2014.01.18

К.Максим: Орос хүн юу хийхээ мэдэхээ больсон нөхцөлд монгол хүн шийдэл олж чаддаг

 “Славянка” зочид буудлын гүйцэтгэх захирал К.Максимтай ярилцлаа.

- Монголд зочид буудлын бизнес эрхлэх хэр ашигтай байна вэ?

Эхэндээ нэлээд ашигтай байлаа. Зөвлөлтийн цэргүүд буцсаны дараа олон орос офицер монголд үлдсэн учраас манай зочид буудал тэдэнд зориулагдсан байв. Гэвч сүүлийн 10 жилд Улаанбаатарын хүн ам өсч, газар сайгүй ресторан, зочид буудлууд бий болсноор өрсөлдөгчид гарч ирсэн. Олонхи нь доод зэрэглэлийн зочид буудал  бөгөөд хүмүүс нь  мэдээж хямдыг нь сонгодог.

Харин манай зочид буудал чинээлэг хүмүүст зориулагдсан. Орос хэл мэддэг, монголд амьдарч байсан цөөн хүмүүс биднээр үйлчлүүлдэг. Гэвч тэдний тоо жилээс жилд багасч буй учраас байдал хүнд байна. Ашиг гэх сүйдтэй юм алга. Яаж ийгээд болгож л байна.

- Үйлчилгээний салбарт бизнес эрхлэхэд ямар нэгэн хүндрэл гарч байна уу?

Бид ресторан болон зочид буудалдаа зориулж зах дээрээс хүнсний бүтээгдэхүүн бөөнддөг. Гэхдээ зах дээрээс авах тохиолдолд худалдаа хийж буй хүн НӨАТ төлж байгаа гэсэн баримт авах боломжгүй. Тиймээс бид нэмээд гурван хувийн татвар төлөхөөс өөр аргагүй болдог. Үүнийг би ойлгодоггүй.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн чиглэлээс гадна хэтэрхий олон хяналтын байгууллага бий. Ашиг муутай үед тэдний зүгээс элдвийн торгууль ногдуулах нь үнэхээр хэцүү.

- Та энэ талаар тодорхой жишээ хэлж чадах уу?

Үндэсний Статистикийн хороонд бүртгэлтэй, тогтмол үйл ажиллагаатай зочид буудлуудын тоо Монгол Улсын хэмжээнд 332 байна.

Манай зочид буудал таван одтой байх албагүй. Үйлчлүүлсэн хүмүүс ч гомдол гаргадаггүй. Гэтэл нэг удаа шалгалт ирээд зочид буудал дээд зэрэглэлийнх байх ёстой гээд баахан эд зүйлийг шинэчлэхийг шаардаж торгоод явсан.

Түүнчлэн халуун усны төлбөрийн асуудал бий. Зочид буудлын барилга том учраас төлбөр их гардаг. Гэхдээ үйлчлүүлэгч байсан ч байгаагүй ч адилхан хэмжээний төлбөр тавьдаг. Олсон хэдэн төгрөгөө халуун ус, цахилгаанд өгөөд дуусгадаг. Өгч буй халаалт тогтмол байдаггүй гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Тиймээс бодит орлогын баримтад үндэслэж халаалтын төлбөрийг авдаг байвал зүгээр юм шиг санагддаг.

- Монголд үйлчилгээний салбарт бизнес эрхлэхэд ямар талтай вэ?

Үйл ажиллагаа явуулах талбар том байгаа учраас  монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Хөрөнгө оруулалтын орон зай хангалттай гэсэн үг.

Оростой харьцуулахад Монголын зочид буудал, рестораны үйлчилгээний үнэ хавьгүй доогуур, дундаж орлоготой хүн хооллож, хоноглоод гарахад тохиромжтой.

- Тэгвэл үйлчилгээний чанар, монголын зочид буудлын ажилтнуудын талаар юу хэлэх вэ?

Боломжийн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дундаас дээш түвшний гэсэн үг. Ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх төрөл бүрийн сургалт явагддагийг хэлэх хэрэгтэй.

Гэхдээ нэг сул тал бий. Монгол ажилчдад байнга хэлж ярьж, хийх ажлыг нь сануулж байх хэрэгтэй болдог.

- Таны ажигласнаар монголд ямар жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүн тогтмол ашиг олж чадаж байна вэ?

Монголчлох ухаан буюу монголчуудын бүтээлч сэтгэлгээ

Автомашинтай холбоотой бизнес эрхэлдэг хүмүүс. Авто угаалга, авто засвар, оношлогоо, шингэн болон хийн түлш гэх мэт. Ер нь монголчууд автомашинтай харьцахдаа гайхалтай бүтээлчээр сэтгэдэг. Орос хүн юу хийхээ мэдэхээ больсон нөхцөлд монгол хүн шийдэл олж чаддаг. Жишээ нь: таарах сэлбэг олдохгүй болсон үед ямар нэгэн зүйлийг урлаж орлуулаад л засчихдаг.

Харин ноос, ноолууран эдлэл үйлдвэрлэгчид монголоор зогсохгүй гадаадад өндөр ашиг олох боломжтой. Энэ төрлийн бараа, бүтээгдэхүүн ойрын таван жилд дэлхийн зах зээлд гарч эхэлнэ гэж бодож байна.