Н.Тэгшбаяр: Физикч эрдэмтэд уран олборлохыг дэмждэг, учраа мэдэхгүй хүмүүс л эсэргүүцдэг
“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай ярилцлаа.
-Цөмийн энергийн газар хэр бүтээлч хамт олон бэ?
-Цөмийн энергийн салбар аль ч улсад стратегийн ач холбогдолтой байдаг. Тэр дундаа манай улс Цөмийн зэвсэггүй бүс гэж зарлаж, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан.
Эдгээр гүрнүүд Монгол Улсын тусгаар тогтнолд баталгаа өгч байгаа нь салбарын маань хамгийн бүтээлч ажил юм.
-Мэдээж сүүлийн жилүүдэд шинэчлэлийн Засгийн газрын яам, агентлагууд хурдтай ажиллах, хүнд суртал, авлига зэргээс ангид байхын тулд цахим систем нэвтрүүлэх зэрэг ажлууд хийж байгаа. Цөмийн энергийн газар энэ төрлийн ажлыг хэр хэрэгжүүлж байгаа вэ?
-Манай байгууллага кибер аюулгүй байдал талаасаа бусад газруудтай хамтарч ажилладаг.
Энэ чиглэлээр маш сайн анхаарал хандуулахаас ч аргагүй. Учир нь үндэсний аюулгүй байдал гэдэг утгаараа мэдээллийн нууцлал өндөр зэрэглэлд байх ёстой. Бүхий л мэдээллээ ил болгоод байвал нүцгэн хүнээс ялгаагүй болно. Мэдээж ийм байх ёстой гээд хамаг асуудлаа нуугаад байна гэсэн үг биш. Хуулийн хүрээнд нээлттэй ил тод байдлаа ханган ажиллаж байгаа. Байгууллагынхаа вэб сайтаараа дамжуулан авлигатай тэмцэх, соён гэгээрүүлэх чиглэлүүдээр мэдээллүүдээ өгч байгаа.
-Тохируулагч агентлаг учраас таны хэлж буйгаар тодорхой хэмжээгээр зарим асуудлыг хаалттай түвшинд хэлэлцдэг байх. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ болон мэдээллийн хувьд хэр нээлттэй байгаа вэ?
-Би энэ ажлыг хүлээн авсан өдрөөсөө иргэд, Төрийн бус байгууллагуудад үйл ажиллагаагаа байнга нээлттэй байлгана. Сонирхсон асуулт бүрт хариулна, эргэлзээтэй зүйлүүд байвал тайлбарлаж өгнө гэх зэргээр жилд ганц удаа нээлттэй хаалганы өдөр зарлах бус өдөр бүр нээлттэй агентлаг байж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тиймээс ч манай газар, хэлтсийн дарга нарын үүдэнд иргэд дугаарлаж, хүлээлт үүсэх тохиолдол байдаггүй.
-Гэхдээ иргэн бүр Цөмийн энергийн газраар үйлчлүүлдэггүй болохоор ачаалал харьцангуй багатай байх?
-Аливаа цацрагтай бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулах, гаргахтай холбоотой хяналтыг манай байгууллагын зүгээс тавьдаг. Тэр утгаараа геологийн дээж гаргахын тулд цацрагтай эсэх зөвшөөрөл, гадаадаас цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмж оруулж ирэх зэрэгт манайхаас зөвшөөрөл авна.
Мөн хил, гааль дээр хууль бус бараа тээвэрлэлтийг хянах зэрэг үйл ажиллагаанууд манай хяналтад байдаг. Гэх мэтчилэн тоочоод байвал ачаалал байлгүй яах вэ.
Мөн цацраг идэвхит ашигт малтмалын геологийн хайгуул, судалгаанд хийх цацрагийн хяналт, бүх эмнэлгийн цацрагийн үүсгүүрүүдийн хяналт зэргийг манайхан хийдэг. Энэ утгаараа байнга хөдөө явна, шөнө, орой ажиллана. Хийх ажил нь ийм хэрнээ боловсон хүчний тухайд цөөхүүлээ шүү дээ. “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих гэдэг нь үндсэндээ цөөхөн хүнээс их бүтээмж гарч байх учиртай. Үүний чиг шугамаар залуус маань ажиллаад л байна даа.
Үнэн хэрэгтээ төрд ажиллаж байгаа зарим хүн сурч, мэдсэн, олсон боловсролынхоо хэмжээнд хүртэл цалин авч чаддаггүй. Тухайлбал баруунд боловсрол эзэмшиж, Олон улсын атомын агентлагт ажиллаж байсан залуу эх орондоо ирээд ажиллахад цалин нь хаанаа ч хүрэхгүй, бор хоног, шар нарыг өнгөрөөж байх жишээтэй.
-Хүн тухайн ажлаасаа таашаал авдаг, хийснийхээ хэрээр цалин, урамшуулал авахын тулд хөдөлмөрлөдөг. Тэгж чадахгүй болохоор хүнд суртал үүсгэж, авлигад өртөх эрсдэл үүсдэг гэсэн ойлголт байдаг. Танайд энэ үзэгдэл хэр байгаа вэ?
-Залуус маань мэргэжлээсээ кайф авдаг болохоор өнөөг хүртэл зүтгэж байна. Түүнээс өөр зүйл хийж чадахгүй дээ суугаад байгаа юм биш. Хүүхэд байхаасаа энэ чиглэлийг хобби болгож, энд тэндхийн олимпиадад орж түрүүлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдчихсөн, салбартаа ажиллах дуртай учраас хэт өлсчихгүй, хэт цадчихгүйгээр л ажиллаад байгаа юм.
-Зарим төрийн бус байгууллага “Цөмийн энергийн газар гэдэг чинь монголчуудыг хордуулах” нь гэдэг мессежийг иргэдэд өгөөд байна. Тухайлбал шар нунтаг булна, уран олборлоно гэх зэргийг эсэргүүцэн жагсаал, цуглаан хийсээр багагүй хугацаа өнгөрлөө шүү дээ?
-Бид чинь нүүдэлчин соёл иргэншлээс суурин руу шилжээд 100-гаад л жил болж байна. Нүүдэлчид бол аливаа зүйлийг цаасаар баталгаажуулалгүй сургаар сонсож ажлаа амжуулдаг байсан. Тэр үед худлаа хэлж, буруу зүйлд бусдыг турхирдаггүй байж. Гэтэл өдгөө 100 жлийн дараа хувь, хувьсгалын ямар нэг ашиг сонирхлын төлөө худлаа асуудлаар бусад руу турхирдаг зан бий болсон нь ажиглагдаж байна.
Тухайлбал, цөмийн хог хаягдал огт оруулж ирээгүй байхад оруулаад ирчихсэн мэт, авч ирээгүй гээд байхад аваад ирнэ гэж байгаа мэтээр ярих нь лав Монголын эрх ашгийн төлөө юм биш.
Тэд үнэхээр Монголын төлөө ингэж хэлээд байгаа бол манай агентлагийн үүд нээлттэй байхад болж, бүтэхгүй байгаа бол ирээд ярилцах хэрэгтэй. Би энд хоёр жил ажиллах хугацаандаа хүрээд ирээч гээд урихаар ирээд тухтай уулздаг хүн олдохгүй л байна шүү дээ. Би хэнийг ч хөөж, туугаагүй. Хэрвээ манайхыг хаана байдгийг мэдэхгүй бол миний утасны дугаар нээлттэй зарлагдчихсан байдаг юм шүү дээ. Цөөн тооны хүн ирж уулздаг л юм. Харин хурцаар эсэргүүцлээ илэрхийлээд байгаа хүмүүс ирдэггүй.
Ураныг бид аль нэг улсаас ачиж авч ирээд асгачихсан юм биш.
Түүнчлэн 1990 онд төв талбай дээр 100 мянган хүн жагсаж байсан. О.Магнай, Ж.Батзандан нарыг цуглаан зохион байгуулахад 6000 хүн жагссан. Харин одоо зургаан хүн жагсдаг. Эдгээр чинь нийгмийн байдаг л эрүүл үзэгдэл шүү дээ. Аливаа тэмцэлд учир, жанцан байдаг. Өөрөөр хэлбэл, “А” цэгт газрын зөвшөөрөл авчихаад “Б” цэгт талбайг ухаж байгаатай нь тэмцэх ёстой. Харин хуулийн дагуу зөвшөөрөлтэй, үйл ажиллагаагаа явуулж байгааг нь дэмжих хэрэгтэй.
Юмыг эсэргүүцэхийн тулд эсэргүүцдэг баймааргүй байна. Бусдыг “мөнгөө аваад хүрээд ир, монголд хайгуул хий” гэж цэргээсээ хэлээд дарга хүртлээ гуйж, урьж ирүүлчихээд хайгуулаа хийгээд эхлэхээр хөөж явуулахын төлөө турхираад байж болохгүй шүү дээ. Гадна, дотныхон хэн нь ч хамаагүй, хөрөнгө оруулагч бол адилхан.
-Таны хувьд хөрөнгө оруулахаар ирсэн хүмүүсийг “хөөхөөр” эсэргүүцэн жагсаад байгаа нөхөд цаанаа өөр санаатай гэж харддаг уу?
-Түүнийг тэр хүмүүсээс өөрсдөөс нь асуувал дээр. Гэхдээ үүнийг нөгөө талаас нь харвал цаад нөхдөөс хэдэн төгрөг салгачих боломжтой гэж боддог байж магадгүй л юм. Гэхдээ физикч эрдэмтэд уран олборлохыг дэмждэг. Харин учраа мэдэхгүй хүмүүс л эсэргүүцдэг.
-Гэхдээ тодорхой хэмжээгээр хардлага байгаа биз дээ?
-ОХУ, БНХАУ гээд бусад оронд уран олборлоод, стратегийн ач холбогдолтой ажлаа хийгээд болоод байхад яагаад Монголд болдоггүй гэж. Бид чинь дэлхийн нэгээхэн хэсэг. Энгийнээр хэлэхэд хөрш айл нь олборлож болж байхад бид гэнэн царайлаад суугаад байж таарахгүй. Цаашлаад хэлвэл тэрхүү ураныг бид аль нэг улсаас ачиж авч ирээд асгачихсан юм биш. Байгалиасаа л байсан. Хортой байсан бол хэдэн зуун жилийн өмнөөс хордох л байсан. Тэгээд ч манай улс дэлхийд ганцаараа уран олборлох гээд байгаа юм биш. Эрдэмтэн, судлаачид нь уранаас болж Монгол улсад асуудал үүсээгүй гээд байхад заавал эсрэгээр нь болгох гээд байгаа нь ямар учиртай юм бэ.
Үнэхээр үргэлж жагсагчдын зөв байдаг юм бол эрдэм шинжилгээний болон төрийн байгууллагуудаа тараа. Мэдээж эрхээ хамгаалан жагсах нь буруу юм биш. Тэр эрхийг нь ардчиллын партизанууд 1990 онд авч ирсэн юм шүү дээ.
-Энэ салбарыг таван жилийн өмнөөс манай улсад бий болсон мэт олон хүн боддог. Гэтэл Цөмийн энергийн салбар Монгол Улсад үүсээд 51 жил болчихсон байдаг?
-Дэлхийд салбар маань 100 гаруй жилийн түүхтэй. Харин Монголд энэ салбарыг хөгжүүлж эхэлснээс хойш 51 жил болж байна. Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүнээр элсээд 41 жил болж байна. Тиймдээ ч цөмийн технологийг нэвтрүүлэх, нөгөө талаас бүс нутгийн төсөл хөтөлбөрүүдэд оролцох зэргээр үр дүнтэй ажиллалаа.
Үүний үр дүнд Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны газраас бидний ажилд үнэлгээ өгч, есөн сарын байдлаар 92 хувьтай гэж үнэлсэн нь бид дэлхийтэй энэ зэрэгцэж, нэг зүгт харж байгааг харуулж байгаа юм.
Манай улс цөмийн физик, технологийн онолын судалгааны түвшин дэлхийн хэмжээнд хүрсэн гэж болно. Харин технологийг нутагшуулах, амьдралд хэрэглээ болгох тал нь харьцангуй хурдтай урагшилж байна. Цөмийн технологи гэхээр л атомын бөмбөг, цахилгаан станц гэж өрөөсгөлөөр ойлгох явдал бий. Юу гэж хэлэх гээд байна гэхээр бараг бүх салбарт цөмийн технологийн хэрэглээ нэвтэрсэн. Манай орны хувьд эрүүл мэнд, ХАА, МАА, Геологи, уул уурхай, зам, барилга гээд аж үйлдвэрийн олон салбарт ашиглагдаж байна.