Ерөнхийлөгч, сөрөг хүчинтэй санал нэгдлээ
М.Энхболд МАН-ын дарга болсныхоо дараа хамгийн түрүүнд бусад намын удирдлагатай уулзсан. Нам болж талцахаас илүү үндэсний зөвшилцөл улс оронд хэрэгтэй гэдгийг тэрээр энэ уулзалт дээрээ тодотгож байсан юм. Тогтвортой хөгжлийн загвар бий болгох, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг нийгмийн томоохон асуудлаар зөвшилцөлд хүрэх ёстой гэсэн МАН-ын даргын саналыг намууд дэмжсэн.
Тэгвэл тэр уулзалтаас хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн санаачилга гаргалаа. Улс орныхоо хөгжлийн төлөө бүгдээрээ санаагаа чилээж байх, хамтдаа ярилцаж асуудлаа шийдвэрлэж байх үүднээс үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.
“Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ улсыг хэрхэн урагшлуулах ёстойг, УИХ, Засгийн газрын алдаа, оноо нь хаанаа байгааг, яаж хөгжих бололцоо байгааг баримттай, бас судалгаатай хэлж байлаа.
Эхлээд сөрөг хүчний намаас, үргэлжлээд Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй үндэсний зөвшилцлийн асуудлыг иргэд ч дэмжиж байгаа ажээ. “Том төрөөс ухаалаг төр рүү” зөвлөлдөх уулзалтын салбар хуралдаануудаар янз бүрийн санал, санаачилга гарсан бөгөөд тэрийгээ яриад орхих биш, ажил болгох ёстой гэдгийг төрийн тэргүүн сануулж байсан.
Өөрөөр хэлбэл, нэг нь хүч түрээд бүх асуудлыг шийддэг, мэддэг биш нийлж, нэгдэж ярилцаж явахын чухлыг “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалтад оролцогчид хэлж байлаа.
Засгийн газрын гишүүд нь бүгд УИХ-д ороод суучихдаг, үүнийг засах ёстой гэхээр Үндсэн хууль руу хандуулдаг зэргийг хатуухан шүүмжиллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд ч хангалтгүй дүн тавьж явдгаа хэлсэн үгэндээ хэдэнтээ дурдаж байсан. Засгийн газрын гишүүд нь бүгдээрээ УИХ-д ороод суучихдаг, үүнийг засах ёстой гэхээр Үндсэн хууль руу хандуулдаг зэргийг хатуухан шүүмжилж байсан. Мөн Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг буцаах зэрэг үндэсний зөвшилцөл шаардах ажлуудыг эхлүүлэх ёстой гэлээ.
Ингээд зогссонгүй УИХ-д, Засгийн газарт хандаж яаралтай хийх ажлуудыг нь хүртэл Ерөнхийлөгч зөвлөж байсан юм. Тухайлбал, Засгийн газарт хандаж 12 ажлыг яаралтай хийхийг зөвлөсөн бөгөөд үүнд нь Эрчим хүчээр өөрийгөө хангах, Төмөр замын бүтээн байгуулалт, Шатахуунаар өөрийгөө хангах, Агаарын тээврийг хөгжүүлэх, Уул уурхайн бүтээгдэхүүнээс бусад экспортыг 30 хувьд хүргэх зэрэг багтсан байлаа.
Харин УИХ-д хандсан зөвлөгөөндөө “УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтнуудыг огцруулах, чөлөөлөх, түдгэлзүүлэх зэрэг хариуцлагын тогтолцоог ажиллуулах" гэсэн санааг нэлээд дээгүүрт эрэмбэлсэн байсан юм.