Цөмийн зэвсэгтэй таван гүрний Элчин сайдуудтай уулзав
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.03.10

Цөмийн зэвсэгтэй таван гүрний Элчин сайдуудтай уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн - АНУ, БНХАУ, Бүгд Найрамдах Франц Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, ОХУ-аас тус улсад суугаа Элчин сайд, хэргийг түр хамаарагч нартай уулзав.

Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дээрх таван гүрэн хүлээн зөвшөөрч, статусыг хүндэтгэх төдийгүй түүнийг зөрчих аливаа үйлдлийг үл дэмжихээ амлаж 2012 оны 9 дүгээр сард Хамтарсан тунхаглал гаргасанд Монгол Улс талархаж байгааг сайд Л.Болд илэрхийлэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ оны намрын чуулганаар Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай НҮБ-ын ЕНБД-ын илтгэлийг хэлэлцэж уг асуудлаар тогтоол батлан гаргана. Тэрхүү тогтоолд таван гүрний Хамтарсан тунхаглалын үзэл санааны дагуу Монгол Улсын өвөрмөц статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн заалт оруулах саналтай байгаа, энэ талаар монголын тал эдгээр таван гүрэнтэй хамтарч ажиллах сонирхолтой байгааг сайд Л. Болд мэдэгдэж тэр тухай санамж бичгийг тэдэнд гардуулав.

Цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын энэхүү өвөрмөц статусыг хүлээн зөвшөөрсөн боловч түүнийг зарим бусад улс орон прецедент болгон ашиглаж магадгүй гэж үзэж Ерөнхий Асаамблейн тогтоолд статусыг хүлээн зөвшөөрсөн тодорхой заалт тусгахыг дэмжиж байгаагүй юм.

Мөн уулзалтын үеэр сайд Л.Болд олон улсын болон бүс нутгийн бусад сонирхсон асуудлаар санал солилцлоо.