Г.Баярсайхан: Ухаалаг төр том байх шаардлагагүй
Том төрийг ухаалаг төр болгох Ерөнхийлөгчийн санаачлагыг УИХ-ын гишүүд дэмжиж байна.
Саяхан төрийн тэргүүний санаачилсан “Том төрөөс ухааалаг төр лүү” гэсэн үндэсний зөвлөлдөх уулзалт болсон билээ. Энэ үеэр тэр Монгол улсын өмнө тулгамдаж байгаа гол бэрхшээлүүд бол бидний дундын зовлон юм гэдгийг онцолсон юм. Өөрөөр хэлбэл иргэн болгон төрийн, монголын нэг хэсэг, бүрдүүлэгч эс учраас саналаа хэлэх эрхтэй, болохгүй зүйл байвал өөрчлөх үүрэгтэй гэдгийг тодотгов. Тэрээр бид эхний ээлжинд өөрсдийнхөө дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг тодорхойлж, түүндээ дүгнэлт хийж ажиллах ёстойг ч сануулж байсан юм. Монгол улс хуулийн засаглалтай учраас хэн нэгэн албан тушаалтны эрх ашгийн төлөө хууль үйлчлэх ёсгүй. Тиймээс төрийн бүтцийг боловсронгуй болгож, төрийн үйлчилгээнд орчин үеийн технологийг ашиглан, төсвийн зардлыг бууруулж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зааг ялгааг тодорхой болгох санал гаргасныг хууль тогтоогчид санал нэгтэй дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
Ухаалаг төр том байх шаардлагагүй. Ерөнхийлөгч маань өнөөдөр төрд дутагдаад байгаа гол зүйлийг хэллээ. Маш олон яам тамгийн газар байна, албан үүргийн давхардал их байна. Энэ бүхэн цомхон болж байж гарах нь шийдвэр тодорхой болно. Ухаалаг төрийн шийдвэр тодорхой, олон нийтэд нээлттэй байх ёстой.
Төр томорч байгаагийн нэг шалтгаан нь төрд мэдлэг, технологийн дэвшил орж ирэхгүй байна.
Том төрөөс ухаалаг төртэй болох асуудал эдийн засаг, тэр тусмаа төсөвтэй ч бас холбоотой. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн дэх төсвийн зардал 63,5 хувь байгаа нь гажуудал гэдгийг гишүүд хэлж байна. Түүнээс гадна, ардчилсан, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн гэсэн атлаа өнөө хүртэл төвлөрсөн төсөвтэй, түүнийгээ дээрээс хувиарлаж, захиран зарцуулдаг нь ухаалаг төр байгуулахад саад болж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Ухаалаг төрийн асуудал бол зайлшгүй. Учир нь нэгдүгээрт, төр нь улс төр, эдийн засаг гэсэн хоёр талтай. Улс төрийн талаасаа энэ бол УИХ гэх хууль тогтоогч байгууллага. Хууль тогтоодгийн хувьд гүйцэтгэх засаглалд хяналт тавих ёстой. Гэтэл манай төр энэ ажлаа хийж чадахаа больчихсон юм. Тиймээс засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байдаг явдлыг зогсоож төрийг зөв гольдрилд нь оруулах хэрэгтэй. Эдийн засгийн талаасаа бол бид өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн шинжтэй байна.
гэсэн Ерөнхийлөгчийн дүгнэлттэй гишүүд санал нэг байна. Мөн хувиараа бизнес эрхэлснээс төрд ажиллах нь илүү ашигтай байгаа нь нийгмийн хөгжилд садаа болж байгааг хэллээ.