Даргад өгсөн эрх ялзардаг, иргэнд өгсөн эрх хөгждөг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын семинарт оролцож үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нар семинар хийж байна. Та бүхний эндээс авч явах гол зүйл бол ажлын шинэ санаа, шинэ соёл. Буцаж очоод сумдынхаа Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг цуглуулж уулзах байх. Энд ярьсан шинэ санаа, шинэ соёлыг сумынхаа удирдлагад хэлж өгөөд, тэр хүмүүс цаашаа иргэддээ хүргэж, харилцах хэлбэрээр явах ёстой.
ИТХ-ын даргаар шинэхэн болсон хүмүүс байгаа. Шинээр Засаг дарга болсон улсууд байгаа. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс ч бий. Аль аль нь Монгол Улсад сүүлийн хориод жил болсон өөрчлөлт, үйл ажиллагаанд оролцсон, ямар нэг байдлаар мэдэх хүмүүс. Засаг дарга, ИТХ-ын дарга болно гэдэг сайн жишиг тогтоогч болно гэсэн үг. Иргэд даргаа харж байж жишиг тогтдог. Түүнийг та нар санаж авах ёстой. Аймгийн Засаг дарга сайн ажилтай, сайн ёс зүйтэй, сайн шаардлагатай хүн байх юм бол иргэд түүнийг дагана. ИТХ-ын дарга сайн хүн байх юм бол түүнийг дагана.
Аймгийн Засаг дарга гарч ирээд муу жишиг тогтоодог, өөрийн ах дүү, өөрийн тойрон хүрээлэгчдээ албан тушаал руу шахдаг, өөрөө хууль зөрчдөг, төсвийн мөнгийг өөрөө орж луйварддаг байж таарахгүй.
Та нар өрөөндөө суугаад, тэндээсээ шийдвэр гаргаж байгаа гэж бодож байгаа. Тэгвэл одоо хүмүүс айхтар болсон. Харцнаас чинь л “Энэ дарга ийм л юм хийж байна даа” гэдгийг мэддэг болсон. Аливаа байгууллага удирдлагаасаа шалтгаалдаг. Удирдаж байгаа хүн сайн бол, сайн соёлтой бол тэр байгууллага сайн болоод л явдаг. Удирдах хүн бол сүргийн манлай гэсэн үг. Сүргийн манлай буруу тийшээ хөтөлбөл аймаг буруу тийшээ л явна. Зөв тийшээ хөтөлбөл зөв тийшээ л явна.
Монголчуудын төрийн тухай ойлголт их гүнзгий, цэвэрхэн
Монголчуудын, ард иргэдийн төр рүүгээ хандсан шүүмжлэл яагаад их байдаг вэ гэхээр төрийн уламжлалдаа байдаг. Монголчуудын төрийн тухай ойлголт их гүнзгий, цэвэрхэн. Төрд муу хүн хүрээд ирэхээр түүнийг шүүмжлээд байдаг. Дарга хүний л төлөө зүтгэх ёстой, хууль л хэрэгжүүлэх ёстой гэсэн ойлголт генд нь суучихсан байдаг.
Та нар ярилцлага өгөхдөө аягүй бол “Би дарга боллоо. Хоёргүй сэтгэлээр зүтгэнэ” гэж ярьж байгаа. “Хоёргүй сэтгэл” гэдгийнхээ утгыг ойлгохгүй л ярьж байгаа. “Хоёргүй сэтгэл” гэдгийн цаана “Нийтийн эрх ашгийн төлөө үйлчилнэ” гэсэн ганцхан ойлголт байдаг. Нэгэнт би аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болсон хойно өөрийн эрх ашгийн төлөө биш, энэ аймгийн иргэдийн эрх ашгийн төлөө л явна гэж бодох хэрэгтэй. Түүнийг л “хоёргүй сэтгэл” гэдэг. Хүмүүс ажлаа өгөхдөө “Би хоёргүй сэтгэлээр үйлчиллээ, зүтгэлээ” гэж ярьдаг. Яг тэгж чадсан уу, үгүй юү. Тэр шалгуурт нийцэж ажиллах нь их чухал юм.
Төр муу соёлыг өөрчилдөг байгууллага. Сайн соёлыг бий болгодог байгууллага. “Манай аймагт авлига, хээл хахууль хэрээс хэтэрч байсан. Тэр дарга ирээд л өөрчилсөн шүү” гэдэг байх ёстой. Та нарын хийх ажил зам тавих, мал төллүүлэх гээд л гүйхдээ биш. Иргэдэд туслахдаа л байгаа. Өмнө байсан буруу соёлыг л өөрчлөхдөө байгаа. Замын мөнгөн дээр ажилладгийг болих дээр л байгаа. Түүгээр л та ялгарах ёстой.
Ер нь өмнөх Засаг даргаас та юугаараа ялгарах вэ? Зохион байгуулалтаараа, сахилгаараа, соёлоороо, хийх гэж байгаа зүйлээрээ ялгар.
Төр бол зөвшөөрөл олгогч биш. Төр бол зөвшөөрлийг хянагч байх ёстой. Хуулиа тэгж өөрчил гэж Засгийн газарт хэлээд байгаа. Мэргэжлийн байгууллагууд зөвшөөрлийг нь олгоно. Эхний ээлжинд төр тэр зөвшөөрлүүдийг цуглуулж хувийн хэвшилд аваачиж өгч болно. Одоо төр зөвшөөрөл олгогч болохоор л төр зөвшөөрөл үйлдвэрлээд байгаа юм. Хүнд суртал үйлдвэрлээд байгаа юм. Төрийн хүнд суртал түүнээс нь гараад байгаа юм. Төр зөвшөөрлийг хянадаг, хууль зөрчвөл очоод шийтгэдэг болох ёстой.
Манайд мөнгөний хойноос, зөвшөөрлийн хойноос хөөцөлдсөн, өөрөөсөө хамаарал бий болгох гэсэн ёрын бодлого яваад байдаг. Энэ бол хамгийн буруу. Даргаас хамаараад ирэхээрээ хүн эхлээд тонголзоод явдаг. Дотроо бол дургүй байдаг. Хаалгаар гараад л дургүйцдэг. Тэр муу соёлыг л өөрчлөх хэрэгтэй.
Зөвшөөрөл өгөөд болохоо байхаараа эргэж очоод дахин бизнес хийгээд, дахиад л торгоод явдаг. Тэгвэл одоо зөвхөн нэг талдаа, өөрөөр хэлбэл хууль хэрэгжүүлэх, хянах талдаа л байх ёстой.
Хоёрдугаарт хэлэх гэсэн санаа бол төрийн бодлого, төрийн үйл ажиллагааг сэтгэл хөдлөлөөр явуулж болохгүй. Төрийн бодлого гэж юу юм бэ? Тодорхой зорилгод чиглэсэн үйл ажиллагаа. Дарга нар гарч ирээд хоёр хүний яриагаар асуудлыг шийдэх гээд байдаг. Түүнээс зугтах хамгийн сайн арга бол иргэдтэй харилцах, иргэдийн оролцоог бий болгох.
Төрийн хүч иргэдийн оролцоонд байдаг. Иргэдийн дэмжлэгт байдаг. Хуулийн хэрэгжилтэд байдаг. Би төр, гүйцэтгэх засаглалд олон жил ажиллаж үзлээ. Төрийн хүч иргэдийн дэмжлэг, тэдний оролцоо, хуулийн хэрэгжилт хоёрт л байдаг юм байна.
Дээрээс дарга нар ирэхэд “Энэ Засаг дарга, ИТХ-ын дарга иргэдээсээ мундаг дэмжлэгтэй дарга байна лээ шүү” гэж байвал тэр таны хүч. Түүнээс биш дээд дарга дэмждэг, аль нэг нам дэмждэг байвал тэр таны хүч биш. Дэмжлэг авахын тулд иргэдээсээ асуудаг, иргэдийнхээ оролцоог бий болгодог байх ёстой.
Монголын төрийн зам төр эрхтэй болоход биш, иргэн эрхтэй болоход байдаг. Дарга нар иргэдээсээ зугтаж биш, иргэдээ түшиж асуудал шийддэг ийм л хэлбэр рүү орох хэрэгтэй. Иргэдээ түшээд асуудал шийдээд ирэхээр сайн харилцаа үүснэ. Тайван, зөв харилцаа үүсч байна гэж хүмүүс ярьдаг. Иргэдээсээ асуугаад асуудал шийдээд ирэхээр түншүүд болдог. “Манай дарга биднээс асууж шийддэг” гэдэг. Бие биеэ үзэн яддаг улсууд биш болно. Итгэлцэл үүснэ. Хамгийн гол юм нь шийдвэрийн хэрэгжилт сайжирна.
Шийдвэр гаргадаг ажил нь ингээд бусдаас хамаараад ирэхээр дарга өөрөө хариуцлагатай болдог. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэдэг. Өөрөө хариуцлагатай болохын тулд эрх мэдлээс нь жаахныг бусад руу явуулаад ирэхээр аяндаа тэнд гарч байгаа шийдвэрүүд өөрийг чинь түлхээд эхэлдэг. Ингэж байнгын бэлтгэлтэй тамирчин шиг өглөө, өдөр, орой бүхэн санадаг юмтай, хийдэг ажилтай болно.
Хариуцлагатай болоод ирэхээр бүтээлч болдог.
Хариуцлагатай болоод ирэхээр бүтээлч болдог. Бүтээлч болоод ирэхээр үйл ажиллагааны үр дүн гараад ирдэг. Үр дүн гараад ирэхээр хөгжил бий болдог. Хөгжлийн томъёолол бол энэ. Ажлыг дэс дарааллаар нь, бодлогоор нь бодож, цаасан дээр бичиж суухад ийм дүгнэлтэд өөрөө хүрдэг.
Та бүхэн бичиж, тэмдэглэж авсан энэ шинэ санаагаа очоод эргүүлж харж, бусад хүмүүстэй ярьж, түүнийгээ дахин бичиж байвал ой тойнд нь тогтож танд үлдэнэ. Төрийн бүх түвшинд ажиллах хүмүүс гэж би та бүхнийг харж байгаа. Эхнээсээ та бүхэн өөртөө ийм сайн хэвшил бий болгочих.Тэгвэл сайн дадал, чадвар болоод явна.
Өөр нэг зүйл хэлэхэд Засгийн газар байгуулагдаад ажиллаад явж байхад манайд нэг дутагдал ажиглагдаад байна. Бүхий л зүйлийг төврүү авч ирж шийдэх гээд байдаг. Одоогийн энэ Засгийн газрын үед ч гарчих гээд байна. Жишээлбэл нэг хууль оруулахаар эрх мэдлийг нэмэгдүүлдэг, нэг асуудал гарахаар тэнд мэргэжсэн мэргэжлийн удирдлага алга, дээр нь би томилоогүй гэх жишээтэй.
Бид ийм байдлаар 20 гаруй жил явлаа.Одоо энэ асуудлын уялдаа, холбоогоо ойлгох, урагшлах цаг болсон. Төв Засгийн газар гэдэг бол энэ орон нутгийн удирдлагуудад үйлчлэх ёстой газар. Орон нутгийн засаг захиргаа бол иргэдэд үйлчлэх газар, дээр нь шийдвэрийг шууд хэрэгжүүлдэг газар. Ингэхээр төрийн эрэмбэ дараалал маш тодорхой харагдаж байгаа биз.
Аймгийн Засаг дарга тухайн аймагтаа, аймгийн иргэдээ, сумын Засаг дарга сумандаа, сумын иргэдээ удирдлагаар хангаж,тэдэндээ үйлчлэх буюу хамгийн ойрхон байх ёстой хүн. Манайхан нэг буруу хэллэг хэрэглэдэг. Тэр нь дээд, доод шат гэсэн үг.Энэ нь орон нутгийн удирдлага бол доод шат, өөрсдийгөө дээд шат гэдэг ийм соёлоос, хэлнээс, хэвшлээс тогтсон буруу ойлголт юм. Одоо үүнийгээ бүрэн болих хэрэгтэй.
Орон нутаг, иргэдийн удирдлага бол дээд шат. Ерөнхийлөгч, Их Хурлын гишүүд, иргэдийн төлөөлөгчид, бүгд л иргэдээс, ард түмнээс сонгогдож байгаа. Ийм учраас ард түмэн бол дээд шат, дээд эрх мэдэлтнүүд. Одоо болтол бид дээд эрх мэдлийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Ерөнхийлөгчөөс нэг үүрэг авахаараа би дээд эрх мэдэлтнээс үүрэг авч байна гэж битгий ойлго. Ард түмнээсээ чиглэл аваад,тэднээсээ асуугаад, иргэдтэйгээ хамтраад шийдэж байгаа нь жинхэнэ утгаараа дээд эрх мэдэлтнээс авч буй үүрэг юм.
Би олон хэлдэг Энэ төрийн ордонд төрсөн хүн гэж байхгүй.Яг хөөх юм бол аль нэг дүүрэг, аль нэг аймаг, сум сууринд эмнэлэгт төрсөн байгаа. Орон нутаг бол үндсэн нутаг. Үндсэн нутагт үндсэн эрх хэрэгжих ёстой.Үндсэн хөрөнгө орж байх ёстой.Үндсэн баялаг бүтээгдэн босч байх ёстой. Одоо ойлгогдож байгаа биз дээ. Тэгэхээр энэ Засгийн газар, сайдууд бүгд та бүхэнд, иргэдэд үйлчлэх ёстой.Та бүхэн тэр үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж байж бид урагшлан хурдтай хөгжиж чадна. Ингэж зөвөөр харж, бүгдээр сайн ажиллаж байж урагшилна.
Яагаад Ерөнхийлөгч иргэдэд эрхийг нь өг гээд яриад байдаг юм бэ? Хүнээр дамжсан эрх хүнд төдийлөн наалддаггүй юм. Хүний баян хүнд наалддаггүй, хүний жаргал, зовлон хүнд наалддаггүй. Аливаа ололт амжилт хүнд хүрч байж л ололт амжилт болдог. Зүгээр энгийнээр хэлэхэд, жишээ нь хүмүүс цагаан сараар золгохдоо шинэ удирдлагын хийж буй ажил ийм сайн боллоо гээд ярьж байгаа бол хүнд хүрсэн, хүмүүс мэдэрсэн хэрэг. Энэ бол ололт амжилт.
Манайхан гадны сайн хүмүүсийн хэлсэн үгийг энд тэнд бичээд наасан байдаг. Одоо дотооддоо хэлсэн сайн зүйлээ бас бичээд наамаар байна шүү дээ.
Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж байхгүй. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Хүн нь эдэлдэггүй хүний эрх гэж байхгүй. Хамгийн энгийн зүйл шүү дээ. Гэхдээ нэлээд бодож байж олно. Өөр нэг буруу хандлага байгаа нь төрд удирдлагууд гарч ирээд хүчээ үзүүлэх гээд байдаг. Сайд, дарга нар, зарим Засаг даргын зарим нэг үйлдлийг харахад ийм байдаг. Одоо үүнийг зогсоох хэрэгтэй. Нэг л их өөрчилнө, оролцоно, нураана гэсэн хүмүүс.
Хуучин социализмын үед нийгмийг чирч явдаг нь үзэл суртал байсан. Тэр бол социалист үзэл суртал байсан. Тухайн нийгэмдээ л зөв байсан. Одон тэмдэгтэй, шагналтай, баярын бичигтэй, хэдийгээр хувийн өмч, сүсэг бишрэл, хүний эрх нь хориотой байсан ч тэр социализм, социалист хүн, тэр намын гишүүн хүн тэр нийгмийг чирч явсан. Аливаа чирэгч тэгж явсаар байгаад өөрийнхөө боломжийг дуусгадаг.
Өнөөдөр бид өөр болсон. Зах зээлийн нийгэмд, капиталист нийгэмд байна. Одоо тэгвэл энэ нийгмийн чирэгч нь юу вэ? Энэ нийгмийн чирэгч нь ерөөсөө л хувийн сонирхол, ашиг. Хувийн хэвшил ашигтай учраас хөгжөөд байгаа юм. Гэтэл манай төр тэр ашгийг нь булааж аваад байна шүү дээ. Төр ажил руу нь гүйж ороод байна. Нөгөө чирэгчээ цохиж унагааж байна. Ийм байхад энэ нийгэм урагшаа яаж явах юм бэ?
Ерөөсөө л хувь хүний бүтээлч чанар биз дээ. Хүн эрхээ авсан бол өөрийнхөө гэрийг чирээд явж байгаа аав, ээжийнхээ сонирхол дээр л явна шүү дээ. Тэр бизнесээ аваад явж байгаа, үйлдвэр, аж ахуйн нэгжээ аваад явж байгаа ашиг дээр энэ нийгэм чинь урагшилж байгаа шүү дээ. Гэтэл та нар гүйж очоод тэрнийг нь цохиж унагаад л. Заах гээд, зөвлөх гээд, дарамтлах гээд та нар зогсоож байна шүү дээ. Нөгөө чирэгч хүчээ зогсоочихоод хөгжил явахгүй байна, аймгийн ажил явахгүй байна гээд гайхаад байх юм. Та хүнээс, хувийн хэвшлээс юм шаардах гэж байгаа бол эхлээд өөрийгөө л өөрчил, өөртэйгөө л ноцолд. Бусад руу дайраад байх хэрэггүй шүү дээ.
Юу гэсэн үг вэ гэвэл эхлээд тэнд байгаа муу дүрэм журмаа өөрчил л дөө. Би Засаг дарга боллоо. Ийм хуультай юм байна. Үүнийг би ингэж өөрчиллөө. Өмнө нь байсан ийм зүйл буруу байсан юм байна. Одоо та нар энэ шинэ тоглоомын дүрмээр ажиллах ёстой болж байна гэж хэл. Тэр нь эрх ашигт нь үйлчилсэн байх ёстой. Манайхан “Би энэ хүмүүст үйлчлэх ёстой” гэдгээ мартдаг.
Төр бол дутагдлыг засдаг, мууг засдаг, муу соёлыг өөрчлөгч байхгүй юу. Хуулийг хэрэгжүүлдэг, хулгайтай тэмцдэг газар байхгүй юу. Ойлгож байна уу? Төр хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа тэр хүмүүстэй тэмцдэг. Төр том толгойтнуудтай тэмцдэг газар. Мөрөөрөө юм хийх гэж зүтгэж байгаа тэр хүмүүст очиж гай болдог газар биш. Тэгэхээр миний энэ шийдвэр үйлчлэхээр гарч байна уу , дарамт болж гарч байна уу гэдгээ л бодох ёстой шүү дээ. Аливаа юм чинь үзэл санаатай байж явдаг. Үзэл санаа гэдэг юм чинь араасаа дагуулдаг байхгүй юу.
Гай болохоор зай бол гэдэг. Яагаад хүмүүс төрд дургүйцээд байна. Гаргаж байгаа шийдвэр нь дэмжлэг биш, дарамт болж байгаа учраас тэр. Төр эхлээд өөрийгөө засах ёстой. Засвараа хийж дуусаагүй байж цэвэрлэгээ хий гээд хашгираад байж болохгүй шүү дээ. Засвараа дуусгаж байж шохойгоо цэвэрлэдэг биз дээ. Эхлээд өөрийгөө болон байшингаа засах хэрэгтэй. Тэгээд ингэж ажиллах болсон шүү гэдгээ зааж өгөх хэрэгтэй. Ийм маягаар бид нар харилцах юм бол энэ Монголын төрийн бүх ажил, бидний үйл ажиллагаа зөв явах болно.
Эхнээсээ бас жаахан ололт байгаа. Боломжууд гарч ирж байна. Гишүүд хуульд орон нутгийн хөгжлийн санг тусгаад өгсөн. 248 тэрбум төгрөг туслаа шүү дээ. 1998 онд намайг Ерөнхий сайд байхад улсын төсөв яг ийм байсан. Ийм хэмжээний мөнгө өнөөдөр орон нутгийн хөгжлийн санд очиж байна гээд бод доо. Гэтэл эхнээсээ буруу зарцуулах гээд байж байна.
Сэлэнгийн Ерөө гэж сумын Засаг дарга 434 сая төгрөг очиход захирамж гаргаад буруу шийдсэн байна. Энэ бол албан тушаалаа буруу ашигласан хэрэг болж хувирна шүү дээ, дарга нар аа. Иргэдээсээ асуугаад шийд гээд Ерөнхийлөгчийн зарлиг гарчихсан байна. Хууль гарчихсан байхад яагаад тэгж шийдэж байна вэ? Зуд турханд мөнгө зарцуулах гэж байгаа бол иргэдээсээ асуу л даа. Асуугаад шийдэх олон арга бий.
Засаг даргын Тамгын газар тэр чигээрээ твитертэй болж болно. Түүгээрээ “Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийг юунд зарцуулах вэ?” гээд асуулт тавьчих л даа. Тэр дороо л олон хүний хариу таны компьютерт ороод ирнэ. Одоо ийм нийгэм бий болчихоод байна. Ийм удирдлага хэрэгжүүлэх хэрэгтэй болчихоод байна. Миний хэлсэн, асуусан зүйлд яаж хандаж байна гээд иргэн бүрийнхээ судсан дээр гараа тавьчихсан сууж байх ёстой.
Хууль зөрчиж болохгүй. Улаанбаатарт асуугаад асуудлаа шийдэж болж байхад суманд яагаад болдоггүй юм бэ! Тэр их мөнгийг та нарын мэдэлд өгсөн юм биш ээ. Иргэдийн мэдэлд өгсөн юм. Хүмүүс яагаад орон нутагт эрх мэдэл шилжүүлэхэд дургүй байдаг вэ? Ийм асуултад “Засаг дарга нар аваад буруу шийдээд байдаг юм” гэж хариулдаг. Засаг дарга бол иргэдийн гаргасан шийдвэрийг хэлбэржүүлэгч байгаа юм.
ИТХ, ИТХ-ын дарга гэж байгаа. Иргэний танхим, иргэний оролцоо гэж ярьж байгаа. Эдгээрийг одоо шууд уялдуулаад явж болно. ИТХ-ын дарга бол иргэдийн оролцоог хэрэгжүүлэгч дарга. Өмнө нь аймгийн намын дарга гэж байсан одоо та иргэдийн оролцоо гэж намын дарга боллоо гэж ойлгох хэрэгтэй. Засаг дарга, ИТХ-ын даргын ажил уялдахгүй, давхардаад ч байгаа юм шиг байсан. Одоо энэ өөрчлөлтөөр уялдаад өгнө. ИТХ-ын дарга иргэдийн оролцоог хангаад шийдвэр гаргаад, Засаг дарга хэрэгжүүлэх ажлыг нь зохион байгуулаад явна.
ИТХ-ын нарийн бичгийн дарга бол иргэдийн оролцоог хангах ажлын албаны дарга гэсэн үг. Ингээд л болоо, зөрөөд будилаад байх юм ерөөсөө байхгүй. Зарим нь иргэдэд эрх өгөөд ирэхээр эд ойлгох юм уу гэдэг. Хүнд эрхийг нь өгч байж л ойлгодог. Зарлиг гаргасан байгаа, сум, аймаг дээр дүрмээ гаргачих. Тэгээд хуралдуулаад үз. Нэг хоёр удаа алдана л биз, тэгээд л сурна, мэднэ. Үндсэн хуульд “Хуульд нийцсэн зарлиг бол хууль мөн” гээд бичсэн байгаа. Ийм маягаар цааш явах хэрэгтэй.
Цаашдаа бид Төрийн албаны хууль, Засаг захиргаа, орон нутгийн удирдлагын тухай хуулийг бүрэн өөрчлөнө. Суманд ажлын орон тоо гарахад тэр сумаасаа, тэнд нийцэх хүн байхгүй бол аймгаасаа, аймагт орон тоо гарвал аймгаасаа сонгон шалгаруул, бүр болохгүй бол улсын боловсон хүчний нөөцөөс хайдаг бай гэсэн санааг би Төрийн албаны хуульд оруулахаар ажиллаж байна. Төрийн албаны зөвлөл холбогдох яамны сайдтай нь ярьж байгаад шалгуурыг нь л гаргаад өгчих, тэгээд болоо. Сайхан мэргэжил эзэмшсэн хүн сумандаа амьдарч байгаад төрдөө шалгалт өгөөд тэндээ ажилд ордог болчихвол түүний зорилго биеллээ гэсэн үг.
Ийм маягаар үндсэн асуудал, боловсон хүчин, чөлөө зөвшөөрөл, ашигт малтмал, татвартай холбогдсон асуудал цаашид шийдэгдэнэ. Үндсэн хөрөнгийн татвар, хүн амын орлогын албан татвар орон нутагтаа үлдэх ёстой. Татварын дээд доод хэмжээг тогтоогоод өгөхөөр ИТХ тэр хүрээнд шийдээд явж байх учиртай. Ингэхээр та бол татвартай, төсөвтэй, хөрөнгөтэй, боловсон хүчнээ мэдэж хариуцлага тооцдог болно. Манай хуульд хариуцлага тооцох асуудлыг нь хаячихсан байдаг. Тэрийг нь бий болгоод өгнө. Хуулиуд ингэж өөрчлөгдөнө.
Төгсгөлд нь нэг зүйл хэлье. Даргад өгсөн эрх ялзардаг, иргэнд өгсөн эрх хөгждөг. Төрд өгсөн эрх ялзардаг, иргэнд өгсөн эрх улсын хөгжлийн үндэс болж явдаг. Үүнийг байнга санаж явах хэрэгтэй.
Би яавал сайн, бүтээлч, аймагтаа нэртэй дарга байх вэ гэвэл тэр ирээдүйн замтайгаа өөрийн үйл ажиллагааг уялдуулаад яв. Тэр ирээдүйн зам чинь иргэний оролцоо, тэднийг эрх мэдэлжүүлэх, зөв соёл руу явуулах л байна шүү дээ. Үүнийгээ зөв олоод харсан дарга бол зөв замаар явна. Таны нэр төр, үйл ажиллагаа дурсагдаж байх болно. Үүнийг л хэлэх гэсэн юм. Нэг сайн санаанаас хоёр сайн санаа төрдөг юм. Энд ойлгосон зүйлээ орон нутгийнхандаа дамжуулаад, хэлээд, ойлгуулаад явах хэрэгтэй.
Монгол орон өөдтэй өнгөтэй болох сайхан боломж бий болсон шүү. Ер нь ойрын 10, 20,30 жилд Монголд хууль хэрэгжүүлдгээрээ дэлхийд толгой цохих боломжтой. Монгол хүн амьжиргааны түвшингээрээ нэгхэн үеийн дотор дэлхийд толгой цохих хэмжээнд хүрэх боломжтой. Одоо зам дээр нь гаргачихлаа. Зөв л явах хэрэгтэй. Тэгвэл монгол хүн орлогоороо ч, соёлоороо ч, хууль дүрмээрээ ч дэлхийд манлайлдаг түвшинд хүрэх боломж байна. Тэрийг бий болгох залгамж болж та бүхэн орж ирж буйгаа ойлгох хэрэгтэй. Яах гэж дарга болсон зорилгоо л мэдсэн байх ёстой” гэв.