Монгол-Солонгосын бизнес форум боллоо
БНСУ-д хийж буй УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалын үеэр Монгол-Солонгосын бизнес форум боллоо.
Монгол-Солонгосын бизнес форумын тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Батхүү болон хоёр талын төлөөлөгчид оролцсон энэхүү форум нь Монгол, Солонгосын хоорондын эдийн засаг бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой. Тухайлбал, БНСУ-ын компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах, шинэ техник, технологио нутагшуулах, бизнес эрхлэх зах зээл, хэрэгцээ бий.
Тэр тусмаа монгол залуусыг Солонгост суралцуулж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх замаар хоёр талын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг уул уурхай, дэд бүтэц, үйлдвэржилтийн салбарт өргөжүүлэх боломжтой.
Монгол-Солонгосын бизнес форумын тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Батхүү “Монгол Улс зөвхөн уул уурхай, мал аж ахуйд түшиглэх бус үйлдвэржилт, дэд бүтэц, транзит тээврийг хөгжүүлж, эдийн засгийн олон тулгууртай болох бодлого барьж байгаа. Энэ чиглэлээр БНСУ-ын туршлага, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зах зээл, хэрэгцээ байгаа” гэж онцолсон юм.
Монгол-Солонгосын бизнес форум нь хоёр орны бизнесийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, компаниудын эрх ашгийг хамгаалах, Солонгосын талын өндөр технологийг Монголд нэвтрүүлэхэд анхаарч байгаа талаар мөн форумд оролцогчид чухалчилж байлаа.
Энэ үеэр онцлууштай нэг арга хэмжээ болсон нь Монгол Улсын “Эрдэнэс Тавантолгой” компани, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, БНСУ-ын “Dailin corporation” хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурсан. Манай улсын хувьд 1000 гаруй машинаар нүүрс тээвэрлэх зах зээл байгааг салбарынхан хэлдэг.
Гэтэл өнөөдөр нүүрс тээвэрлэх машин байхгүй, жолооч бэлтгэх шаардлага тулгарчээ. Тиймээс дээрх санамж бичгийг байгуулснаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар, зөвхөн монголчууд ажилладаг тээврийн компани байгуулж, жолоочийг нь бэлтгэх сургалтыг Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо хариуцах эхний алхмыг хийж буй. Үүнээс гадна нүүрс тээвэрлэхэд Монголын компаниуд ижил нөхцөлөөр оролцох бололцоог бүрдүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” анхаарах юм.