2013.11.25

Хэрэглээний зах зээлд төрийн оролцоо өндөр байна

25-дугаар суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс-Ухаалаг төр лүү” зөвлөлдөх уулзалтын хүрээнд ярилцлаа. Нэвтрүүлгийн зочдоос УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Гарамгайбаатар нарын байр суурийг онцолж байна.

-Төсвөөрөө дамжуулан манай төр нилээн данхайчихаад байна уу?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хэрэглээний зах зээлд гол оролцогч нь төр болоод байгаа. Нийт компанийн олж буй орлогын 40 хувийг нь төсөв гаргаж байна. Тиймд төсвийн хэрэглээний зах зээлд эзэлж буй оролцоо өндөр. Үүнийг багасгахад бодолтой хандах ёстой. 20 жилийн хугацаанд бизнест түшиглэсэн эдийн засгийн бүтцийг хийх гэж оролдлоо.

Гэхдээ монголын хэрэглээний зах зээл бизнесийг авч явах таатай орчныг бүрдүүлж чадахгүй байгаа. Том компанийн эздийн дийлэнх нь их хуралд бий. Тэр нь хэрэглээний зах зээлд бизнес хийх таатай орчин байдаггүйгээс төрөө мөнгөний машин болгож хувиргах систем рүү нь явдаг юм уу гэж ойлгодог.

Эдийн засгийн салбарт төрийн оролцоо өндөр байх ёстой. Тиймд хариуцлагатай, сайн засаглалтай хяналттай. Гэхдээ томоохон хэдэн стратегийн орд дээр юм уу, томоохон хэдэн экспортын чиглэлийн үйлдвэр нь төрийн эзэмшлийн байх ёстой гэж боддог. Хувийн хэвшил бүгдийг нь авч явна гэдэгт би итгэдэггүй.

-Б.Гарамгайбаатар гишүүн бол баялаг бүтээгчээс хууль тогтоогч болсон. Танд тийм зүйл мэдрэгдэж УИХ-д орсон уу. Эсвэл төрийн дарамтнаас айж орсон уу?

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

Төр хэтэрхий олон зүйлд оролцоод байна.

Бизнесменүүд УИХ-ын гишүүн болох гэж уралдаад байгаа зүйл байхгүй. Учир нь үзэл бодлын асуудлууд бий. Ардчилсан хувьсгал монголд үүсэн тогтож байх үед бид тэр зүйлийг хүсч, хамт мөр зэрэгцэн, тодорхой хэмжээнд улс төрийн амьдралд оролцож явсны хувьд улс төрд хийх ажил байна гэж орж ирсэн.

Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт хэлсэн үгэндээ 23 жил бид морин дэл дээгүүр давхилаа. Одоо бол мориноосоо буугаад өнгөрсөн 23 жилээ харах цаг иржээ гэсэн. Энэ нь одоогийн байгаа төрийн бүтэц хэт данхайсан, томорсон байгааг л хэлсэн. Нэг ёсондоо төр хэтэрхий олон зүйлд оролцоод байна. Төрийн хийх хийхгүй ажил гэж бий.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...