М.Энхболд: Хариуцлагыг гүйцэтгэх засаглалын бүх түвшинд ярина
МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар өнөөдөр УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажил болон Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийснээ танилцуулсан. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга М.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-МАН-ын хэсэг гишүүд өнөөдөр МАХН-д элсч байгаа гэсэн. Намынхаа гишүүдийг хадгалж үлдэх талаар ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр МАХН-ын зарим удирдлагууд мэдээлэл хийснээс МАН-ын зарим гишүүд МАХН-д элсэх гэж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Намын гишүүдийн хувьд намын анхан шатны байгууллага, нийслэлийн хэмжээний байгууллагад намаасаа гарах талаар мэдээлэл өгсөн, ярьсан зүйл байхгүй. Энэ бол ор үндэслэлгүй яригдаж байгаа зүйл. Нөгөөтэйгүүр нэг хоёр хүн МАХН-д элсэх нь тухайн хүмүүсийн хувийн улс төрийн үзэл байх.
-Гадаад өрийн хэмжээг 60 хувьд хүргэхийг МАН таслан зогсоосон гэлээ. “Самурай” бондын эхний ээлжийг оруулаад ирсэн. Өмнө нь Сангийн сайд гадаад өр хуулиар заасан хэмжээнд байгаа. Хэрэв нэмэгдүүлбэл гадаад өр давна гэж байсан. Гадаад өрийн хэмжээнд сөрөг хүчний зүгээс хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Өнөөдрийг хүртэл “Чингис” бондоос 1,5 тэрбум ам.доллар Монгол Улсын дансанд орж ирсэн гэсэн боловч энэ мэдээллийг бидэнд өгөхгүй байна. УИХ-ын гишүүдэд нээлттэй байх ёстой ч хаалттай байдаг. Сая “Самурай” бондоос 290 сая ам.долларын бонд гаргасан ч 50 сая ам.доллар нь алга болсон гэж яриад байгаа.
Энэ нь үнэн худлаа эсэхийг тодруулахад мэдээлэл өгдөггүй. УИХ-аас томилогддог Засгийн газар нь мэдээллээ нууцлаад байна. Ч.Улаан сайдын мэдээлснээр Монгол Улсын ДНБ-ний өр зээлийн хэмжээ 40 хувиас даваагүй гэж байгаа ч бидний тооцоолсноор давсан байгаа.
-Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг сөрөг хүчний зүгээс дахин тавих уу?
Бид сая аль салбар дээр хамгийн их бэрхшээлтэй, алдаатай ажиллаж байна вэ гэдгийг харж байгаад эдийн засаг, санхүүгийн сайд нарыг огцруулах асуудлыг тавьсан.
-МАН сөрөг хүчний хувьд төр засгийн эрх барьж байгаа улс төрийн намууд, Засгийн газар түүний бүтцийн байгууллагуудыг хариуцлагатай ажиллахыг удаа дараа шаардаж байгаа. Улс орны эдийн засагт бий болсон нөхцөл байдлыг өнгөрсөн оны наймдугаар сард урьдчилж харж, ер нь 2013 оны сүүлч, 2014 оны эхээр эдийн засаг хүндрэх нь гэдгийг харж ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар ярьж байсан. Өнгөрсөн аравдугаар сард Улсын төсвийн төсөл өргөн барьснаас хойш валютын хомсдол, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн учраас Засгийн газрыг дотроо хариуцлага тооцож ажиллахыг олон удаа бичгээр хүргүүлж байсан.
Харамсалтай нь эрх баригчид энэ арга хэмжээг авч хэлэлцэхгүй, өөрсдийн ажлаа болж байна, бүтэж байна гэсэн байдлаар олон түмэнд ярьж явсаар ирсэн. Бид эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан сайд нарт хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Гэвч олонхоороо хамгаалаад үлдсэн. Энэ хавар эдийн засгийн байдал, иргэдийн амьдрал нэлээд хүндрэх төлөвтэй байна. Сөрөг хүчнийн зүгээс Засгийн газар дотроо, өөрсдөө хариуцлага тооцох асуудлыг нэг бус удаа тавьсан. Ер нь Засгийн газрын хийж байгаа дараа дараагийн үйл ажиллагаатай холбогдуулж хариуцлага тооцох асуудлыг тавина. Тавихаас ч өөр аргагүй байна.
-Өмнө нь Ерөнхий сайдыг мөн хоёр сайдыг огцруулах асуудал тавьсан ч олонхоороо аваад үлдсэн. Хариуцлагыг ямар байдлаар тооцох вэ?
-МАН-ын зүгээс 2013 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Үнэн хэрэгтээ Засгийн газрыг тэр чигтээ огцрох асуудал гэдэгтэй утга нэг. Бид сая аль салбар дээр хамгийн их бэрхшээлтэй, алдаатай ажиллаж байна вэ гэдгийг харж байгаад эдийн засаг, санхүүгийн сайд нарыг огцруулах асуудлыг тавьсан.
Ер нь нийт дүнгээр нь аваад үзвэл, улс орны эдийн засгийн өсөлтийн байдал 17 хувиас 11 хувь хүргэж бууруулсан, инфляци буурсан, валютын ханш буурах байсан ч эсэргээрээ байна. “Самурай” бондын анх гэрээ хийсэн хэмжээ, орж ирсэн мөнгө нь анхаарал татаж байгаа зүйлүүд бий. Энэ бүгд дээр бид нар цаашид хариуцлага тооцно. Ер нь бол хариуцлагыг гүйцэтгэх засаглалын бүх түвшинд ярих ёстой гэж бодож байгаа.
-2014 онд төсвийн тодотголыг хоёр ч удаа өргөн барих нөхцөл үүссэн гэсэн мэдээлэл бас байна?
-Өнгөрсөн 2013 онд улсын төсвөөр ажил үүргээ гүйцэтгэсэн олон аж ахуй нэгж, байгууллага ажлаа хийж гүйцэтгэсэн нийт санхүүжилтээ авч чадахгүй олон компани байгаа. Зөвхөн энэ асуудалтай холбогдуулан төсвийн тодотгол хийх шаардлага гарч байгаа. Аудитын дүгнэлт гарсны дараа 2014 оны төсвийн тодотгол өргөн барина гэж байгаа.
Энэ нь 2014 оны нэгдүгээр улиралд төсвийн тодотгол хийж байгаа гэсэн үг. Оны сүүлчээр төсвийн орлого, зарлага ямар байх, энэ жилийн төсөв зардал тал нь өссөн, бүтээн байгуулалт шинж чанар нь багассан төсөв батлагдсан. Оны эцэс рүү дахин төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй байдалд орох байх.