З.Бат-Отгон: Эрчүүдэд хатуу үг хэрэгтэй байх
“Энэ өдрийн зочин” ярилцлагын өнөөдрийн зочноор Монгол Суу ухаан Манукол академийн ерөнхийлөгч, доктор З.Бат-Отгон, мөн тус академийн Хаан ухаан танхимын жинхэнэ гишүүн Отгонбаатар нар оролцож байгаа юм.
- Тэгэхээр баяр гэхээр л бид архидан согтуурч, шоу цэнгээн хөөгөөд явчихдаг. Энэ ч утгаараа эрчүүд баяраа яаж тэмдэглэх ёстой юм бэ? Монгол эр хүн ямар байх ёстой юм бэ?
Юуны өмнө цэргийн баярын мэндийг бүх эрчүүддээ хэлье. Гэхдээ одоо монголчуудад нялуун, нялцгай голдуу үг бол хэрэггүй. Харин эрчүүдэд хатуу үг хэрэгтэй байх гэж бодож байгаа. Монгол суу ухаан сургадаг л даа. “Харсаар атлаа хэлэхгүй бол хамгаас хатуу дайсан ч юм уу. Хараагүй атлаа хэлээд байвал хамгийн дотно анд ч юм уу” гэж. Тэгэхээр монголчууддаа монгол эрчүүддээ анд нөхөд нь байх гэж манай академи энэ баярын өдрийг тохиолдуулан үнэн бөгөөд шулуун үгийг хэлье.
Үнэн үг хатуу ч гэсэн амьдралд тустай гэж үг байдаг. Бид нар аливаа баяр ёслолыг ууж идээд, зугаацаад наргиж цэнгээд өнгөрөөгөөд байх биш, жоохон нэгийг бодож, хоёрыг тунгааж ухаарал, сэхээрэлтэй, ирээдүй хойчоо бодсон, төлөвлөсөн, зөгнөсөн түүндээ зүтгэсэн, тэмүүлсэн ийм ухаалаг өнгөрөөж байх нь чухал юм болов уу.
Сая март-ын найман өнгөрлөө. Монголын эмэгтэйчүүд бол жилийн 365 хоногийн 364-ийг нь л эрх чөлөөгүй өнгөрөөдөг. Нэг л өдөр эр нөхрөөсөө, үр хүүхдүүдээсээ набор, цэцэгхэн горьдон хагас эрх чөлөөтэй өнгөрөөдөг гэж би хувьдаа боддог. Бид нарын эрх чөлөө бол бидний тархины, зүрхний сүнсний, чин үнэнч шударга ариуны эрх чөлөө байх ёстой гэж боддог. 1990 оноос хойших ардчилсан хувьсгалын нөлөөн дор бид асар их эрх чөлөөг авлаа гэж бодсон боловч тэр эрх чөлөө маань зөвхөн эд материал, завхайрал, мансуурал, донтолт, архидалт, одоо энэ бузар булай юмны эрх чөлөө байсан.
Хэзээ ч үнэн зөв шударга, ариун эрх чөлөө байж чадаагүй юмуу даа гэж би хувьдаа хардаг. Манай академиас гаргасан судалгааны дүн ч нийлдэг. Тэгэхээр монгол эрчүүд ч гэсэн энэ цэргийн баяраар би эр хүн болчихлоо, би эр цэргийн алба хаачихлаа гэж баярлах биш ээ. Тэр мөрөн дээрээ байгаа генералын мөрдсөөрөө биш, өөрийнхөө суудал дээр байгаа эрх мэдлээр биш, хураасан их хөрөнгө, мөнгө төгрөг байсан өндөр батлахаараа эрх чөлөөг олж байгаа биш юм. Бид монгол улс, үндэстнээ засаж, тохинуулан сайн сайхан болгох, монгол төрөө төвшитгөх, дэлхийд үнэтэй хувь нэмрээ оруулж тархи, оюуны, зүрх сэтгэлийн, сүнсний тэр өндөр гэгээн эрх чөлөөнүүдийг эдлэх цаг болсон.
(2-р хэсэг)
Дээр нь монгол ардын сайхан сургаал үг байдаг. “Уруудах хүний унтах, идэх их, өөдлөх хүний сэрж санах нь их” гэж. Бид идэж, ууж унтсаар байтал нөгөө Грек, Египет, Манжийн араас орж байна. Манж үндэстэн ингэж унтаж, идсээр байгаад л мөхсөн, сүйрсэн. Эрх мэдэлд толгойгоо захируулсаар байгаад л мөхсөн, сүйрсэн ард түмэн. Бид араас нь ормооргүй байна шүү дээ. Ухаантай, сэхээрэлтэй баймаар байна. Сэрнэ гэдэг бол хоёр махан биеийн хоёр мэлмийд сэрэхийг хэлдэггүй юм. Бид нарын махан биеийн хоёр мэлмийд сэрүүн байгаа ч гэсэн бид нарын тархи унтаа байна, Бид нарын тархи, зүрх, амьдрал, үйл хэрэг унтаа байна. Сэрж байгаа юм нь эд хөрөнгө, материалын тал дээр л байна. Тийм учраас энэ унтаж байгаа зүрх сэтгэлийг, сүнсийг, тархи оюуныг хурдан сэрээмээр байна.
- Магадгүй нэгэн үеэ бодвол хүн өөрлүүгээ өнгийж дотоод сэтгэлээ хардаг, чагнадаг болжээ. Нээрээ энэ улс орон чинь, би яагаад гэх асуултыг өөртөө тавьж мэдрэх гэж оролддог болсон юм болов уу. Тэгэхээр ярилцлагыг маань үзээд сууж байгаа эрчүүд баярлахдаа хамгийн түрүүнд юуг бодож гэгээрлийг хаанаас эхлэх вэ?
Би хэр эр хүн бэ? Би эр хүн мөн үү, биш үү, би хэр эр хүн бэ? Би эр хүн гэдэг талаасаа хань, үр хүүхэд, ээж аав, элгэн садан, өрх гэр, хамт олон, улс гэр, үндэстэн, эх орныхоо өмнө би хэр эр хүн бэ? Би юу хийж бүтээж, хувь нэмрээ оруулсан билээ гэж бодож, сэрэх юм байгаа бол та эр хүн. Тэгэхгүй бол эр хүн биш. Ноднин би “Дээдэс эр хүн” гэж хаан ухааныхаа ээлжит соён гэгээрүүлэх арга хэмжээнийхээ хүрээнд бид хатуу үгийг хэлсэн.
Монгол эр хүний эр хүн гэдэг амин чанар нь тархиндаа зүрхэндээ, сүнсэндээ, амьдрал, үйл хэрэгтээ, зөв амин шударга ариундаа байдаг юм байна. Өнөөгийн монгол эрчүүдийн тэр эр хүн гэдэг амин чанар нь салтаандаа орчихсон. Өнөөдөр хэдэн хүүхэнтэй унтсан, хэдэн төгрөгийн авилгал авсан, хэдэн шил архи асгасан зэрэг ийм л юмаараа эр хүн гэдэг мөн чанараа тодорхойлох гээд байгаа байхгүй юу.
Гэтэл эсрэгээрээ шүү дээ. Чи хань, үр хүүхэд, эцэг эх, элгэн садандаа хэр сайн хүү вэ? Эх орондоо чи хэр сайн иргэн нь, хэр сайн хүү нь байсан юм. Энэ шалгуураар л чи эр хүн гэдгээ тодорхойлох ёстой.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....