А.Батсайхан: Монголын олон тулгуурт гадаад бодлого ОХУ-ын бодлоготой харшлах үндэсгүй
ГХЯ-ны хөрш орнуудын газрын зөвлөх А.Батсайхан
2014.03.06

А.Батсайхан: Монголын олон тулгуурт гадаад бодлого ОХУ-ын бодлоготой харшлах үндэсгүй

ГХЯ-ны хөрш орнуудын газрын зөвлөх А.Батсайхантай Орос-Монголын харилцааны тухай ярилцлаа.

- Монгол-Оросын харилцааны ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

Мэдээж ирээдүйгээ гутрангуй хардаг хувь хүн, улс үндэстэн ховор. Ялангуяа хөрш орнуудын хувьд аль аль тал нь сайн зүйлийг хүлээж байгаа. Дэлхийн улс орнууд нягт уялдаатай хөгжих болсон өнөө цагт хаяагаа хадрах явдал зохисгүй.

Өмнө нь хоёр орны харилцаа үзэл сурталжсан байсан хэдий ч дайн дажингүй, эвтэй найртай амьдарсаар ирсэн. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн ч тэнцвэртэй, сайн хөршийн харилцаагаа хөгжүүлэх нь манай улсын төрийн гадаад бодлогын нэг хэсэг.

- Хоёр улс бүх талаар идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд юу саад болж байна вэ?

Нэгдүгээрт 1990-иэд оноос хойш ОХУ-д бий болсон нийгэм, улс төрийн тогтворгүй байдал, дайн самуунтай холбоотой гэж бодож байна. Дотроо тогтворгүй, эдийн засгийн хямралтай улс бусдыг анхаарч ажиллахад хэцүү. Манай улсын хувьд ч бужигнаантай байлаа. Гэхдээ улс төрийн хүрээнд зарим оронд байдаг шиг маргаан, зөрчилдөөн байхгүй. Харин эдийн засгийн хамтын ажиллагаанд гацаа үүсээд байна. Манай улс түүхий эдээ урагшаа зөөдөг, үйлдвэрлэл хөгжөөгүй учраас эдийн засгийн салбарт идэвхтэй хамтарч ажиллахад учир дутагдалтай. ОХУ-д ч ялгаагүй технологи хоцрогдож Монголчууд оросын техник, технологийг хэрэглэх нь багаслаа.

Гэхдээ Орос улс том гүрэн учраас хэзээ нэгэн цагт сэргэж таарна. Сочигийн олимпоос харахад энэ улсын сүр хүч буураагүй гэдэг нь харагдлаа.

- ОХУ баруун болон Европын орнуудтай геополитикийн хувьд өрсөлддөг. Монголын гадаад бодлогын олон тулгуурт үзэл санаа ОХУ-ын гадаад бодлогын чиглэлтэй ямар нэг байдлаар харшлах үндэс бий юу?

Харшлах үндэс байхгүй. Энгийнээр тайлбарлавал олон тулгуурт гадаад харилцаа гэдэг олон хөлтэй байна гэсэн үг. Олон хөлтэй байх тусам улс орон бат зогсоно. Монголын хувьд аль ч оронтой эрх тэгш харилцаатай байхыг зорьдог. Өмнө нь бид зөвхөн ЗХУ болон бусад коммунист орнуудаас өөр гадаад ертөнцтэй харьцдаггүй байсан.

- Ингэж асуусны учир нь зарим гадны судлаачид Монгол улс гуравдагч хөрш гээд ОХУ-ыг ойшоодоггүй гэсэн хандлагатай байдаг.

Энэ бол сэтгэлгээ нь хайрцаглагдсан хүмүүсийн бодол. Гэхдээ хувь хүн болгон өөрийн бодолтой байдаг учраас хэн ч юу ч гэж ярьж болно. Нийгэмд олон талын үзэл бодол оршин тогтнож байж ардчилал биеллээ олно. Өөр зүйл ярьж буй хүмүүст бид эмзэглэдэгийн учир нь хуучин нийгмийн сэтгэлгээний үлдэгдэл бидний тархинд байна гэсэн үг.

Гэхдээ үзэл бодлоо хамгаалж үгээ хэлэх ёстой. Хэрэв оросууд Монголын олон тулгуурт бодлогыг шүүмжилвэл дуугүй сууж болохгүй. Харин зөв зүйлийг хийвэл дэмжинэ.

- Томоохон ордуудтай холбоотой зарим нэг үл ойлголцол олон нийтийн, тэр байтугай дипломат түвшинд байдаг. Үүнийг яаж арилгах вэ?

Үүнийг шийдэх хамгийн дөт арга бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Бид бодит байдал, хүсэл мөрөөдлөө бусдад зөв ойлгуулах хэрэгтэй. Бид ч бас тэднийг зөв ойлгох ёстой. Харилцааны суваг хоёр талдаа эерэг үйлчилнэ гэсэн үг. Түүнчлэн олон нийтийн санаа бодол, эрх баригчдын бодлого шийдвэр тэр болгон давхцдаггүй. Ард түмний хүсэл эрмэлзлэлийг хэвлэл мэдээллийнхэн л зөвөөр ойлгуулж чадна.