Л.Болд: Чөлөөт бүс байгуулах нь үндэсний аюулгүй байдал,  гадаад бодлогын чухал үндэс суурь юм
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.04.01

Л.Болд: Чөлөөт бүс байгуулах нь үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын чухал үндэс суурь юм

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой эдийн засгийн хөгжлийн үзэл санаа, чөлөөт бүс, гадаад бодлогын зарим асуудлаар ярилцлаа.

-Та уул уурхайн хүчирхэг гүрэн болох Австралид саяхан албан айлчлал хийгээд иржээ. Айлчлалын үр дүн их биз дээ?

-Австралийн Холбооны Улсад хийсэн айлчлалын үеэр улстөр, эдийн засаг, нийгмийн олон чиглэлээр хоёр улсын харилцааг өргөжүүлэх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Австрали улс Монголын сайн түнш, жинхэнэ гуравдагч хөрш болжээ. Уул уурхайн салбар сайн хөгжсөн улс орны хувьд Монголд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Одоо манайд Австралийн 170 гаруй компани үйл ажиллагаа явуулж 40 орчим нь Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээгээд байна. Цаашид ч энэ талын хамтын ажиллагаа өргөжих ирээдүй нээгдлээ. Энэ бүхнийг зохицуулан дэмжих үүрэг чиглэл бүхий Монгол-Австралийн бизнесийн зөвлөл албан ёсны нээлтээ хийснээр томоохон ахиц гарах нь дамжиггүй боллоо.

Мөн Монгол-Австралийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ч томоохон хэлцэл, тохиролцоонд хүрлээ.Хоёр орны хамтын ажиллагааг боловсрол, хүмүүнлэгийн салбарт ахиулахаар болж Монголын 43 залуу Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах боллоо. Монголд үзүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны төсвөө эрс нэмэгдүүлж 20 сая австрали долларт хүргэснээ Австралийнтал айлчлалын үеэр мэдэгдлээ.

Австралийн Холбооны улсад 21 жилийн дараа айлчлал хийсэн Монголын Гадаад харилцааны сайдын хувиар Австралийн их сургуульд илтгэл тавьж, АВС, Sky news телевиз болон өдөр тутмын The Australian сонинд ярилцлага өглөө.

Монгол эх газраар хүрээлэгдсэн, далайд гарцгүй орон бол Австрали зөвхөн далайгаар хүрээлэгдсэн, өөр улс оронтой хиллэдэггүй сонирхолтой улс юм. Тэр чигээрээ л том чөлөөт бүс гэсэн үг л дээ.

-Бид чинь далайд гарцгүй, Хятад, Орос гэсэн хоёр л хөрштэй, гадаад бодлого ч тэр, бүх зүйл маань энэ хоёроос л хамаарсан улс орон шүү дээ. Энэ дутуу талыг давуу тал болгох боломж байгаа юу?

-Байхаар барах уу даа. Бидний хөршүүд бол эртний соёл уламжлалын барагдашгүй өв сантай агуу үндэстнүүд төдийгүй дэлхийн эдийн засгийн бодлогод том байр суурьтай, өргөн уудам нутагтай, зах зээлийн багтаамжтай, хөгжлийн хурдацтай, нэгэн үгээр бол хоршин хамтран ажиллахад тохиромжтой улс орнууд юм.

Өөр бусад улс орон бүр тэдэнтэй ойртон нөхөрлөж, харилцан ашигтай ажиллан хамтдаа хөгжихийг хүсч байна шүү дээ. Бид хөрш, уламжлалт сайн харилцаатай байснаа давуу тал болгох хэрэгтэй. Хятад, Оростой сайн, эрчимтэй харилцахыг хүсч байгаа бусад улс оронд бид харилцах гүүр, ойроос нягт хамтран ажиллах боломжийг нээж өгөх замаар олон улсын харилцаагаа өргөтгөх, өөрсдөдөө хэрэгцээтэй зүйлээ тэднээр бүтээлгэх бодлоготой байх хэрэгтэй.

Монгол Улс шиг далайд гарцгүй, эх газраар хиллэсэн хоёр хөрштэй улс орны хувьд хилийн боомтыг өргөжүүлж, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг хилийн бүст байгуулах нь хилийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн уялдааг нэмэх оновчтой шийдэл болох юм. Саяхан УИХ-аар баталсан Хилийн боомтын тухай хууль ч энэ чиглэлд гарсан даацтай шинэчлэл юм. Энэ шинэчлэл улам гүнзгий, боловсронгуй, алсыг харсан байх ёстой юм. 

Нөгөө талаас, эдийн засгийн чөлөөт бүсийн дэлхий нийтийн сүүлийн үеийн хандлага нь улс орнууд хил дамнасан чөлөөт бүсийг хамтран байгуулах үйл явц болж байгааг анхаарах шаардлагатай. Иймд хилийн боомт бүрт худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ерөнхий концепц байх нь үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын чухал үндэс суурь болох юм. Өргөн уудам нутагтай, хүн амын төвлөрөл багатай улс орны давуу талыг ийм байдлаар бий болгох нь зохимжтой. 

-Хил дамнасан чөлөөт бүс гэж сонирхолтой санаа байна. Тодорхой, бодит ажлууд хаа нэгтээ хийгдсэн болов уу?

-Гадаад харилцааны сайдын хувиар БНХАУ-д айлчлахдаа би нүдээр үзэж танилцаад ирсэн л дээ. Хамгийн ойрын жишээ бол Хятад, Казахстаны хилийн бүст байгуулагдсан Хоргосын чөлөөт бүс юм. Энэ тухай товч мэдээлэл өгье. Хоргос нь Хятад, Казахстаны хилийн боомт юм. Эртний торгоны замын нэг чухал хэсэг байсан түүхтэй. Хоргос боомтоор авто зам, төмөр зам, газрын тос, байгалийн хийн хоолой дайран өнгөрдөг бөгөөд эдүгээ тус боомт нь ШУӨЗО-ны Төв Азийн орнуудтай харилцдаг гол гарц нь болоод байна. 

Хоргос боомтын хажууд 2011 оны 12 дугаар сарын 2-нд албан ёсоор нээгдсэн Хятад, Казахстаны Хоргосын олон улсын хилийн хамтын ажиллагааны төв ажилладаг бөгөөд хоёр улсын хооронд хэрэгжсэн стратегийн төсөл гэж тооцогддог. Анхны хил дамнасан худалдаа, эдийн засгийн бүс, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төвүүдийн нэг юм. 

Ер нь Хятад, Казахстаны хил дээр худалдаа, хөрөнгө оруулалтын бүс байгуулах саналыг анх 1992 онд гаргажээ. Тухайн үед Хонконгийн нэг компани 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж хоёр улсын хилийг дамнасан 2,6 км2 нутаг дэвсгэрт чөлөөт худалдааны бүсийн шинжтэй, хаалттай олон улсын чөлөөт худалдааны хот байгуулах санал гаргасныг хоёр улсын Засгийн газар дэмжснээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дотоод шалтгааны улмаас зогссон байна. Энэ суурин дээр Хятад, Казахстаны харилцаа улам өргөжихийн хэрээр хил дамнасан чөлөөт худалдааны бүс байгуулах сонирхол, шаардлага улам нэмэгдсэнээр энэ төв үүсчээ.   

 -Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нээлттэй бүс нь хилийн боомтоо багтааж байгаа гэсэн үг үү?

-Тийм л дээ. Хоргосын эдийн засгийн нээлттэй бүс нь багцаагаар 8 км өргөнтэй, 9 км урттай газар нутагтай, үүнд Хоргос боомтын 30 км2 орчим нутаг хамрагддаг. БНХАУ-ын Төв Ази, Өмнөд Ази, цаашлаад Европ руу гарах гол гарцуудын нэг гэж тооцогддог, олон улсын зэрэглэлийн эдийн засгийн нээлттэй бүс юм. Боловсруулах үйлдвэрийг голлон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна лээ.

Гадаад дотоодын хөрөнгө, технологи, боловсон хүчин зэргийг татаж, үйлдвэрлэлийг цогцоор хөгжүүлэх, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгох, аж үйлдвэржилт, хотжилтын явцыг түргэтгэх, ингэснээр тус бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодит түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс 2011 онд Хоргосын эдийн засгийн нээлттэй бүсийг байгуулах шийдвэр  гаргажээ. Тус нээлттэй бүсийг 2015 онд багтаан ерөнхийд нь байгуулж дуусахаар төлөвлөж байгаа юм билээ. 

-Энэ улсууд хууль тогтоомжийн хүрээнд хөнгөлөлт, бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн байх даа?

-Тэнд сонирхол татахуйц хөнгөлөлт, бизнесийн таатай нөхцөлүүд байна лээ. Тухайлбал, Хятадын талаас уг төвд  барилга, дэд бүтэц байгуулах, материал, тоног төхөөрөмжийг оруулахад экспортод гаргаж байна гэж тооцон татварын буцаалт олгодог.

Казахстаны талаас Хятад руу барилга, дэд бүтэц байгуулах материал, тоног төхөөрөмжийг оруулахад гаалийн татвар, импортын НӨАТ-аас чөлөөлнө. Тус төвөөс Хятадын нутаг руу бараа бүтээгдэхүүн оруулахад ерөнхий худалдааны татвар хураах журмыг баримтална. Аль ч зорчигч тус төвөөс өдөрт 8000 юаний татваргүй барааг авч гарахыг зөвшөөрдөг гэх мэт нөхцөлүүд байдаг байна. 

-Монголд хэрэгжүүлчихмээр сайхан туршлага байх нь, Замын Үүд, Алтанбулаг, Дорнодын хойд, өмнөд хилийн бүсэд нээчихмээр санагдаж байна шүү. Ийм хил дамнасан эдийн засгийн бүсэд бусад улс орны бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулалт ороод ирвэл улс орны бие даасан байдал, аюулгүй байдал, гадаад бодлого гээд олон зүйлд баталгаа гарч ирэх юм байна даа. Манай улс чөлөөт бүсийн тухай хуультай болоод 20 гаруй жил болж байна. Өөдтэй өнгөтэй яваа юм дуулдахгүй л юм? 

-Баян-Өлгий аймаг гэхэд дөрвөн улс хил залган оршдог бүс нутагт байрладаг тул тэнд энэ дөрвөн улс хамтран хил дамнасан тусгай бүсийг нээн ажиллуулбал их ирээдүйтэйбөгөөд бид Төв Азийн улс орнууд руу гарах чухал гарцтай болох юм. Дорнод аймаг гэхэд Орос, Хятадтай хил залгаа оршдог тул бас хил дамнасан тусгай бүс байгуулбал Ази, Номхон далайн улс орнууд руу шууд гарах, далайд гарцтай болох чухал шийдэл байх жишээтэй юм л даа. Гэхдээ бид санаачлагч байх хэрэгтэй,ядаж л эрхзүйн суурь орчныг нь бүрдүүлэх учиртай.

Өнгөц харахад манайд чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэн мэт байгаа л даа. Гэвч учир дутагдалтай байгааг миний хүсэлт, захиалгаар хийлгэсэн УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн “Чөлөөт бүсийн эрхзүйн зохицуулалт, онцлог, түүхэн хөгжлийн талаарх гадаадын зарим орны туршлага” судалгаанд  Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжид анализ хийн, зарим улс орны эрх зүйн орчинтойхарьцуулан харуулжээ.

Уг судалгаанд дүгнэснээр, манай улс“Алтанбулаг”, “Замын-Үүд” , “Цагааннуур”-ын чөлөөт бүсүүдэд тус бүрчлэн бие даасан хууль баталсан хэдий ч чөлөөт бүсийн хөгжил, түүнийг дагасан хотжилт, бүтээн байгуулалт, амьдралын нөхцлийн талаар ямар ч зохицуулалт хийгээгүй байна. Энэ ньчөлөөт бүсүүд үр ашиггүй ажиллах, үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгаад нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. 

Сайн туршлага бүхий улс орны хувьд БНСУ хуулиндаа эдгээр асуудлыг цогцоор нь тусгасныг би Инчеоны чөлөөт бүсэд ажиллахдаа танилцаж анхаарч байлаа. Тухайлбал, Солонгосын хуулинд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарч, төлөвлөгөө батлагдсан болнэн жилийн дотор үйл ажиллагаагаа эхлэхийг хуульчилсан ньнэн оновчтой зохицуулалт болсон байна лээ. 

Манайд татвар, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын асуудалд анхаарал хандуулахаас илүүтэйгээр чөлөөт бүс үүсгэн байгуулах болон түүнийг дагасан хотжилт, бүтээн байгуулалт, газар зохион байгуулалт,оршин суугчдын ажил эрхлэлт, амьдрах орчин, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, бүсийн өөрийгөө санхүүжүүлэх чадварзэрэгасуудлыгшийдэх эрх зүйн болон бүтцийн тогтолцоог бий болгох шаардлагатайбайна. 

-Энэ судалгаа сонирхолтой, чөлөөт бүсийн цаашдын хөгжлийн хандлагыг харуулсан даацтай болсон байх нь. Үйл ажиллагаа, үүсгэн байгуулалт нь бүтэмжгүй байгаа чөлөөт бүсийн бүтэлгүйтлийг хэн хариуцах билээ? Эзэн холбогдогч гэж байна уу? 

-2011 онд Үндэсний Аудитын газрын “Эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн парк байгуулах зорилтын хэрэгжилтийн явц, үр дүн” тайланд УИХ-аас баталсан үзэл баримтлал, үндсэн чиглэлийг бүрэн баримтлаагүй байна. Илэрсэн дутагдлуудыг даруй засч залруулахгүй бол чөлөөт бүсийн хөгжил төдийгүй улс орны эдийн засгийн ерөнхий төлөв байдалд ихээхэн саад тотгор учрах нөхцөл байдал бий болсон гэсэн дүгнэлтүүдийг хийжээ. 

Чөлөөт бүс байгуулж, хөгжүүлэх угтвар нөхцөл, хууль эрхзүйн орчин бүрдээгүй, УИХ-аас баталсан үзэл баримтлалыг мөрдөөгүй, чөлөөт бүс байгуулах хангалттай хөрөнгийг батлаагүйгээсхөрөнгө, хүч тарамдуулсныг тогтоосон нь анхаарах асуудал юм.Албан ёсны бодит дүгнэлт ийм л байгаа даа. 

-Тэгээд ямар гарц байна вэ?

-Ер нь чөлөөт бүсийг нутгийн гүн рүү гэхээсээ илүү хилийн бүс рүү ойртуулж байгуулах нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах чухал сэжүүр юм.

Хилийн боомт, хилийн бүст нээгдсэн чөлөөт бүс нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлт, хөгжил болон гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж байдаг.

Уул уурхай төдийгүй бусад экспортын бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, түүхий эд, ашигт малтмалд технологийн боловсруулалт хийж экспортлох хамтарсан үйлдвэрүүдийг хил орчмын бүс нутагтбайгуулах зорилтыг дэвшүүлэн хуульчлах шаардлагатай байна. Үүний тулд хилийн бүст байгуулах худалдааны болон эдийн засгийн чөлөөт бүсүүдийг хөрш орнуудын засгийн газар хоорондын хэлэлцээр, урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хөрөнгө оруулалтын баталгаа гаргах замаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж байгуулах нь оновчтой юм. Дан ганц төсвийн хөрөнгө, зээл туслалцаанд найдаж цаг алдах шаардлагагүй. 

Алтанбулаг, Цагааннуур, Сэлэнгийн Сүхбаатар зэрэг томоохон чөлөөт бүсийг ОХУ-тай, Замын Үүд, Гашуун Сухайт зэрэг өмнөд хилийн дагуу орших боомтуудад суурилсан чөлөөт бүсийг БНХАУ-тай Засгийн газрын түвшинд хэлэлцэн байгуулах, тэнд хөрөнгө оруулагчдад Засгийн газруудын хамтарсан баталгааг гаргах, татвар, газар эдэлбэрийн хөнгөлттэй урт хугацааны эрхийг олгох зэргээр дэмжвэл үр дүнтэй юм. 

Монгол Улсын эдийн засгийн өсөн нэмэгдэж байгаа хурдцыг гүйцэхгүй байгаа хил орчмын бүс нутгийг онцгой бодлогоор дэмжиж хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл үзүүлэх замаар хөгжүүлэх, энэ бүхнийг одоо байгаа Монгол Улсын Хилийн тухай, Чөлөөт бүсийн тухай болон саяхан баталсан Хилийн боомтын тухай хуулиудтай зохицуулан, нүсэр давхардсан бүтэц, удирдлагын зардал гаргахгүйгээр шийдвэрлэх боломж бий л дээ.

-Хууль боловсруулна гэсэн үг үү?

-Тийм. Шинэ хууль, эрхзүйн онцгой зохицуулалт хийх хэрэгтэй асуудал юм. Хилийн боомт, хилийн бүст нээгдсэн чөлөөт бүс нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлт, хөгжил болон гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж байдаг тухайн улсын эдийн засгийн амин чухал судас мөн тул олон улсын чанартай хил дамнасан болон хилийн боомтод тулгуурласан эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах, хөгжүүлэх агуулгатай хуулийн төслийг би УИХ-ын гишүүний хувьд санаачлан боловсруулаад байна.

-Та нэгэн ярилцлагадаа гадаад бодлого бол хамгийн том эдийн засаг гэж хэлсэн байсан. Энэ санааг нэлээд тодорхой болгомоор байна. Гадаад орчин, хөрөнгө оруулалт, зах зээлгүйгээр эдийн засаг сайн хөгжихгүй гэсэн санаа байх даа?

-Улс орон том жижиг гэлтгүй үр дүнтэй, олон талт гадаад харилцаа байхгүй, олон улсын нэгдсэн том зах зээлд эзлэх өөрийн байр суурьгүйгээр цааш явах боломжгүй болжээ. Монголчуудын сүүлийн 20 жилд туулсан хүндрэл бол үүнтэй л холбоотой. Улстөрийн яриа хэлэлцээрүүдийг гадаад бодлогын хүрээнд тасралтгүй явуулж ирсэн боловч харилцагч талууд үндэснийхээ эрх ашгийгхарилцан ашигтайхангах, эдийн засгийн даяаршил, дэлхийн зах зээлийн чиг хандлагад өөрийн нөөц бололцоог зохисжуулах тал дээр хангалтгүй ажиллаж иржээ. 

Дан ганц зээл, туслалцаанд дулдуйдсаар ирсэн нь тухайн үедээ Монголын залуу ардчилалд хэрэгтэй байсан гэж боддог ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр байдал өөр болжээ. Бид нялх ардчиллаас тогтвортой, бодит ардчилалтай болсон. Тэр хэрээр бид өөр зорилго, бодлого, үйл ажиллагааг эрхэмлэж улс орноо улам эрчтэй хөгжүүлэх үндэс суурийг тавих хэрэгтэй юм.  

Түүхий эд, ашигт малтмалаа боловсруулж, технологи шингээж үнэд хүргэж чаддаггүй юм гэхэд шууд ачаад гаргачих ч дэд бүтэц, харилцаа холбоо муутай байснаас бид өчигдөр, өнөөдрийн бэрхшээлүүдтэй учирч байна. Энэ байдлыг яаралтай өөрчлөхгүй бол маргааш ч ийм байсаар байх болно.

Энэ цаг үед Монгол Улс өмнөд хөршийнхөө эрчим хүч, эрдэс баялгийн өндөр хэрэгцээнээс хамаарч байна. Дандаа ийм байж болохгүй. Бид боловсруулах үйлдвэр, технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сурах хэрэгтэй байна. Энэ бүхнийг бий болгоходхөгжсөн орнуудын дэмжлэг туслалцаа, бизнесийн хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй.

Мөн эдгээрийг хүлээн авч чадахдэд бүтцийн, ядаж л эрхзүйн орчныг нь бид өөрсдөө бүрдүүлэх шаардлагатай юм. Гадаад харилцааг уулзаж ярилцаад, протокол хөтлөөд тохиролцоод явахаас гадна тодорхой, ажил хэрэгч, томоохон төслүүд рүү чиглэдэг болгох хэрэгтэй. Ерөнхий зүй тогтол яриад байлгүй, маш тодорхой асуудлыг шийдэж сурах хэрэгтэй байна. Гадаад бодлого ийм л байх ёстой гэж би үздэг. 

-Яриагаа нэлээд ерөнхий тойм асуултаар өндөрлөе. Монгол Улсын эдийн засаг  хурдацтай хөгжиж, ард иргэдийн амьжиргааны түвшин эрс дээшилнэ гэсэн том хүлээлт хойшлогдсоор 20 гаруй жил болжээ. Иргэдийнхээ итгэл, хүлээлтийг улстөрчид та бүхэн хэзээ бодит ажил, үр дүн, хэрэгжилтээр хариулах вэ?    

-Тойм ерөнхий асуулт ч биш л дээ. Улстөрч хүний зайлшгүй хариулж чаддаг, хариулсандаа үнэнчээр зүтгэж хэрэгжүүлдэг асуудал байна аа. Ер нь улстөрч хүн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дээр ажилладаг, ажиллах ёстой л доо. Өмнөх үеийнхээ ололт амжилт, алдаа сургамжаас суралцаж, цааш аваад явах боломжтойг үргэлжлүүлж, алдааг нь засч, өнөөдрийн болон ирээдүйн хөгжлийн суурь тавих утгаараа улстөрч хүн өнгөрснийг маш гярхай ажиглаж, нягтлах учиртай юм.

Улстөрч хүн ирэх цагийн хөгжил дэвшлийн суурь бодлогуудыг боловсруулж, хууль тогтоомжийн тогтолцоог сайжруулж, одоо цагтайгаа нийцүүлж суудаг тул ирээдүйг угтагч, түүнийг оновчтой таамаглан хойч үедээ хөл дээрээ бат зогсох боломжийг олгох учиртай. Гэхдээ дан ганц алс хэтийг харсан, одоо цагаа мартсан, өнөөдөр ажиллаж хөдөлмөрлөж, амьдрахын төлөө зүтгэж яваа иргэдээ зөнд нь орхисон байж хэрхэвч болохгүй. Тэдний эрэлт хэрэгцээ, хүсэл зоригийг мэдэрч, тэднийхээ төлөө зүтгэх учиртай. Хүн бүрийн хүсэл зоригт нийцэх боломжгүй чнийтлэг ашиг сонирхлыг олж мэдрэн төрийн бодлогын өнөөдрийн хөг аяст нийцсэн шийдэл олох ёстой юм.

Би чуулганы завсарлагаанаар өөрийн нэр дэвшиж сонгогдсон тойргийнхоо төлөөлөл болох 1300 гаруй хүнтэй уулзлаа. Уулзалтандаа Улаанбаатар гэсэн том өрх айлыг толгойлж яваа Э.Бат-Үүл даргыг ч урьж оролцууллаа. Хотын даргын явуулах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг иргэддээ шууд сонсох, санал бодлоо хэлж харилцан ойлголцох боломжийг олгосон юм.

Миний нэр дэвшиж сонгогдсон тойргийн хэмжээнд авч хэрэгжүүлэх төсөл, санаачилгыг ч ярилцлаа. Орон нутгийн засаг захиргаа, тухайн тойргоос нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран тодорхой төсөл, тооцооллыг санал болгож байгаа нь таны асуусан хүлээлтийг наашлуулах, итгэлийг даах үндсэн арга зам гэж үзэж байна. Мөн УИХ-ын гишүүний хувьд дэвшүүлсэн санаагаа дүүрэг, нийслэлийн бодлогод тусгах, тэдний үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх нь юунаас чухал байгааг миний зохион байгуулсан энэ уулзалт харууллаа. 

Төрийн иргэдэд хүргэх үйлчилгээ жижигдэж багаддаггүй юм билээ. Шинэчлэлийн Засгийн газрын аятайхан санаачилгын нэг нь ТҮЦ машинууд юм. Гэтэл иргэд газар олголт болон бусад асуудлаар лавлагаа авах гэхэд холбогдох асуулгыг бөглөж чадахгүйгээс ашиглахдаа хойрго байна. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй оюутан залуусыг энэ ажилд татан оролцуулахад иргэд урамшин ач холбогдлыг нь илүү ихээр мэдэрч байна лээ. Би тойрогтоо багахан хугацаанд ийм ажлыг биечлэн зохион байгуулаад үүнийг харлаа.    

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье