"Бидний өмнө гурван тэрбумын зах зээл байна"
“НоваТерра” компанийн захирал Б.Бямбасайхантай энэ оны эдийн засгийн өнгө болон бизнесийн орчны талаар ярилцлаа.
-Нэгэн үе “Ньюком”-оор овоглож байсан Бямбасайхан өдгөө “НоваТерра” гээд шинэ компанийн захирал болжээ. Та компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
-2013 онд бие биенээ ойлгодог, санхүү, менежментийн туршлагатай хүмүүстэй нийлж “НоваТерра” компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна. Манай компани хөрөнгө оруулалт, төслийн менежмент гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд манай компанийн хувьд хэд хэдэн төсөл дээр амжилттай ажилласан. Тэр дундаа үйлдвэрлэлийн төсөл дээр хүртэл санхүүжилт босгож чадлаа. Стандартын дагуу ажлаа хийвэл, хөрөнгө мөнгө босгож болж байна.
Эдийн засгийн өндөр өсөлтийг дагаад ойрын 10-15 жил барилга, дэд бүтэц, эрчим хүч, усан хангамжийн чиглэлээр томоохон бүтээн байгуулалт хийгдэхтэй холбоотойгоор бидэнд олон улсын стандартын дагуу ажиллах шаардлага тулгарч байгаа. Энэ шаардлагын дагуу олон улсын томоохон, нэр хүндтэй инженерингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Мотт МакДоналд “Mott MacDonald” компанитай хамтын ажиллагаагаа Монголд эхлүүлсэн.
-Өнгөрсөн оны эдийн засгийн өнгө тийм ч таатай байсангүй. Гэхдээ л ДНБ 12 хувийн өсөлттэй гарсан. Тэгвэл энэ онд эдийн засгийн нөхцөл байдал ямар байх бол?
-Өнөөдрийн Монголын зах зээл дэлхийд ховорхонд тооцогдож байна. Учир нь манай эдийн засаг тогтмол өсөлттэй явж байгаа. Цаашдаа ч энэ өсөлт хадгалагдахаар байна. Ойролцоогоор 10-15 жилд эдийн засгийн өсөлт буурахгүй төлөвтэй. Тухайлбал, “The Economist” сэтгүүлд энэ онд манай улсын эдийн засгийг олон улсад хамгийн өндөр өсөлттэй буюу 14 орчим хувь байхаар төсөөлсөн байсан.
-Эдийн засаг өсөхийн хэрээр яригдаж байгаа нэг зүйл бол олон улсын хэмжээнд ажиллах шаардлага бидний өмнө тулгамдаж байна. Энэ шаардлагыг Монголын компаниуд биелүүлж чадаж байна уу?
Бизнес явуулах таатай орчин зарим талаараа бүрдсэн гэсэн үг. Тиймээс олон улсын стандартын дагуу бизнесээ явуулах бол бизнесийн амжилтын суурь боллоо. Гэхдээ бид санхүүжилтын эсвэл инженерингийн чиглэлийн тодорхой стандартыг шинээр бий болгох гээд байх хэрэггүй. Харин бэлэн байгааг нь шууд аваад ашиглах боломж нээлттэй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, дүрэм журмыг дагаж мөрдөх нь нэг талдаа хөрөнгө оруулагчдын итгэлийг олох гол арга зам.
Нөгөө талдаа тухайн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах чадавхийг нэмэгдүүлдэг. Өнөөдөр бид зөвхөн гурван сая хүн амтай зах зээлд өрсөлдөөгүй. Харин Хятад, Орос, Энэтхэг тэргүүтэй гурван тэрбум давсан хүн амтай асар том зах зээлд ажиллаж байна. Ийм том зах зээлд олон улсын стандартын дагуу ажиллахгүй л бол оршин тогтноход хэцүү.
-Статистик мэдээллийг харахад муу мэдээ олон байна. Ойрын хугацаанд эдийн засаг бидний төсөөлж байсан шиг сэргэхгүй л болов уу. Энэ талаар бизнес эрхлэгч хүний хувьд ямар хүлээлттэй байгаа вэ?
-Өнгөрсөн онд бид амжилттай ажилласан. Эдийн засаг уналттай байна гээд зүгээр сугаад байж болохгүй. Эерэг талаас нь харвал хууль эрх зүйн хүрээнд бизнесийн орчныг дэмжих хэд хэдэн хууль батлагдлаа. Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулахад анхаарч эхэллээ. Ухаалаг төрийн хувьсгал эхэлсэн. Тиймээс энэ онд эдгээр ажлын үр дүн гарах байх. Үр дүн юугаар хэмжгдэх вэ гэвэл бизнесийн хүрээнд ашиг орлого нэмэгдэх.
Энэ хэрээр олон хүн ажлын байртай болно. Ажлын байр нэмэгдэх тутам баталгаат орлоготой иргэдийн тоо олширно. Ингээд нийт улсын хэмжээнд амжиргааны түвшин сайжирна. Цаашдаа монгол хүн эх орондоо хүссэн мэргэжлээрээ ажиллаж сайхан амьдрах боломж бүрдэх юм. Ер нь бол бид өөрсдөө л хичээхгүй бол эдийн засаг өсөхгүй. Харин эдийн засаг өсөхгүй бол монгол хүний амьдрал сайжрахгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.
Түүнээс биш хэн нэгэн шидтэн гарч ирээд бүх зүйл сайхан болчихгүй. Үүнтэй холбоотой хариуцлага гэдэг ойлголт гарч ирнэ. Хувь хүн, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компани бүр хариуцлагатай байж чадвал амьдралын түвшин дээшилж, тухайн байгууллага илүү ашигтай ажиллана. Тэр цагт эдийн засаг бидний хүсээд байгаа шиг өсөх нь дамжиггүй.
-Хариуцлагын талаар хаа сайгүй ярьдаг ч манайхан хариуцлагаас зугатаж бултах нь их. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хариуцлага гэдэг бол аливаа ажлыг эхлүүлсэн л бол заасан хугацаанд нь чанартай дуусгах явдал юм. Нөгөө талдаа ухаалаг төр гэж яриад байгаа маань хариуцлагатай байх тухай л асуудал юм шүү дээ. 2050 он гэхэд долоон сая иргэнтэй болж дундаж наслалтаа нэмэгдүүлье. ДНБ-ээ 380 тэрбум ам.долларт хүргэе. Нэг хүнд ногдох ДНБ-ийг 55 мянган ам.долларт хүргэх, хөрөнгө оруулалтын хувьд ААА зэрэглэлтэй болох гээд олон зорилгын талаар Ерөнхийлөгч ухаалаг төрийн талаарх илтгэлдээ дурдсан.
Энэ бүхэн боломжгүй зүйл биш. Магадгүй хичээвэл 2050 оноос ч өмнө эдгээр зорилтод хүрч болно. Үүний тулд л хүн бүр миний түрүүний дурдсан хариуцлагатай буюу цагийн юмыг цагт нь олон улсын стандартын дагуу хийдэг болох хэрэгтэй. Мөн манай улс хуулийн засаглалын тухайд бүс нутагтаа манлайлагч болмоор байна. Хуулиа дээдэлдэг байх нь чухал. Энэ чинь бас л нэг төрлийн хариуцлагын тогтолцоо шүү дээ. Монголтой адилхан далайд гарцгүй жижиг орон болох Швейцарь өнөөдөр яагаад өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлж байгаа юм бол.
Тэгвэл Монгол Улс далайд гарцгүй хэдий ч гурван тэрбум гаруй хүнтэй том зах зээлийн дунд байдаг асар их баялагтай орон байж яагаад дэлхийн тэргүүлэх улс болж болохгүй гэж. Боломж байгаа юу гэвэл байгаа. Тиймээс тэр зүг рүү л олуулаа хамтдаа алхана. Гурван сая хүн бүгдээрээ нэгдэж нийлээд энэ том зорилгын төлөө хамтдаа хөдөлмөрлөнө. Утааг бууруулна гээд л байдаг. Энд хэн нэг нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаад аль болох утаа гаргахгүйг хичээгээд байлаа гэж бодъё.
Гэтэл тэнд байгаа нэг нөхөр тааралдсанаа түлээд утаа гаргаад байж болохгүй биз дээ. Ийм сэтгэхүйтэй байвал бид утаанаас салахгүй. Хамгийн гол нь яндангийн утаанаасаа түрүүлээд сэтгэлгээний угаараа л арилгах хэрэгтэй. Бизнес ч гэсэн ялгаагүй. Дор бүрнээ жижиг ашиг хараад суух биш Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар буюу өсөлтийн төлөө нэгдэж байж бид мөрөөдөөд байгаа хөгжилд хамтдаа л хүрнэ.
-Та Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүн. Өөрөө ч залуу бизнесмэн хүн. Тэгвэл өнөөдөр бизнесмэнүүд чухам юу хүсч байна вэ?
-Монголын Бизнесийн зөвлөл 280 гаруй гишүүн компанитай. Эдгээр компанийн удирдлага болон ажилчдын хүсдэг гол зүйл нь хууль эрх зүйн орчин нь тогтвортой, тодорхой байгаасай л гэдэг. Тогтвортой, тодорхой хууль эрх зүйн орчин нь бүрдчихвэл тухайн компаниа бизнес хийгээд ашгаа олоод, татвараа төлөөд, ажлын байр бий болгоод явах тэмүүлэлтэй байна. Монголын компаниуд олон улсын стандартын дагуу ажиллаж чаддаг болсон.
Өмнө нь компанийн эзэд аман гэрээ байгуулаад ойлголцоод ашигтай ажилладаг байсан сайхан цаг байсан. Учир нь аливаа бизнес чинь итгэл дээр тогтдог. Гэхдээ өнөөдөр бизнесийн цар хүрээ нь тэлж, өрсөлдөөн асар хурдтай нэмэгдсээр байна. Ийм нөхцөлд Монголын компаниуд олон улсын стандартад нийцсэн гэрээ хийх, тухайн гэрээний дагуу ажиллах ёстой болж байгаа юм. Хоёр тал гэрээ хийж байгаа тул харилцан ашигтай байх хэрэгтэй.
Харилцан ашигтай ажиллах хэд хэдэн зарчим бий. Тухайлбал, зардал багатайгаар үр ашигтай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхитай менежменттэй байх. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл үйлчилгээ үзүүлэхдээ өндөр үр ашигтай технологи нэвтрүүлэх. Ингэж чадвал тухайн бизнесийн өсөх боломж нэмэгдэнэ. Гэхдээ анхаарах зүйл бий. Нөгөө капитализмыг морьтойгоо харайгаад алгассан гэдэг шиг технологийн хувьд үр ашиггүйг нь орхиод илүү дэвшилтэт шинэ технолгийг шууд ашиглаад, менежментээ оновчтой болгож чадвал тухайн бизнес өндөр үр ашигтай ажиллаж чадна.
-Та хэд хэдэн удаа олон улсын стандартын талаар дурдлаа. Тэгвэл бизнес явуулахад чухам ямар олон улсын стандарт барьж ажиллах ёстой вэ?
-Стандарт гэдэг өргөн хүрээтэй ойлголт л доо. Хэрвээ барилга барьж байгаа бол тодорхой стандарт, дүрэм журам гаргаад цаасан дээр батлаад бүх барилгын компани тэр дагуу л ажиллаад байж болно. Бизнесийн хувьд арай өөр. Бидний хамгийн их ярьдаг санхүүжилт босгох, хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг олох хэрэгтэй.
Ашигтай, ирээдүйд “чулуу” болох шинэ санаатай хүн монголоор дүүрэн. Гэхдээ хэчнээн сайхан санаатай байлаа гээд хэрэгжүүлэх арга зам нь тодорхойгүй бол ямар ч хэрэггүй. Хэн ч чамд итгэж хөрөнгө оруулахгүй. Хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгохын тулд хүн бүрийн итгэдэг, олон улсын хэмжээнд нийтлэг дагаж мөрддөг стандартын дагуу бүх материалаа бүрдүүлэх ёстой.
Өнөөдөр олон улсын санхүүгийн компаниуд хүлээн зөвшөөрдөг стандартын дагуу бүх материалаа жин тан болгох нь хэн хэндээ амар. Мөн олон улсын хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Тэдэнтэй адилхан сэтгэж байж тэдний юу хүсч байгааг мэдэж авна. Дээр нь нэмээд тухайн гэрээ хийх гэж буй хүнтэйгээ бизнесийн хэлээр ярьдаг байх ёстой. Зөвхөн англи хэлээр ярьдаг байх нь бизнест хангалтгүй. Бизнесийн түншүүд биедээ итгэхийн тулд сайн ойлголцох ёстой шүү дээ.
Сайн ойлголцохын тулд бид тухайн хөрөнгө оруулагчийн “төрөлх” буюу санхүүгийн хэлээр нь ярьж чадвал учраа олоход илүү хялбар байдаг. Энэ мэт бизнесийн түншийнхээ итгэлийг олохын тулд бид өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлийг чанарын өндөр түвшинд хийх хэрэгтэй. Тиймээс бизнесийн хувьд чанар, стандарт гэдэг ойлголт нь маш өргөн хүрээг хамардаг. Хэрвээ энэ талаар сайн мэдэхгүй бол мэддэг чаддаг хүнээс нь асуугаад, сураад л явна.
-Гурван тэрбум хүнтэй зах зээл гэж байна. Монголчууд гадагшаа гарч өрсөлдөх талаар олон жил ярьж байгаа. Гэхдээ ажил хэрэг болсон нь цөөн. Компани олон улсын стандартын дагуу ажиллах хэрэгтэй гэлээ. Нөгөө талдаа дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай Монголын гэх тодотголтой бараа бүтээгдэхүүн байна уу?
-Өнөөдөр манай эдийн засгийн мотор яах аргагүй уул уурхайн салбар. Бид олон зүйл рүү зэрэг дайраад байвал хоосон хоцорч магадгүй. Тиймээс бид нэг зүйлийг л маш сайн хийх хэрэгтэй. Ингэж чадвал тэр өрсөлдөх чадвар юм. Энэ өнцгөөс нь харвал манай уул уурхайн салбарын бүтээгдэхүүн олон улсад өрсөлдөх чадвар өндөр байж чадна. Газар зүйн байршил болон нөөцийн чанарын хувьд харьцангуй сайн. Байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, сайн менежменттэй болж, байгалийн баялгаа зөв зохистой ашиглаж чадвал тус салбарын өрсөлдөх чадвар улам л нэмэгдэнэ.
Зарим нэг нь уул уурхайг буруугаар ойлгодог. Гэхдээ уул уурхайн түүхий эдгүйгээр бий болдог бүтээгдэхүүн бараг байхгүй, өөрт байгаа гар утсаа л жишээлбэл харчих. Лондонгийн олимпын медиалыг Оюутолгойн зэс, алтаар хийсэн. Энэ бол маш чухал. Энгийнээр бодоход дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд нь Монголд байна шүү дээ.
Тиймээс эхлээд байгаа зүйлээ зөв зохистой, ухаалаг ашиглаад сурчих хэрэгтэй. Түүнээс биш, тойрч суугаад хэрэлдээд байвал ажил урагшлахгүй. Уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэр, өндөр технологио нэвтрүүлээд үйлдвэрлэлээ явуулах хэрэгтэй. Түүнийхээ дараа өөр бусад бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлэх боломж бидэнд олон бий. Өрсөлдөх чадвартай, сайн хийж чадах зүйлээ орхиод өөр зүйлийг хийх гээд байвал цаг хугацаа, хөрөнгө мөнгө их орно гэдгийг бодох хэрэгтэй.
Нөгөө талаар уул уурхайг дагаад зам тээвэр, эрчим хүч тэргүүтэй том төсөл олон гарч ирж байгаа. Энэ төслүүдээ хэрэгжүүлснээр уул уурхайн өрсөлдөх чадвар сайжрахын зэрэгцээ бусад салбартаа том хувь нэмэр оруулна. Дэд бүтцийн том төслийг санхүүжүүлэхийн тулд гаднын зах зээлээс хөрөнгө босгох зайлшгүй шаардлагатай. Харин гаднын хөрөнгө оруулагчид монголчуудад итгэх үү? Тэдний итгэлийг олохын тулд нэн түрүүнд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнтэй байх хэрэгтэй.
Хөрөнгө оруулагч түүнд л итгэж хөрөнгө оруулдаг. Монголчуудын хувьд өнөөдөртөө өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн бол уул уурхайн баялаг шүү дээ. Хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгож чадвал бид сургууль, эмнэлэг, зам гээд хэрэгцээтэй байгаа бүтээн байгуулалтаа хийнэ. Ингэж чадвал иргэдийн амьдралын чанар сайжирна.
-Өнгөрсөн онд хэд хэдэн хууль шинээр гаргалаа, шинэчиллээ. Тухайлбал, шинэхэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн маргаан өнөөдрийг хүртэл дуусаагүй л байна. Зарим нь Монголын төр шалдаа буучихлаа. Гаднынханд хамаг юмаа найр тавьж байна гэх. Энэ талаар таны бодол?
-Бид хүний төлөө юм хийгээгүй. Үүнийгээ л сайн ойлгох хэрэгтэй. Мөн монголчууд хэн нэгний өмнөөс амьдраагүй. Бид сүүлийн 20 гаруй жил ардчилалын замаар замнаад тодорхой үр дүнд хүрлээ. Өнөөдөр бидэнд эрх чөлөө байна. Хувийн өмчтэй боллоо. Хувийн өмчтэй, эрх чөлөөтэй болсноор бидний амьдрал сайжирсан. Гэхдээ хувийн өмч бий болоод эдийн засаг өсөхийн хэрээр хуучин тогтолцоо, дүрэм журам өнөөдрийн байдалтай нийцэхгүй байна.
Нийцэхгүй байгаа юмыг засч сайжруулах хэрэгтэй. 1990 оноос өмнө хуулиар зөвшөөрөөгүй л бол юу ч хийж болохгүй зарчимтай байсан. Харин одоо бид хүссэн зүйлээ хийж болно. Гэхдээ хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй. Ийм л зарчмын өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Бизнесийн орчныг хөгжүүлэхийн тулд аль болох нээлттэй байх учиртай. Энэ нь хөрөнгөө оруулсан бол буцаагаад ашгаа хүртэж болдог тийм боломжийг бүрдүүлэх тухай асуудал юм. Нөгөө талдаа гэрээ хэлэлцээрээ дагаж мөрддөг байх.
Хэрвээ талууд тохиролцож чадахгүй бол шүүхэд очоод хуулийн дагуу шийдвэр гаргуулах боломжтой байх хэрэгтэй. Үүний тулд л зарим нэг хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Зарим хүн хэлдэг л дээ “Сүүлийн 20 жил болсон болоогүй баахан хууль баталлаа” гэдэг. Тийм ээ, бид шилжилтийн үедээ л тохируулаад хууль дүрмээ баталж байсан юм байна. Өмнө нь чөлөөт зах зээлийн талаар ямар ч ойлголтгүй байсан улс гэнэт тийм нийгэмд хөл тавихаар арга ч үгүй биз. Дээр нь өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд илүү туршлагатай боллоо. Одоо бол бидэнд шилжилтийн биш харин өсөлтийг дэмжсэн, хувийн өмчийг жинхэнэ ёсоор хамгаалсан хуулиуд шаардлагатай болж байна.
-Гэхдээ зарим талаараа бизнесмэнүүдийг хэтэрхий давраагаад байна гэдэг. Татвар их байна багасга. Ийм юм хийх гэж байна хөнгөл гэх шаардлагыг бизнесмэнүүд мөн гадаадын хөрөнгө оруулагчид хэлдэг. Зарим талаараа хэт давраад байгаа юм биш биз?
-Солиорол гэж байдаг даа. Айлберт Эйнштэйн нэгэнтээ “Солиорол гэдэг бол нэг зүйлийг нэг аргаар олон дахин оролдоод өөр үр дүнд хүрэхийг хүлээх” хэмээн тодорхойлсон байдаг. Тухайлбал, энд хана байна заавал мөргөж гарна гээд байж болохгүй. Гэтэл тэр ханыг тойроод гарах боломжтой шүү дээ. Тиймээс бид аль болох л асуудлыг шийдэх олон арга зам хайх ёстой. Тэндээсээ хамгийн оновчтойг нь сонгож авах нь л чухал. Түүнээс биш даварсандаа энэ болохгүй байна, тэр асуудлыг шийдмээр байна гээд байгаа хэрэг огт биш. Эдийн засгийн өсөлтийг бизнес эрхлэгчид л авчирна.
Тэгвэл бизнес эрхлэгчдэд Монголын хууль эрх зүйн орчин ойлгомжтой байхыг л шаардаж байгаа. Тогтвортой, ойлгомжтой байхыг л хүсч байгаа болохоос биш даварсан шаардлага тавиагүй. Өрсөлдөх чадварын нэг хэсэг нь ойлгомжтой орчинд бизнесээ төлөвлөж ажиллах. Тухайлбал, ийм татвар төлөх юм байна гэдгээ мэдэж байвал, бизнес хийхийн тулд ийм хэмжээний хөрөнгөөр тийм ашиг олох юм байна гээд төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу ажиллаж болно. Харин тэгээд зүтгэж байтал татварын орчин нь өөрчлөгдчихвөл тухайн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Хөрөнгө оруулагчдын хувьд бидэнд итгэж хөрөнгө оруулдаг шүү дээ.
-Тэгвэл монголчуудын итгэл даах чадвар хэр байна вэ?
-Бидэнд сурах, шинээр нэвтрүүлэх зүйл олон байгаа. Цаашдаа ч байсаар байх болно. Өнөөдөр дэлхийн хамгийн том, өрсөлдөх чадвартай компани Apple ч гэсэн байнга л шинээр сурч, өөрчлөгдөхийг хичээсээр байдаг. Тэр хэрээрээ олон улсын зах зээлд итгэл даах чадвар нь дээшилдэг.
Миний бодлоор Монголд шинэ санаа гаргаад түүнийгээ ажил хэрэг болгох боломж аль ч газраас илүү гэж боддог. Бидэнд боломж байна. Өөрсдөө л хичээх чухал. Байнга сайжирч, хариуцлагатай ажиллаж, олон улсын хэмжээнд сэтгэж чадвал монголчуудын өмнө гурван тэрбумын зах зээл нээлттэй байна.