МАН Засгийн газрыг буруутгаж, иргэдээс “тусламж” хүслээ
МАН-аас иргэдэд хандан уриалга гаргалаа. Уриалгандаа дараах зүйлийг дурьджээ.
“Шинэчлэлийн гэх Засгийн газар ажлаа эхэлснээс хойш ам.долларын ханш 30 орчим хувиар чангаран төгрөгийн худалдан авах чадвар уналаа. Мөн Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 91.8 хувиар буюу 2.3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 50 гаруй хувиар буурсан, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг олон сөрөг үзүүлэлтүүд бий боллоо.
Зөвхөн төгрөгийн ханшийн сулралаас болж Монгол Улсын Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бондын 70 орчим хувьтай тэнцэх хэмжээний алдагдал хүлээхийн зэрэгцээ иргэн, хуулийн этгээд бүр олсон 100 төгрөг тутмаасаа 30 төгрөгийн алдагдал хүлээж байна. Үүний улмаас олон зуун бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа юм” гэсэн байна.
Үүний зэрэгцээ тэд иргэдээс “Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд бага зардлаар гаргах арга зам, Гадаад валютын ханшийн өсөлтийг зогсоон төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах арга зам, Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хазаарлан тогтоох арга, аргачлалтай холбоотой санал хүсэлт байвал МАН-д хандахыг уриалжээ.