Ц.Элбэгдорж: Төр бизнесийн талбар болчихоод байна
Eagle "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож "Том төрөөс ухаалаг төр лүү" сэдвээр ярилцлаа.
Таны санаачилсан том төрөөс ухаалаг төр лүү гэсэн ажлыг таны хийж байгаа хувьсгал гэж хүлээж авч байгаа хүмүүс олон байна. Төр хэзээ томорч эхэлсэн гэж үзэж байна вэ?
Төрийн хийх ажил гажуудаж тэр цагаас эхлэн төр аажмаар томорч эхэлсэн юм.
Харин одоо зогсоох цаг боллоо.
Бид 24 жил морин дэл дээр явлаа. Одоо мориноосоо буугаад ярилъя. Хэрэв морь эцсэн бол морио сэлгэе. Онгоцоор бол засвар хийх болжээ. Нээлттэй нийгэм учраас Монголд маш их дохио дуугарч байна. Бид дохиогоо олж сонсохгүй байна. Бид энэ дохиог сонсох хэрэгтэй.
Ухаалаг төр лүү шилжихийн тулд ухаалаг төрийн түшээд хэрэгтэй.
Төрийг томруулж байгаа шалтгаануудаа олж харах хэрэгтэй. Томордгийн гол шалтгаан нь төрийг бизнесийн талбар мэтээр хүлээж авдагт байгаа юм. Нэг шинэ асуудал гарч ирэхээр шинэ байгууллага байгуулснаар төр улам л томордог. Жишээ болгоход гар утас эхлээд том байснаа үйлдэл нь олшрох тусам жижгэрсэн байдаг. Гэтэл төр эсрэгээрээ шаардлага гарах тусам томордог. Төр зарим илүүц ажлаасаа салж, хийх ёстой хүмүүсээр нь хийлгээд ирвэл төр ухаалаг болж чадна. Ухаалаг төр хийх ёстойгоо сайтар судлан боловсруулж, үр дүнтэй хийдэг.
Төр бизнестэй хутгалдсаны хохирлыг олон нийт хангалттай амсч байна. Ингэхгүйн тулд яах вэ?
Хамгийн түрүүнд төрийг аж ахуйн үйл ажиллагаанд оролцдог явдлыг зогсооё. 24 жилийн хугацаанд бид төр аж ахуйн бүх ажлыг зохицуулдаг байсан зуршлаасаа салж чадаагүй байна. Энэ сэтгэлгээг өөрчлөхөд мэдээж хүнд. Төр бүхнийг зохицуулах болохоороо бүгдийг нь ард түмнээс булаагаад авчихдаг хандлагатай. Харин эдүгээ бид хангалттай алдаа гаргаснаа ойлгож, тодорхой дүгнэлтүүдийг хийсэн учраас зүгээр нэг яриад суухаасаа илүүтэй аж ахуйн ажиллагаан дахь төрийн оролцоог хязгаарлах хуулиа боловсруулаад УИХ-аар батлуулчих хэрэгтэй. Дахин УИХ-аар төрийн аж ахуй нэгж байгуулах шийдвэр гаргуулмааргүй байна. 100 орчим төрийн аж ахуй нэгж байна гэсэн тооцоо байдаг ч орон нутгийг оролцуулвал энэ тоо 5000-д хүрч байна. Тэр байтугай яамдын дэргэд аж ахуй нэгж байгуулагдаж, түүгээр нь дамжуулж тэнд байгаа хамаатан садны хэлхээтэй цөөн хэдэн хүмүүс бизнес хийдэг болж, төрийн байгууллага нь бизнесийн байгууллага болчихоод байна.
“Том төрөөс ухаалаг төр лүү” уулзалт зөвлөгөөн дээрээ та 13 хууль санаачилсан гэж ярьж байсныг санаж байна. Эдгээр хуулийг батлахад УИХ-ын гишүүдийн хүсэл зориг хүрэх болов уу?
Энэ ажлыг хийхэд юун түрүүнд гурван зүйл хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт, манлайлал хэрэгтэй. Энэ тал дээр Ерөнхийлөгч идэвхтэй оролцож ажиллах ёстой. Надад үүнийг хийнэ гэсэн чадал, итгэл үнэмшил байна. Хоёрдугаарт, хууль, шударга ёс зэрэг өмнө нь хийж байсан ажлуудаа үргэлжлүүлнэ. Гурав дахь нь бол зөвшилцөл. УИХ-ын нам бүлгүүд миний санааг нэгдсэн байдлаар дэмжлээ. Тэгэхээр дээр дурьдсан 13 хууль батлагдах боломжтой гэж бодож байна.