Эдийн засгийг эмчлэх, эрчимжүүлэх, аврах төлөвлөгөөг гаргасан
Эдийн засгийн байдлыг сайжруулахын тулд засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг эргүүлэн татаж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Энэ асуудалд хууль тогтоочид нэг талдаа гарч чадахгүй байна.
Эдийн засгийг эмчлэх, эрчимжүүлэх төлөвлөгөөгөөр нийт 19 чиглэл гарсан. Одоогоор төсөлтэй гишүүд танилцаж байна. Эдийн засгаа эмчлэх, эрчимжүүлэх, аврах төлөвлөгөө нь гадаадын банкуудыг оруулж ирэх тусгай зөвшөөрлийг цөөлөх, валютын ханшийг тогтоон барих гээд хонгилтой болох гээд тодорхой эмчилгээнүүд байгаа.
УИХ-ын гишүүн Д.Зоригт: “Монголд мөнгө хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Валют хэрэгтэй байгаа. Энэ валют гадаадын том банкуудад байдаг. Банкууд орж ирснээр Монголд мөнгө орж ирнэ. Монголын төсөл, бизнес хөтөбөрүүдийг санхүүжүүлээд явах боломж бий. Тэгэхээр хорь гаруй жил Монголын арилжааны банкийн салбар гадныханд хаалттай байлаа.
Гадаадын нэр хүндтэй банкны нэг ч охин компаний салбар манайд алга. Гэтэл бусад улс оронд банкны зах зээл, санхүүгийн зах зээл нь өндөр хөгжсөн, өрсөлдөөнтэй, эрүүл зах зээлтэй орнуудад харьцануйгаар оруулж ирэхийг зөвшөөрдөг. Гэхдээ тодорхой хэмжээнд хязгаарладаг. Ерөнхийдөө зах зээлийнхээ 20 хүртэлх хувийг гадаадын банкуудад тавьж өгсөн байдаг.
Банкууд орж ирснээр Монголд мөнгө орж ирнэ.
Энэ нь давуу талуудыг их авчирдаг. Нэгдүгээрт, мөнгө орж ирнэ. Хоёрдугаарт, өрсөлдөөнтэй болж, зээлийн хүү буурдаг, зээлийн хугацаа уртасдаг. Гуравдугаарт, шинэ мэдлэг ноухау технологи орж ирдэг. Тусгай зөвшөөрлийг эрс цөөлөх учиртай. Би ажлын хэсэгт ажиллаж байгаа. Долоо хоног болгон хурал хийж байгаа.
Өнөөдөр (2014.04.10) гэхэд Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийг ярилцана. Ер нь бидний баримталж байгаа зарчим бол 900 гаруй тусгай зөвшөөрөл, түүнтэй адил бичиг баримтыг ядахдаа 50 хувиар багасгана. Зарим гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа заалтуудын нэг нь энэ юм. Үүнийг бид ярилцана. Бас уян хатан, эрэлт, нийлүүлэлт дээр тогтсон тогтолцоо байдаг. Гэтэл ийм хонгил, коридор тогтоох асуудалд зарим гишүүдээс санал гардаг. Тиймээс бид ярилцах хэрэгтэй байх.”гэсэн юм.
Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс одоогийн байдлаар намын бүлгүүд байр сууриа нэгтгэж байгаа. Ирэх даваа гаригаас намын бүлгүүд танилцаад байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг шийдэх байх гэсэн мэдээлэл өгч байгаа бол эрх баригч намын бүлгийн дарга засгийн газар энэ төлөвлөгөөгөө буцаан татах байх гэсэн байр суурь баримталж байна.
Хэрэв эдийн засгийг эрүүлжүүлэх төлөвлөгөөг засгийн газар буцаан татвал эдийн засаг сайжрахгүй нь тодорхой. Гэтэл ардчилсан нам эдийн засгийг хэрхэн эмчлэх дараагийн төлөвлөгөөг ярихгүй хэрнээ эдийн засагт хийх одоогийн эмчилгээний аргыг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. эмчилгээ авахгүй байсаар эдийн засаг цааш харвал хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Сангийн сайд ч эдийн засаг маш хүнд байгаа. Энэ хүндрэл урт хугацаанд үргэлжлэхээр байна гэсэн таамгийг хэлж байна.
Эдийн засгийг аврах төлөвлөгөө нь мөн л гацаанд орлоо. УИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш урагшилж байгаа нэг ч хууль, ажил алга. Учир нь хоёр ч асуудлаар намын бүлгүүд завсарлага авсан. эдийн засгийг аврах төлөвлөгөө урагшлах эсэх нь эргэлзээтэй гацаанд орж байгаа юм.