“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болов
Оюутан-цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ёслол
2014.03.17

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийг хүлээн авах болон “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр МУИС-ийн төв байрны дугуй танхимд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сарын 1-нээс “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлэхээр болоод байгаа юм.

Энэ онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2223 жилийн ой тохиож байгаа

Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан,  их, дээд сургуулиудын удирдлага, оюутны холбооны төлөөлөл оролцлоо. Арга хэмжээний эхэнд МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан175 мянган оюутан залуусынхаа өмнөөс маргааш тохиох гэж буй Монгол цэргийн өдрийн баярын мэндийг цугларагсдад хүргэж, үлээвэр хөгжимд Төрийн дуулал эгшиглүүлэв.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх тухай 2013 оны 92 дугаар зарлигийг уншин сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зарлигийг УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан нарт тус тус гардуулан өгөв.

Монгол цэргийн өдрийн баярын мэндийг цугларагсдад хүргэж, үлээвэр хөгжимд Төрийн дуулал эгшиглүүлэв.

Ёслолын арга хэмжээн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүхэнд юуны өмнө Монгол цэргийн баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгч 92 дугаар зарлиг гаргахдаа монгол залуус болгон эх оронч, эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг,  зэр зэвсэгтэй харьцаж чаддаг, бие бялдар сайтай, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисын түүх шаштирыг мэддэг, эх оронч үзэлтэй, эх орны цэрэг болж төлөвших өргөн утга санаагаар энэ хөтөлбөрийг санаачилсан юм. Түүний зэрэгцээ их, дээд сургууль төгссөн залуус төрийн албанд ажиллах давхар боломж нээгдэж байна.

Энэ онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2223 жилийн ой тохиож байгаа. Монгол хүний түүх, Монгол Улсын түүх дандаа арми, цэрэгтэй холбоотой байдаг. Тийм учраас оюутан залуусыг эх орноо, тусгаар тогтнолоо, өөрийгөө, гэр бүлээ хамгаалж чаддаг бүх талын эрдэм мэдлэгтэй болох боломжийг нээж өгч байгаа юм. Хэдийгээр хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц бүгдээрээ алба хаах боломж хязгарлагдмал байгаа боловч эхлээд 500, мянган оюутан, цаашаа өсч нэмэгдсээр эрэгтэй оюутнууд төдийгүй яваандаа охид чхөтөлбөрт хамрагдах боломж нээгдэнэ гэдгийг ажлын хэсгийн хүрээнд ярьж байсан.

Тиймээс энэхүү хөтөлбөр нь гүн гүнзгий утга учиртай, алс хэтийн олон талын ач холбогдолтой чухал хөтөлбөр юм. Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг хөтөлбөр болгосон Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ажлын хэсэгт оролцож ажилласан цэрэг, арми, оюутан залуусын байгууллага, холбогдох яамдын бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр, талархал илэрхийлье.

Маш чухал хөтөлбөр гараагаа эхэлж байна. Их хол явна гэдэгт эргэлзэхгүй байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай, Баярлалаа” гэлээ.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлэн үг хэллээ.

Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 1990 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болж байгаа юм. Иймд суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах боломж олгож буй “Оюутан-цэрэг”хөтөлбөрцаг үеэ олсон арга хэмжээ болж буйд оюутан залуус талархаж байгаагаа илэрхийлж байв.