Н.Удвал: Өнөөдөр эмнэлгүүд эрэгтэйчүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.18

Н.Удвал: Өнөөдөр эмнэлгүүд эрэгтэйчүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын эмэгтэйчүүдийн  бүлгийн гишүүдээс  Иргэний танхимд зохион байгууллаа.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хувьд хамгийн санаа зовоосон асуудал нь наслалт болоод байгаа аж. 

Олон улсын судалгаагаар 1000 эрэгтэй тутамд оногдох эмэгтэйчүүдийн тоо, нэг хүртэлх насны хүүхдүүдийн дунд 874, 10-19 насанд 994, 30-34 насанд 1235 ногддог байна.  Нийт эрэгтэйчүүдийн 25 хувь нь 75 нас хүрдэг бол эмэгтэйчүүдийн 50-иас дээш хувь нь энэ насыг насалдаг байна.

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн оноос эхлэн энэ өдрийг “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон зохион байгуулж иржээ. Өнгөрсөн хугацаанд эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах стратеги төлөвлөгөөг боловсруулжээ.

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал илтгэлдээ:

-Эрэгтэйчүүд эрүүл мэндийн хувьд эмзэг бүлэгт орж байна. Энэ асуудлаар Монгол Улсын төрөөс Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод жигд тусгасан. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар стратеги төлөвлөгөөтэй болсон явдал нь төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр юм. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9,4 жилээр зөрөөтэй байгаа.

Гурван эрэгтэйн нэг нь жингийн илүүдэлтэй эсвэл тураалтай гэсэн тоон үзүүлэлт байдаг.

Эрэгтэйчүүд 9,4 жилээр богино насалж байна. Ид хөдөлмөрлөх насандаа эрэгтэйчүүд нас барж байгаа нь нийгмийн стрессийг даах чадвар сул байдагтай холбоотой гэж ОХУ-ын Төрийн дум авч хэлэлцэж байсан. Манайд 15-64 насны хоёр эрэгтэй хүний нэг нь тамхи татдаг. Гурван эрэгтэйн нэг нь жингийн илүүдэлтэй эсвэл тураалтай гэсэн тоон үзүүлэлт байдаг. Эрэгтэйчүүд гаднын шалтгаантайгаар илүүтэй нас бардаг байна. Эрэгтэйчүүд  эмэгтэйчүүдээс зүрхний шигдээсээр 3,1 дахин, даралт ихсэх өвчнөөр 2,3  дахин, цус харвалтаар 1,7, осол гэмтлийн улмаас 3, амиа хорлолтоор 7 дахин өндөр байдаг байна.

 Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг бид засч залруулах зайлшгүй шаардлагатай. Хүн амын бүтцийг авч үзэхэд 51 хувь нь эмэгтэйчүүд, 49 хувь нь эрэгтэйчүүд байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар дорвитой арга хэмжээ  авахгүй бол харьцаа алдагдаж, үндэсний  аюулгүй байдал, монгол хүний генфонд нөлөөлөх хэмжээнд очихоор байгаа. Тийм учраас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэж байна. Улсын хэмжээнд өнөөдөр бүх эмнэлгүүд эрэгтэйчүүдэд  үнэ төлбөргүй үзлэг  хийж байгаа.

Аймаг бүрийн эмнэлэгт эрэгтэйчүүдийн кабинет нээнэ.  Бүх шатны бодлого боловсруулагчид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг хөндөнө. Эрүүл мэндийн салбарт ажилладаг эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт ноднин хамруулсан. Улмаар эрэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх хувийн салбарын оролцоог дэмжих юм. 2014 онд Эрүүл мэндийн довтолгоо хийх гэж байна гэлээ. Эрүүл мэндийн нөлөөллийн 55-60 хувь нь хүний амьдралын хэвшлээс хамаардаг байна. 25 хувь нь боловсрол, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг бусад салбараас, 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллага, эмч ажилтнаас хамаардаг аж.  Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд 55-60 хувь руу чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм байна.

 Энэ хүрээнд бүх нийтийг цусны даралтаас сэргийлж чаддаг болгох гэнэ. Элэгний хорт хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд нэгдүгээрт ордог байна. Энэ өвчнийг сүүлийн шатанд нь мэдэж, элгээ солих шатанд хүрсэн үедээ оношлуулж байгаа нь хүндрэл учруулдаг аж. Тийм учраас энэ жил “Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх” ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Улсын хэмжээнд 58 газарт осол гэмтлээс сэргийлэх, гарсан үед нь яаралтай түргэн тусламж үзүүлэх арга хэмжээ авахаар бүртгэсэн байна.  Мөн архинаас сэргийлэх асуудлаар арга хэмжээ авч байгаа аж. Гэртээ, хүүхдийнхээ дэргэд архи уудаггүй байх соёлыг  өрнүүлэхээр болсон байна.

 Энэ хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, эрүүл мэндийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож эрчүүдийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.