2008.09.22

Д.Ганхуяг: Улстөрчид зарчим баримтлах нь чухал

-УИХ өнөөдөр 72 гишүүнтэй хуралдаж байна. АН-ын гишүүд үүнд нэлээд сэтгэл дундуур байгаа нь илэрхий байгаа?

-Тийм ээ. Манайд нэг л зүйл бүх юмны тушаа болчихоод байна. Тэр нь зарчимгүй байгаа байдал. Хууль дээдлэх зарчим алга. Улстөрчдийн тухайд  намынхаа үзэл баримтлал, бодлого, мөрийн хөтөлбөрөө баримтлах асуудал тушаа болж байна.
Сонгууль явагдсанаас хойш 80 гаруй хонож байхад Баянгол дүүргээс сонгогдсон дөрвөн гишүүний эрх  өдийг хүртэл баталгаажаагүй байна. Энэ  нь Үндсэн хууль дахь УИХ 76 гишүүнтэй, Төрийн эрх ард түмний мэдэлд байж, тэд эрхээ  парламентад дахь төлөөллөөрөө дамжуулж хэрэгжүүлнэ гэсэн заалтуудыг зөрчиж байна. Үүний үр дүнд Баянгол дүүргийн 160  орчим мянган иргэн төрийн эрх барих дээд байгууллагадаа төлөөлөлгүй, эрх ашиг нь хохирсоор байна.Өмнө нь 2004 онд  Өвөрхангай аймгаас сонгогдсон З.Энхболд гишүүн бараг хоёр жил шүүхээр явсан. Энэ байдлыг дахиж гаргуулахгүйн тулд 2006, 2007 онд батлагдсан сонгуулийн болон сонгуулийн төв байгууллагын тухай хуульд  нэр дэвшихийн тулд хуулийн байгууллагаас тодруулга авах, СЕХ иргэдийн сонголтыг  зөвхөн тухайн тойргийн хорооны шийдвэрт үндэслэн тогтоо-лоор өргөн барих, сонгуультай холбогдсон аливаа маргааныг сонгууль явагдсанаас 14 хоногийн дотор шийдвэрлэх гэсэн заалтуудыг оруулсан. Ингэснээр Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрх баталгаажиж, СЕХ болон сонгуулийн байгууллагын энэ эрхийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь улс төрийн нам, шүүх болон гүйцэтгэх засаглал зэрэг аливаа хөндлөнгийн байгууллага, хувь хүнээс хараат бусаар явагдах боломжтой болсон.
Одоогоор УИХ  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах  зэрэг улс, орны хөгжил, иргэдийн ажил, амьдралд чухал нөлөөтэй бодлогын шийдвэрийг гаргасаар байна. Тухайлбал, өнөөгийн манай нийгэмд тулгамдсан олон асуудлын дундаас өргөн хэрэг-лээний барааны үнэ өссөнөөс инфляци 30 гаруй хувьд хүрч, энэ үзүүлэлтээрээ Азид тэргүүлж, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доошилсоор байгаа. Энэ байдалд УИХ-ын зүгээс дүгнэлт хийх хэрэгтэй байна. Уг асуудлыг хойшид Засгийн газрын зүгээс хэрхэн шийдвэрлэх, хэн нь хариуцах талаар байр суурийг нь сонсохыг олон хүн хүлээж байсан. Гэтэл эдгээр бодлогын шийдвэрийг УИХ-аас гаргахад Баянгол дүүргийн иргэдийн төлөөллийн  санал, хүсэл илэрхийлэгдэж чадсангүй. Хууль зөрчих ийм л хортой байдаг. Энэ нийгэмд сайн хуульгүйгээр, тэр тусмаа төр нь хууль дээдлэхгүйгээр, хууль зөрчигчидтэй бүх нийтээрээ тэмцэхгүйгээр, шударга ёс тогтооно, эв нэгдлийг бий болгож, үсрэнгүй хөгжинө гэхэд хүнд.

-АН Баянгол дүүргээс сонгогдсон гишүүдийн эрхийг баталгаажуулах асуудлыг хурцаар тавибал хамтарсан Засгийн газар байгуулагдахгүй болох юм биш үү. Нөгөө талаас энэ асуудлыг тавьж байгаа АН-ын бүлгийн хэсэг гишүүдийг юу гэж  үзэх вэ. Хамтарсан Засгийн газар байгуулахыг эсэргүүцэж байна гэж үзэх үү?

-Уг нь тийм асуудал байх ёсгүй. Ямар ч УИХ, Засгийн газар байсан  үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх явдал. Иймээс АН-аас сонгогдсон гишүүд  УИХ-д орж тангараг өргөхийн өмнө хоёр зүйл дээр тохирсон. Тангаргаа өргөж бүлгээ байгуулмагцаа л УИХ-ыг 76 гишүүнтэй болтол үйл ажиллагаанд нь оролцохгүй байх. Бүх иргэндээ стратегийн ордуудад хувь эзэмшүүлэх. Ийм зарчмын үндсэн дээр хамтарсан Засгийн газар байгуулахыг АН-ын ҮЗХ дэмжсэн. Тэгээд саяхан АН-ын бүлэг дээр  Дорнодын тойрогтой эрх зүйн хувьд яг  адилхан нөхцөлтэй Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн эрхийг баталгаажуултал УИХ-ын  үйл ажиллагаанд оролцохгүй байх гэсэн асуудлаар санал хураахад олонхи нь дэмжсэн. Гэвч бүлгийн удирдлага нь энэ шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй. Намын бүлэг хуулиар УИХ-ын албан ёсны бүтэц л дээ.

-Дээр хэлэхдээ намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр ч гэсэн зарчим гэсэн. Энэ талаараа тодруулна уу?

-Намыг хүмүүс үзэл баримтлалаараа нэгдсэн иргэд байгуулж, төрийн эрх барихын төлөө хамтарч ажилладаг. Мэдээж энэ бүх асуудал зөвхөн хуулийн хүрээнд явагдах учиртай. Нам төрийн эрхийг барихын тулд үзэл баримтлалдаа үндэслэж хийсэн улс орныг хөгжүүлэх, иргэдийн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалах, иргэдийн амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөлийг бүрүүлэх зэрэг агуулга бүхий мөрийн хөтөлбөрийг боловсруулж үүгээрээ өрсөлддөг. Энэ хөтөлбөр нь хэр дэмжигдсэнээс парламентад олонхи болж гүйцэтгэх засаглалын эрхийг авах, эсхүл цөөнх болж ард түмний байр сууринаас олонхидоо хяналт тавих эсэх нь шийдэгддэг. Тиймээс улстөрчдийн эрх, ашгийн дараалал  нь хууль, улс орон, нийт иргэний эрх ашгийг дээдлэх, намынхаа үзэл баримтлал, бодлогыг баримтлах, хамгийн сүүлд хувийн эрх ашгаа тавих явдал байх ёстой.
Намын үзэл баримтлалын тухайд даяаршлын энэ зуунд зүүний барууны гэсэн идеологи ерөнхийдөө социалист системийн задран уналттай хамт суларсан. Харин хөгжлийн оновчтой бодлогоор өрсөлдөж байна. АН-ын үзэл баримтлал, түүн дээр суурилан боловсруулсан энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараахь зарчмын санаанууд орсон. Нийгмийн бүх л харилцаанд төрийн оролцооноос иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эх орны баялаг болоод татварын орлогын  хуваарилалтыг аль болох дамжлага багатайгаар, ил тодоор, иргэний нийгмийн хяналтан доор явуулах, үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж чинээлэг иргэний нийгмийг байгуулах, төрийн аливаа үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг мөрдлөг болгох, иргэд нь төрдөө биш, төр нь иргэддээ үйлчилдэг болж хүнд суртал, авлигын зардлыг багасгах, төрөөс төрсөн тэрбумтнуудтай хариуцлага тооцох, албан тушаал, мөнгөнөөс хуулийн хариуцлагыг хамааралгүй болгож,  хууль зөрчигчидтэй хатуу хариуцлага тооцсоноор  нийгэмд шударга ёсыг тогтоож, нийгмийн аливаа харилцаанд төр хамгийн сүүлд зохицуулагч, оролцогч байх гэсэн зарчмууд багтсан юм.

-Танай бүлгийн гишүүд  эрдэнийн хувийг хоёр намын хамтран ажиллах гэрээнд тусгаагүй байна гэж хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Гэхдээ өнгөрсөн сонгуульд ашигт малтма-лын орлогоос иргэн бүрт  АН "Эрдэнийн хувь"-аар нэг сая төгрөг, МАХН "Эх орны хишиг"-ээр  1.5 сая төгрөг олгоно гэхэд  илүүгий нь бодоод ард түмэн МАХН-ыг УИХ-д олонхи болгосон юм биш үү. Тэгээд ч хоёр намын хооронд байгуулсан тэр гэрээнд 1.5 сая төгрөгийг олгоно гэсэн заалт орсон нь хангалттай юм биш үү?

-Тэгэхээр 1.5 сая нь нэг сая төгрөгөөсөө 30 хувиар их гэдэг нь ойлгомжтой. Харин эрдэнэ эсвэл хишиг гэдэгтээ биш, хоёр намын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд байдаг газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэсэн заалтын дагуу  иргэн бүртээ стратегийн ордуудаас ижил хувийг нь эзэмшүүлэх  бодлого орсонтой холбоотой. Энэ нь нийгмийн баялгийг ил, тод, шударгаар, аль болох дамжлагагүйгээр хамгийн үр дүнтэйгээр хуваарилах АН-ын үзэл баримтлалтай яв цав нийцэж байгаа юм. АН-ын мөрийн хөтөлбөрийн амин чухал хэсэг нь энэ. "Баянмонгол" корпорацийн судалгаагаар стратегийн гол ордуудаас орох орлого ойролцоогоор 185 орчим тэрбум ам.доллар буюу 200 триллион  төгрөг байга. Энэ орлогыг олборлож буй ашигт малтмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх замаар хангалттай нэмэгдүүлэх боломж бий. Нөгөө талаас стратегийн бусад ордыг ашиглах, хайгуул хийж шинээр том том ордыг илрүүлэх боломж ч байгаа. Дээр хэлсэн орлогоос  2.6 сая иргэндээ 1.5 сая төгрөгийг олгоход дөрвөн триллион төгрөг шаардагдах буюу, энэ нь тэр орлогын дөнгөж хоёр хувьтай л тэнцэнэ.  Энэ мөнгийг мөддөө олгох боломжоор хомс. 2012 оны өмнө олголоо гэхэд, инфляци энэ маягаараа байвал тэр үед өнөөгийн 1.5 сая төгрөгийн худалдан авах чадвар 300 мянга болтлоо буурсан байхыг үгүйсгэхгүй. Энэ нь өнөөгийн ханшаар нэг үхрийн үнэ л дээ. Ингэхээр олигтой сонсогдохгүй байгаа биз.Тэгвэл энэ асуудал дээр АН-ын бодлого өөр байсан юм.  Тэр нь тухайлбал Оюутолгой, Тавантолгойн ордуудын 15 хүртэл ч юмуу хувийг иргэддээ хувьцаагаар эзэмшүүлье. Иргэд энэ хувийнхаа ногдол ашгийг тухайн уурхай ашиглаж дуустал аваад яваг.  Харин энэ дөрвөн жилийн хугацаанд  нэг сая төгрөгийнх нь ногдол ашгийг урьдчилаад олгочихъё. АН-ын бодлого бол ийм л байсан. Энэ аргыг хэрэгжүүлсэн орнууд хөгжсөн байгаа. Үүн дээр олон янзын санаа байна. Энэ нь ч  зөв. Тэр сан байгуулаад тэрнээсээ олгоно гэдгийг дэмжих боломжгүй ээ. Нөгөө л албан тушаалтнууд өөрсдөө оролцох гэсэн санаа. Бас энэ мөнгөний зарцуулалтыг  нь боловсрол, орон сууц, эмнэлгийн үйлчилгээний зориулалтаар хязгаарлах тухай яригдаж байна. Энэ нь ч утгагүй. Энэ ногдол ашгийг юундаа зарцуулахаа өөрсдөө мэдэг. Ганцхан анхаарах зүйл бол  өмнөх шигээ энэ хувиа зарчих асуудал байгааг зохицуулах боломжтой. Харин ногдол ашгаа барьцаалах боломж нь нээлттэй байх ёстой. Ингэснээр иргэд баялгийнхаа жинхэнэ эзэн болно. Ил тод, хариуцлагатай уул уурхай хөгжинө. Төрийн эдийн засаг дахь оролцоо 50 дөхүү хувиасаа буурна. Хөрөнгийн зах зээлтэй харьцаж сурна. Гэтэл энэ Засгийн газарт хоёр нам хамтарч ажиллах гэрээндээ хэлсээр байтал 1.5 сая төгрөгийг хэзээ ч юм нэг удаа олгоно гэж тусгасан. Тиймээс АН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь шүүмжлэлтэй хандсан. Тэгээд АН-ын удирдлага энэ хувийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дээрх агуулгаар өөрчилж тусгахаар болсон.

-Хамтарсан Засгийн газар байгуулахыг та хувьдаа дэмжиж байна уу?

-АН-ын гишүүний хувьд дэмжиж байна. Парламентад олонхи болсон нам гүйцэтгэх засаглалд хамтарч ажиллая гэсэн нь АН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр улс орны хөгжилд илүү чухал байж, дэмжлэг авч байсныг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл гэж үзэж байна. Тухайлбал эрдэнийн хувь, үйлдвэржилтийн бодлого гээд дурдаж болно. Гэхдээ энэ удаад парламентын сонгодог болон үндсэн зарчим алдагдсан. Тухайлбал 76 гишүүнтэй парламентын 60 орчим хувийг бүрдүүлсэн олонхи, дангаараа Засгийн газраа байгуулахгүй, 96 хувийг бүрдүүлж байгаа хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж байна. Парламентад олонхигүй тохиолдолд хамтарч болох ч яг өнөөгийн парламент шиг илт олонхитой байхад хамтарсан Засгийн газар байгуулж байсан тохиолдол бараг л байхгүй. Олонхийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө цөөнхийнхөө  хөтөлбөрөөс оруулах нь ч зөв. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд тодруулбал баталсан хуулийнхаа хэрэгжилтэнд парламентаас хяналт тавьдаг боломж багассан. 2004-2008 оны хооронд АН хүчтэй цөөнх  байж, Засгийн газарт маш сайн хяналт тавьснаар олон булхай, луйврыг илрүүлж, хууль зөрчсөн улстөрчидтэй хариуцлага тооцож байсан. Цөөнхгүй парламентыг парламент гэж хэлэхэд хэцүү гэсэн томъёолол байдаг. Бид бодлого өрсөлдүүлдэггүй нэг намын удирдлагатай, хяналтгүй, өрсөлдөөнгүй нийгэмд 80 жил амьдарч үзсэн. Тэгээд л хаалгаа нээсэн чинь улсын хөгжил ч, хүний хөгжил  ч төө хол хоцорчихсон байсан. Бас байнга ярьдаг Засгийн газрын гишүүдийн 30 хувийг гаднаас томилох гэсэн зарчим эсрэгээрээ болж байна. Тиймээс энэ дөрвөн жилд,  Засгийн газрын гишүүн бус  парламентын гишүүд, улстөрчид зарчмаа баримталж ажиллах нь маш чухал байна.  Засгийн газрыг 60, 40 хувиар байгуулсныг ойлгоход хэцүү байна. Ямар бооцоо хувааж байгаа биш дээ. АН-ын ҮЗХ-ноос лав ийм шийдвэр гараагүй. Дараа нь хариуцлага ярих гэхээр энэ 20 хувийн зөрүүн дээр маргалдаад нөгөө ха-риуцлагагүйн зудаа нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй. Хамтарч байгаа юм бол хийх ажил, хариуцлагаа адилхан үүрэхийн тулд 50, 50 байсан нь дээр л дээ. Эсвэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа ээлжилсэн ч болох л байсан. Яах  вэ гэхдээ цаг, хугацаа, амьдрал харуулна байх аа. Би дэмжиж ажилланаа. Харин хууль зөрчих, ард түмний хөрөнгийг шамшигдуулах, төрийн ажлыг халтуурдах зэргийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм хууль бус, шударга бус явдалтай тэмцэхгүй бол хор уршиг нь 10 жил болсон  ч арилахгүй ээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.