2013.11.18

Б.Бямбасайхан: Монголын эдийн засаг 2000 онтой харьцуулахад 10 дахин томорсон

Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын зочноор Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан оролцлоо.  

-Ер нь яагаад Ерөнхийлөгч “Том төрөөс Ухаалаг төр лүү” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах болов. Бизнес эрхэлж буй хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Монголд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоотой байгаа. Гэсэн хэдий ч бидэнд нэг талдаа санаа зовсон, нөгөө талдаа яаж илүү ихийг хийх вэ гэсэн яриа хэлцлүүд монгол даяар явж байна. Эдийн засаг, бизнесийн асуудлаар янз бүрийн клубүүд тус тусдаа монголчууд ирээдүйд хаашаа явж байна вэ гэдэг талаар ярилцаж байна.

Энэ олон бүлэг клубүүд нэг дор цуглараад монголчууд зөвхөн ойрын хугацаанд биш, улс төрийн циклээр биш харин 2020, 2030, 2040, 2050 он гэхэд хаашаа явах талаар ярилцаад замын зургаа гаргах гэж байгаа бол энэ миний хүсэн хүлээсэн үйл явдал боллоо гэж бодож байна.

-Бизнес эрхлэхэд том төр танд яаж саад болж байна вэ?

-Өнөөдөр бид хоёрхон урсгалтай замаар явж байгаа. Замаа өргөтгөж, сайжруулах шаардлагатай байна. Тэр замаар бизнесүүд машиндаа суун уралдаад явж байгааг монголын өрсөлдөх чадвар гэж харж болно. Өрсөлдөх чадварт юу шаардлагатай, яаж сайжруулахыг эдийн засгийн үүднээс харвал дэд бүтэц шаардлагатай.

Бидэнд хамгийн том бэрхшээл бол дэд бүтцийн хөгжилтэй холбоотой бэрхшээлүүд. Тэр нь юу гэхээр авто зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, усан хангамж гээд гол гол салбарууд дээр том төслүүдийг хэрэгжүүлснээр манай монголын бизнесийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Монголд төрийн оролцоо хэт их болох гээд байна уу.

Нөгөө талдаа бид бүх зүйл дээр төрөөс зөвшөөрөл авдаг шат дамжлага бий. Аливаа улсад, эдийн засагт зохицуулах шаардлагатай зүйлс байдаг. Тэрнээсээ хэтрэхээр хүмүүс санаа зовж эхэлдэг. Монголд төрийн оролцоо хэт их болох гээд байна уу гэсэн санаа зовоосон зүйл бий. Төрийн зохицуулалт байрандаа байвал их зүгээр байна.

-Хувийн хэвшлийнхэн бизнесийн болоод бусад салбарыг авч явж буй энэ үед төрийн оролцоо юун дээр хэтрээд байна. Ямар шүүмжлэл хэлэх вэ?

-Манай эдийн засаг 2000 онтой харьцуулахад 10 гаруй дахин томорсон. Нөгөө төлдөө 10 дахин томорсон эдийн засаг 2020 онд өнөөдрөөс 4,5 дахин томрох боломж бий. Энэ үйл явцад бидэнтэй өрсөлдөх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бид талхаа үйлдвэрлэж байхад төр орж ирээд адилхан талх үйлдвэрлэх гээд байх биш.

Нөгөө талаасаа талхны үнийг зохицуулах гээд байх шаардлагагүй. Талхыг хэрэглэгчдэд хэрэгтэй учраас л үйлдвэрлэж байгаа. Тэр харилцааг зах зээлийнх нь горимоор зохицуулахаар орхидог байх шаардлагатай. Төрийн зүгээс макро эдийн засгийн орчин, эрх зүй, зохицуулалт, татварын орчноо л тогтвортой байлгах хэрэгтэй. Бусад зүйл дээр битгий оролцооч гэсэн ерөнхий зүйл бий.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...