Д.Жаргалсайхан: Троллейбус дотооддоо үйлдвэрлэснээр монголчууд хийж, бүтээж чаддаг юм шүү гэх бахархлыг төрүүлсэн
Монголчууд бид хамтын хүчээр Монголдоо автобус үйлдвэрлэдэг болсон сайхан мэдээ хүн бүрийн баяр, бахархлыг төрүүлж байсан. Энэ ажлыг гардан зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж яваа "Монголын цахилгаан тээвэр" компанийн дарга асан Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Их Монгол Улс байгууллагдсны 800 жилийн ойг тэмдэглэж байсан 2006 онд Монголчууд машин үйлдвэрлэлээ гэсэн мэдээ монгол хүн бүрт баяр, бахархлыг төрүүлж билээ. Хүн бүр ойлгоод байдаггүй нарийн төвөгтэй техник технологи, үйлдвэрлэлийн энэ ажил одоо ямар түвшинд явж байна вэ?
-Оньст техник бүтээх Монголчуудын зуун зууны мөрөөдөл Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд биелж эхэлсэнд маш их баярладаг. Өндөр технологи, мэдлэг, туршлага, иноваци шингэсэн цахилгаан машин үйлдвэрлэн гэдэг бол өнөөдөр бодчихоод маргааш нь хийчихдэг ажил биш. Монгол инженерүүдийн олон жилийн шаргуу, тууштай, хөдөлмөр зүтгэл болон Монголчууд та бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд хөгжлийн шинэ салбар бий болох нийгмийн процесс явагдаж байна.
Ямар ч байсан Монгол хүн машин үйлдвэрлэж чадна гэсэн тэр итгэл үнэмшлийн галыг асааж өгснөөрөө нийгмийн сэтгэл зүйд шинэ сэрэхүй, урам зориг өгсөн түүхэн ач холбогдолтой ажил болсон гэж боддог.
Ард иргэдийн баяр талархлын түрлэг бидэнд улам их урам зориг өгч байсан ба үе үеийн нийслэлийн удирдлагууд байгаа жаахан төсөв хөрөнгийнхээ хүрээнд дэмжиж байсанд гүнээ талархдаг. Өнөөдрийн байдлаар улс, нийслэлийн төсвөөс 8,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 66 ширхэг таван загварын цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн.
Нэг ширхэг цахилгаан тээврийн хэрэгслийг дунджаар 124,0 сая төгрөг буюу 70,0 мянган америк долларт үйлдвэрлэлийн өртгийг багтааж чадсан байдаг ба ийм төрлийн тээврийн хэрэгслийн дэлхийн зах зээлийн үнээс 4-14 дахин бага зардлаар JEA-800 маркийн цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэснийг аудитын компаниуд баталгаажуулаад байна. Хэрэв өнөөдөр дэлхийн зах зээл дээрээс хосолмол, гуравмал тэжээлийн эх үүсвэртэй 66 ширхэг цахилгаан машинууд авсан бол улс нийслэлийн төсвөөс 21,0 тэрбум төгрөг нэмж гарах байсан.
Мөн Монгол Улсад машинт үйлдвэрийн салбар хөгжих хууль эрх зүйн акт бичиг баримтуудыг бий болгох, машин үйлдвэрлэл хөгжүүлэх НҮБ-ын конвенци дээр суурилсан үндэсний стандартууд боловсруулж батлуулах, Олон улсын машинт үйлдвэрлэгчийн холбооноос Монгол Улс Mu-9 VIN Code авах, техникийн зураг, технологийн баримт бичгүүд боловсруулах, техникийн туршилт судалгаа баталгаажуулах ажлыг зохион байгуулах гээд маш олон ажлуудыг өнгөрсөн он жилүүдэд хийжээ.
-Троллейбусны Жаргалсайхан гэж мэргэжлээр цоллуулсан таны ажил амьдралын зам мөр хаанаас эхэлсэн бэ?
-Миний ажил амьдралын зам мөр нэг бодлын уйтгартай, нөгөө талаар Монгол Улсад машин үйлдвэрлэлийн эхлэл тавих боломжтой үйлдвэрлэлийн талбар гэж цахилгаан тээвэр компанийг харж тууштай, хатуу зорилготой, салхи шуурга шиг хурдтай, шаргуу ажилласан цаг хугацаа байжээ.
1988 онд хуучнаар Чехословак улсад цахилгаан тээврийн засвар ашиглалтын инженер мэргэжлээр төгссөж ирээд Троллейбусны байгууллагад засварчнаас захирал хүртэлх албан тушаалуудыг хашиж 26 жил ажиллалаа.
-Эрчим хүчний аюулгүй ажиллагааны өндөржүүлсэн горимонд үйл ажиллагаа явуулдаг Цахилгаан тээвэр компанийг мэргэжлийн төвшинд удирдаж хөл дээр нь босгосныг ард иргэд сайн мэддэг. Та яагаад ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм бэ?
-Нийгмийн шилжилтийн он жилүүдийн хүндрэл бэрхшээл манай компани, хамт олныг тойрч гараагүй нь мэдээж. Троллейбусны ашиглалтын гүйлт норм нь 400,0 мянган км байдаг бөгөөд хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн ЗиУ-682 маркийн троллейбуснуудын техник ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах, техникийн үйлчилгээний технологийн горимыг чанд мөрдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хүчтэй зохион байгуулж ирсний үр дүнд троллейбусны ашиглалтын гүйлтийг 1,2 сая км-д хүргэж улсад нилээд олон орон тоогоор илэрхийлэгдэх орлого оруулсан байдаг.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээрээс хосолмол, гуравмал тэжээлийн эх үүсвэртэй 66 ширхэг цахилгаан машинууд авсан бол улс нийслэлийн төсвөөс 21,0 тэрбум төгрөг нэмж гарах байсан.
Ашиглалтын гүйлт нормоо 2-3 дахин өндөр явчихсан хуучин троллейбустай байхдаа өдөр бүр л загнуулж, дээрэлхүүлэн доромжлуулж явсан минь шинэ технологийн орчин үеийн хийцтэй, тэжээлийн олон систем бүхий цахилгаан машинууд бүтээх эрч хүчийг өгч байсан.
Троллейбустай холбогдсон амьдралын 26 жилдээ үе үеийн олон инженер техникийн ажилтан, засварчдыг сургаж хүмүүжүүлж ирсэн байдаг бөгөөд харин сүүлийн 10 жилд хүмүүс маань тогтвор сууршилтай, зорилго тэмүүлэлтэй ажиллаж ирлээ.
Цахилгаан тээвэр компанийг дампууруулж Автобус-II компанийн адилаар хувьчлах гэж маш олон хүн улайран дайрч байсан бөгөөд тэр хүмүүсийн амин хувийн өчүүхэн эрх ашгийг сөрж зогссоноороо олон дарамт, шахалтыг үзэж байсан ч өнөөдөр ард түмэнд хямд үнэ тарифтай, орчин үеийн хийц загвар бүхий, агаар орчин бохирдуулдаггүй нийтийн тээврийн үйлчилгээг авч үлдэн, сэргээж чадсандаа баяртай байдаг.
Өнөөдөр цахилгаан тээврийн үйлчилгээний давуу талыг нийгэм ойлгож бараг хүн бүрийн амнаас метро барина гэсэн үг гарч эхэлсэнд мэргэжлийн хүний хувьд баяртай байна.
Компанийнхаа парк шинэчлэлтийг хамгийн хямд зардлаар хийх хүсэл зорилгын доор ямар ч байсан нэгдүгээр шатны сэргэлт, парк шинэчлэлтийг Цахилгаан тээвэр компани хийж чадсан бөгөөд цаашид нийтийн тээврийн үйлчилгээ, үйлдвэрлэл хоёр нэг компани дээр зэрэгцэн байж болохгүй гэсэн Зам тээврийн яам, Нийслэлийн удирдлага, Нийслэлийн Аудитын газраас өгч байсан чиглэлийн дагуу Цахилгаан тээвэр компани дээр өрнөж байсан цахилгаан машин үйлдвэрлэлийн ажил зогсож байгаа.
Тэгээд ч өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн шинэ салбар нь хувийн хэвшил дээр тулгуурлан цаашид хөгжих ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд төрийн компани дээр үйлдвэрлэл явуулахад ямар их зовлон бэрхшээлтэй, дарамттай байдгийг яс махаараа мэдэрсэн хүний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их сайн муу хэлүүлсэн инженер хүн гэвэл танаас өөр хүн харагдахгүй байна. Сайн технократаас улс үндэсний хөгжлийг оновчтой тодорхойлсон сайн улс төрч гарч ирэх юм биш биз?
-Монгол Улс үндэсний эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгоход инженер хүний хувьд нэмэрээ оруулахаар зүтгэж байгаа миний бие Монгол Улсад төмөрлөг, машинт үйлдвэрлэлийн салбар буюу хүнд аж үйлдвэрийн салбар хөгжүүлэх чиглэлээр ярьж, бичиж, бүтээж байгаа бүхнийг минь үгүйсгэх, гутаан доромжлох, дарамтлах тодорхой хүмүүс байдгийг анзаарсан.
Хүний хэрэглээний 70 хувь нь төмөр, төмөр хийц, төмөртэй холбогдсон бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, машин механизм байдаг бөгөөд хэрэглээний энэ том зах зээл дээрээ ажиллаж чадахгүйн байгаагийн улмаас асар их валютыг гадагш урсган Монгол төгрөгөө үнэгүйдүйлж байгаа нь бидний эмгэнэл болоод байна.
Монголчууд гангийн соёл, гангын технологи, гангийн үйлдвэрлэлээ сэргээхгүйгээр тусгаар тогтносон улс орон болж хөгжихэд ихээхэн хүндрэл гарах бөгөөд сүүлийн жилүүдэд 70,0 сая тн төмрийн хүдрээ дэлхийн зах зээлийн хамгийн хямд үнээр гадагш гаргасан судалгаа байна
Монголчууд гангийн соёл, гангын технологи, гангийн үйлдвэрлэлээ сэргээхгүйгээр тусгаар тогтносон улс орон болж хөгжихэд ихээхэн хүндрэл гарах бөгөөд сүүлийн жилүүдэд 70,0 сая тн төмрийн хүдрээ дэлхийн зах зээлийн хамгийн хямд үнээр гадагш гаргасан судалгаа байна. Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудал дэндүү удаан байгаад их л харамсах юм.
1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаар төрийн тусгаар тогтнолоо олж авсан Монголчууд 2014 он буюу Хөх морин жилдээ Аж үйлдвэржилтийн хувьсгалаа эхлүүлж эдийн засгийн тусгаар тогтнолоо олох их үйлсийн эхлэлийг тавих хэрэгтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлаад байгаа Үйлдвэржилтийн тухай хуулийг батлан мөрдөх нь бүтээлч иргэд, компаниудад хөгжлийн шинэ түлхэц өгнө гэж итгэж байна. Монгол Улсын эдийн засгийн шингээх чадвар, мөнгөний урсгал нь өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн шинэ салбар хөгжих боломжийг олгож байгаа ба даяаршиж буй дэлхийн аж үйлдвэрийн интеграцид өрсөлдөх чадвартай Монгол бүтээгдэхүүн, Монгол технологи, Монгол оюун ухаанаар нэгдэх өргөн зам нээлттэй байна.
-Цахилгаан тээвэр – Жаргалсайхан гэдэг амин холбоо цаашид тасрахгүй биз дээ. Шинэ амьдралдаа ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Хүний амьдралын 26 жил гэдэг бол бага биш хугацаа. Энэ компанийн байшин барилга, тоног төхөөрөмж, машин механизмууд, тарьсан моднууд гээд миний сэтгэл, оюун ухаан, хичээл зүтгэл хөдөлмөр шингэсэн олон зүйл байгаа. Компаниа сэргээн хөгжүүлэхийн төлөө мөр зэрэгцэн өдөр шөнөгүй, амралт, зав чөлөөгүй зүтгэсэн хамт олноо яахин мартах билээ.
Нийслэлийн иргэдэд хэрэгтэй цахилгаан тээврийн үйлчилгээний ажил цаашид хэвийн сайн явуулахад шаардлагатай бүхий л талын тусламж дэмжлэгийг үзүүлэх ёстой гэж мэргэжлийн хүний хувьд үзэж байна. Компанийнхаа ажилчдын 72 айлын орон сууц барих бүх техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлж өгсөн бөгөөд, энэ барилгын ажлыг эхэлүүлж чадаагүйдээ жаахан харамсаж байгаа. Гэхдээ хөдөлмөрийн талбарт хатаагдсан шинэ удирдлагын баг миний эхлүүлсэн олон ажлыг амжилттай үргэжлүүлнэ гэдэгт итгэж байна.
Цаашидаа иргэн Жаргалсайхан миний бие Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны ажлаа эрчимжүүлэх, хүнд аж үйлдвэр хөгжих хууль эрх зүй, бизнесийн орчин бүрдүүлэх, өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн шинэ салбар руу гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах, бүс нутгийн машинт үйлдвэрлэлийн интеграцид Монголчууд бүтээгдэхүүн болон технологи, техникийн баримт бичгийн аусортингоор нэгдэх боломжийг нээх гээд маш олон ажил төлөвлөөд сууж байна.
Мөн “Хувьсгах гүйдлийн хөдөлгүүр, түүний удирдлагын шинэ системийг шинэ троллейбусанд суурилуулах замаар эрчим хүчийг хэмнэлт гаргах” сэдэвтэй техникийн ухааны докторын зэрэг хамгаалах, “Монгол Улсад төмөрлөг машин үйлдвэрлэлийн шинэ салбар хөгжүүлэх замаар бүс нутгийн орнуудын аж үйлдвэрийн интеграцид нэгдэх эдийн засгийн үндэс, боломж” сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэрэг горилох зэрэг олон ажлууд байна. Хамтарч ажиллах санал тавьж байгаа гадна, дотны олон хүмүүс байгаа ба бага зэрэг амралт авч байгаад зүтгэнэ гэж бодож байна.
-Металлург, машинт үйлдвэрлэлийн цоо шинэ хөгжлийн салбар бий болгон гэж хамгийн их ярьдаг хүн та. Монголчууд бид техник технологийн өндөр нарийвчлалтай ийм мегатөслүүд хэрэгжүүлснээр юуг хожих вэ?
-Тал нутгаа урж сүйтгэхээс илүүтэй тархи оюунаа дайчилсан техник техонологийн мегатөслүүдийг хэрэгжүүлж чадвал мянган жил тутам төв Азийн өндөрлөгөөс сэргэн мандах хөх толботнуудын тэнгэрийн зарлиг биелэлээ олж Монголчуудын зуун зуунаар алслан амьдрах ирээдүй л баталгаажна.
Монгол үндэстний дахин сэргэлтийн суурийг тавих түүхийн энэ торгон агшинд бид бүхэн эв нэгдлээ сахин хамгаалж улс үндэстнээ хөгжүүлэх нэгэн зорилгын доор Монголчууд нэгдэх ёстой. Улс үндэстний хөгжлийн нүүдлийг алслан харж чадах ухааны болон билгийн нүд нь нээгдсэн шинэ үеийн Монголчууд сэрж байгаа нь зөв голдрилдоо орсон жам ёсны хөгжил ирэх итгэлийг төрүүлж байна.