дамжуулж улсад сар бүр эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэтэл хувиараа их хэмжээний ашиг олдог иргэд ердөө 670 төгрөгийн даатгал төлдөг байх жишээний шударга бус байдал бий. Үүнийг тэнцвэржүүлэх асуудал хуулийн төсөлд туссан. Эмэгтэйчүүдийн төрөлт төрд хамаарах тусламж үйлчилгээнд хамрагддаг.

Гэтэл төрсний дараа олон төрлийн хүндрэл гардаг. Хавсарсан өвчнийг эмчлэх шаардлагатай болдог. Гэтэл төр бүгдийг даах боломжгүй тул төрөх процессоос бусад эмчилгээг даатгалд хамруулъя гэж байгаа. Мөн хавдрын тусламж үйлчилгээг төр даах хэдий ч хавдрын өдрийн туяаны эмчилгээ болон бусад зарим тусламжийг даатгалд хамруулахаар тусгасан.