Тендерийг цахимжуулж, ил тод байдлыг дээшлүүллээ
Шадар сайдын санаачилгаар хоёр дахь жилдээ зохиож буй “Ард түмэн Та хаан” форум энэ удаа “Сахилга, хариуцлага” сэдвээр өрнөлөө.
Энэ үеэр худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:
-Худалдан авах ажиллагаанд өмнө нь иргэдийн оролцоо байдаггүй байсан. 2011 онд хууль батлагдаж, нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэдийн оролцоотой худалдан авах ажлыг зохион байгуулж байна. 20 сая хүртэлх төсөвт өртөгтэй ажилд иргэд өөрсдөө зохион байгуулж, гүйцэтгэдэг болсон. Үнэлгээний хороонд өмнө нь ТББ-ууд ордоггүй байсан. Тэгвэл бүх үнэлгээний хороонд ТББ-ын төлөөллийг оруулсан.
Тендерийн үйл явцыг шийдвэрлэхэд нь оролцож, хяналт тавих боломжоор хангасан. Ил тод байдлыг хангах үүднээс бид тендерийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Нийт төсөл, арга хэмжээний 22 хувийг энэ жил цахимаар явуулсан. Ингэснээр хүний оролцоог багасгаж, хэмнэлт гаргасан, ил тод байдал нэмэгдсэн.
Тендерт оролцсон бүх компанийн танилцуулга, мэдээллийг нэг бүрчлэн цахим хуудаст тавьдаг болсон. Олон улсын худалдан авах ажиллагааны стандартыг Монголдоо нутагшуулсан гээд олон ажил хийсэн. Цаашид худалдан авах ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана.