Г.Шийлэгдамба: Хариуцлагын асуудлаар МҮАН-тай санал нийлэхгүй байгаа
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.04.14

Г.Шийлэгдамба: Хариуцлагын асуудлаар МҮАН-тай санал нийлэхгүй байгаа

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.ШИЙЛЭГДАМБАТАЙ ярилцлаа.

 -МАХН-ын Их чуулган хэзээ болох вэ?

-МАХН-ын Их чуулган албан ёсоор товлогдоогүй байна. Тавдугаар сард багтааж хурал­дуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөсөн хугацаандаа хурлаа хийхгүй байж магадгүй. Тухайлбал, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдал, нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудал зэр­гээс шалтгаалж намын Их чуул­ган тодорхой хугацаагаар хойш­логдохыг үгүйсгэхгүй. Мөн Н.Энхбаяр даргыг эх орондоо ирэх хугацаанаас Их чуулганы тов шалтгаална. Намын даргын эм­чилгээ хараахан дуусаагүй байна.

 -Намын даргыгаа ирсний дараа л Их чуулганаа хийнэ гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Намын дарга Их чуулганд ирж оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 -Их чуулганаа хэзээ хийх нь намын даргаас гадна улс орны нийгэм, эдийн засгийн бай­далтай холбоотой гэлээ. Нийгэм, эдийн засгийн өнөө­гийн байдлыг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Бид албан ёсны үндсэн дүгнэлтээ намынхаа Их чуулга­наас гаргана. Нөгөөтэйгүүр, намын­хаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулна. Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө. Тийм учраас энэ удаагийн Их чуулган намын дотоод асууд­лаар хязгаарлагдахгүй. Улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын өнөөгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт өгөх хурал болно. Дүгнэлт өгөөд сайн, муу гэж хэлээд өнгөрөхгүй. Энэ байдлыг цаашид сайжруулах арга замыг тодорхойлно.

 -Ямар шалтгаанаас болоод эдийн засаг хүндэрчихлээ гэж үзэж байгаа вэ. Засгийн газрын бодлого нөлөөлсөн үү?

-Гадаадын хөрөнгө оруулалт буурсантай шууд холбоо­той. Орлого буурсантай холбоо­тойгоор зарлагаа хэрхэн бууруу­лах вэ гэдгийг Засгийн газар анхаарах ёстой. Энэ бол дотоод хүчин зүйл. Гаднах хүчин зүйлээ яаж сайжруулах вэ гэдэг нь зогсчихоод байгаа томоохон төслүүдтэй холбоотой. Аль ч нөхцөл байдлыг нь сайжруулах дээр УИХ идэвх санаачилгатай ажиллах ёстой.

 -Засгийн газар гадаад хүчин зүйлээс шалтгаалж эдийн зас­гийн байдал муудлаа гэж үзэж байгаа. Харин сөрөг хүчин Зас­гийн газрын бодлогын алдаа­ны улмаас эдийн засаг хүндэрсэн гэсэн байр суурьтай байгаа.

Засгийн газрын гишүүдийн дийлэнх олонхи нь УИХ-ын гишүүн байх нь маш зохимжгүй асуудал.

-Аль алиных нь нөлөөлөл бодитой байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд юу нөлөөлсөн нь тодорхой байгаа шиг шийдвэрлэх арга зам нь бодитой байх ёстой. Сөрөг хүчин асуудалд хэтэрхий улстөржсөн байдлаар хандаж байгаа. Яагаад гэвэл, хариуцлагын асуудал ярьж байгаа нь зөв юм шиг боловч гарах арга зам, боломжийн талаар ярихгүй байна.

Засгийн газар ч гэсэн ард түмэнд итгэл үнэмшил төрүүлэхүйц тодорхой бодлого гаргаж чадахгүй байна. Тэдний хэлж байгаагаар гадаад зах зээлийн нөлөөлөл байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол байнга л байдаг асуудал. Тиймээс үүнийг шинээр үүссэн нөхцөл байдал гэж харах хэрэггүй. Ямарч нөхцөл байдлыг даван туулж эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь Засгийн газрын үүрэг.

Энэ байдлаас гарах арга зам нь улс төрийн тогтворгүй байдал биш гэдэг нь ойлгомжтой. Энэ үед улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болбол байдал улам л доройтно. Тиймээс энэ байдлаас зайлсхийж УИХ-д суудалтай намууд улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байр суурьтай ажиллах хэрэгтэй. Энэ нөхцөлд аль нэг намын тусгайлан авч үзэх эрх ашиг гэж байх ёсгүй.

 -Эдийн засаг хүнд байгаа үед улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал гэлээ. Гэтэл “Шударга ёс” эвсэл Ерөнхий сайд болон бусад сайд, Монгол­банкны ерөнхийлөгч, “Эрдэнэс-Оюутолгой” компа­нийн удирлага зэрэг хүмүүсээс мэдээлэл сонсоод “Энэ хүмүү­сийн өгсөн мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй байгаа учраас зарим хүнтэй хариуц­лага тооцоход буруутахгүй” гэж мэдэгдсэн. Энэ нь улс төрийг тогтвортой байлгах ёстой гэдэгтэйгээ зөрчилдөөд байгаа юм биш үү. Та бүлгийнхээ мэдэгдлийг юу гэж үзсэн бэ?

-“Шударга ёс” эвсэл хоёр намаас бүрдэж байгаа. Дотроо нэгдмэл болон эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Манай намын гишүүдийн хувьд нэгдмэл байр суурьтай байгаа. Гэхдээ зарчмын зарим нэг асуудал дээр байр сууриа нэгтгэж чадахгүй байна. Нэгдэж байгаа асуудал нь юу вэ гэвэл бүлгийн мэдэгдэлд туссан “Нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Үүнд УИХ, Засгийн газрын гишүүд санаачилгатай ажиллаж гарц шийдлээ хурдан олох хэрэгтэй” гэсэн байр суурь.

Санал нэгдэхгүй байгаа асуудал нь мөнгөний бодлоготой холбоотой асуудал. Мөнгөний бодлоготой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудал МАХН дээр албан ёсоор яригдаагүй. Манай нам нэг, хоёр хүнд хариуцлага тооцох нь зөв гэж үзэхгүй байгаа. Энэ бол гэнэн алхам болно.

 -“Шударга ёс” эвслийн мэдэгдэлд орсон хариуцлагын асуудал дээр эвсэл доторх хоёр нам санал нэгдэхгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм. Мэдээж хариуцлага тооцох тухай асуудал байх ёстой. Гэхдээ бид өмнөх муу уламж­лалаасаа салах хэрэгтэй. Уламжлалт муу арга гэдэг нь асуудлыг шийдэхдээ нэг, хоёр хүн дээр бурууг тохоод том хариуц­лагаас зугтдаг, хаацай­лагдаж байд­лыг хэлээд байгаа юм.

Уламжлалт муу арга гэдэг нь асуудлыг шийдэхдээ нэг, хоёр хүн дээр бурууг тохоод том хариуц­лагаас зугтдаг, хаацай­лагдаж байд­лыг хэлээд байгаа юм.

 Харин одоо хариуцлагын тухай асуудал ярих бол намууд өөрсдөө, тодорхой лидер улстөрчид өөрсдөө хариуцлага хүлээх тухай ярих хэрэгтэй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааг харахад аль ч намд шийдвэр гаргах төвшний улстөрчид нь 200 хүрэхгүй хүн дотор л тоологдож, эргэлдэж ирсэн. Улс орны сайн, муу бүх л нөхцөл байдалд эдгээр хүмүүс байлаа.

Тэднээс хариуцлага хүлээсэн нь хэн юм бэ. Хариуцлага хүлээсэн хүн байхгүй шүү дээ. Харин улс төрийн зорилгоор ганцхан хүнд хариуцлага үрүүлсэн тохиолдол л бий. Манай нам зөвхөн ганц хоёрхон хүнд хариуцлага хүлээлгэдэг энэ уламжлалаа халах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.  

 -Эдийн засаг хүндэрсэн энэ үед УИХ-аар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь гал дээр тос нэмсэнтэй адил зүйл болоод байна. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний чинь хувьд асуухад зөвхөн сайдаар ажиллах, УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа хүний асуудалд хандах хандлага ямар ялгаатай байдаг юм бэ?

-Энэ бол шинээр яригдаж байгаа асуудал биш л дээ. Намайг Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхад ч тавигдаж л байсан. Ер нь УИХ-ын ээлжит сонгууль бүрийн өмнө яригддаг сэдвийн нэг. Харамсалтай нь энэ асуудлыг шийдэж чадахгүй байсаар өдий хүрсэн. Миний бодлоор энэ асуудлыг найм, эсвэл 12 жилийн өмнө шийдэх байсан.

Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд шийдэх үү, өнөөдөр өргөн барьсан хуулийн хүрээнд шийдэх үү гэдэг нь хоёр өөр ойлголт. Цаашид гарах үр дагавар нь ч өөр өөр учраас энэ маш чухал асуудал. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төслөөр шийдвэл Үндсэн хуультайгаа зөрчилдөх асуудал гарахыг ч үгүйсгэхгүй.

 Одоогийн нэрлээд байгаагаар бол би “дан дээл”-тэй сайд байлаа. “Дан дээл”-тэй байх нь илүү давуу талтай байдаг. Засгийн газрын гишүүдийн дийлэнх олонхи нь УИХ-ын гишүүн байх нь маш зохимжгүй асуудал. Үүнийг өөрчлөх ёстой. Гэхдээ нийгэм, эдийн засаг хүнд байгаа энэ үед улс төрийн нөлөөллөөр уг асуудалд хандвал нөхцөл байдлыг улам дордуулна. Тийм учраас “Шударга ёс” эвсэл завсарлага авсан. Завсарлагын хугацаанд энэ асуудлыг бид нухацтай хэлэлцэнэ. Улмаар бүлэг байр сууриа улам тодорхой болгож нэгтгэх ёстой. Мөн бусад бүлгүүд энэ асуудлыг олон талаас нь харах хэрэгтэй.

 -Танай бүлгийн байр суурь уг хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааг тогтооход хамгийн чухал байгаа. Ер нь бүлгийн нэгдсэн байр суурь яаж гарах бол?

-Хуулийг хэрэгжүүлэх хугацаа нь дээр хоёр өөр байр суурьтай байгаа. Гэхдээ олонхиороо шийдсэн шйидвэр л эцсийнх байж, бүлэг нэгдсэн байр сууриа барьж ажиллах ёстой. Ингэхгүй бол хувь хүний улс төр болж хувирна. Өнгөрсөн хугацаанд хамгийн их шүүмжлэлд өртөж байгаа асуудал бол “Шударга ёс” эвсэл хэдий хоёр намаас бүрдэж байгаа ч нэгдмэл байр суурьтай байж чадахгүй байна гэдэг асуудал.