Төлөвлөгдсөн хугацаандаа ашиглалтад ороогүй нэмж төсөв мөнгө хэрэгцээтэй болсон гэх шалтгаантай олон барилга балгас болон
2014.02.18

Д.Энхжаргал: Хамгийн гол нь төлөвлөлтийг их зөв хийх ёстой.

Төлөвлөгдсөн хугацаандаа ашиглалтад ороогүй нэмж төсөв мөнгө хэрэгцээтэй болсон гэх шалтгаантай олон барилга балгас болон үлдсэн байна.

Энэ балгасыг төсвөөс дахин хөрөнгө мөнгө баталж босгох уу? Энэ чигээр нь хувь хүнд шилжүүлэх үү гэдэг асуудлыг үндэсний аудитын газраас шалган тогтоохоор ажиллаж байна.

2007 онд Хавдар судлалын үндэсний төв өргөтгөлийн барилгын зураг төслийг захиалсан. 2010 онд байшингийн шавийг тавьсан байна. Хонгилтойгоо нийлээд дөрвөн давхар байх ёстой тус барилга одоо хүртэл ашиглалтад ороогүй л байна.

Уг нь захиалагч тал барилгын ажлын явцыг хянах зорилгоор тендерийн нийт төсвийн хоёр хувийг авдаг хуультай. Өөрөөр хэлбэл энэ олон царцаагдсан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг хянаж, зураг төслийг нь үнэн зөв эсэхэд хяналт тавиулахаар хуулиар цалинжуулдаг. Гэтэл зураг төслийн алдаа гарч гүйцэтгэгчийн нэр хүндэд нөлөөлдөг тал бий гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Хэрвээ алдаа гаргасан нь тогтоогдвол хар дэвтэрт бичиж дахин төрийн ажил цалгардуулах боломж олгохгүй.

ХААГ-ын дарга Д.Энхжаргал: Хамгийн гол нь төлөвлөлтийг их зөв хийх ёстой. Зураг төсөвгүй төслийг төсвийн хуульд оруулахгүй байх юм бол энэ асуудал жигдрэх байх. Энэ жилийн хувьд харьцангуй гайгүй. Учир нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгууд ижил төстэй зураг төслөөр хийгдэнэ. Гурван сарын нэгэнд  зураг төслүүд ирнэ гэсэн хүлээлтийн байдалтай байна.

Улсын хэмжээнд 140 орчим тэрбум төгрөгийн 242 барилга, байгууламжийн ажил царцсан байна. Ямар алдаа гарч ийм их барилга царцсаныг үндэсний аудитын газар гуравдугаар сард зарлана. Цаашид ийм байдлаар улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгыг балгас болгохгүйн тулд засгийн газар бүгдийг нь зогсоож царцааж байгаад нягтлахаар болжээ. Хэрвээ алдаа гаргасан нь тогтоогдвол хар дэвтэрт бичиж дахин төрийн ажил цалгардуулах боломж олгохгүй.