С.Бямбацогт: Би ч гэсэн ёс зүйн хороонд хандана
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.04.14

С.Бямбацогт: Би ч гэсэн ёс зүйн хороонд хандана

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх байсан “Давхар дээл”-ний талаарх хуулийн төсөл багагүй хэл ам дагууллаа. Харин энэхүү хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “давхар дээл”-тэй сайд нарт шаардлага хүргүүлсэн юм. Гэтэл энэ үйлдэл нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, түүнийг шийдвэр гаргахад нь нөлөөлсөн үйлдэл болсон гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэв. Ингээд тэрбээр С.Бямбацогтыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор шалгуулахаар болсон. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга таны талаар Халдашгүй байдлын дэд хороонд хандаж шалгуулна гэсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол Монгол Улсад парламентын ардчилал устаж байгаагийн нэг тод жишээ. Нөгөө талаар засаглалын хямрал нүүрлэсний илрэл бол “АН-ын бүлгийн даргын мэдэгдэл юм. Шаазан бурхан, баастай бурхан” гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр эрх баригчид  яг тийм болчихсон юм биш үү. Хуулийн дагуу шаардлага тавьж болдоггүй. УИХ-ын гишүүн чуулганы танхимд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх  нь чөлөөтэй.

Хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай. Тэр байтугай гадаадын парламентын гишүүд танхимдаа зодолдож л байдаг. Янз бүрийн л асуудал үүсдэг. “Сайд-гишүүн өөрийнх нь албан тушаал, ашиг сонирхолтой холбоотой асуудлаар санал өгөх нь сонирхлын  зөрчил үүснэ” гэсэн заалт Х.Тэмүүжин сайдын санаачилсан хуульд бий. Би энэ хуулийг л сануулж бичиг өгсөн. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.1.6 дахь заалтыг санууллаа. “Ийм, ийм хуулийн заалт бий. Тиймээс  “давхар дээл”-ийг тайлах тухай өөртэйгөө холбоотой хуулийг хэлэлцэхэд сайд-гишүүн та оролцож болохгүй шүү” гэсэн асуудлыг л тавьсан. 

Өнөөдөр эдийн засаг хямарсан, ард иргэдийн амьдрал хүнд байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Иргэдийн орлого нэмэгдэхгүй байна. Монгол Улс өр, зээлийн сүлжээнд баригдсан. Нөхцөл байдал хүндэрч байгаагийн шалтгаан юу вэ гэвэл,  Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарсан байна. Өнөөдөр эрх баригч намын бүлгийн дарга нь Засгийн газрынхаа улаан хамгаалагч болчихож.

Тэр байтугай сөрөг хүчнийхээ бүлгийн даргыг дарамталж, сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилох гэсэн оролдлого хийж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл юм. Тиймээс энэ асуудлаар байнгын хороод, цаашлаад Ёс зүйн хороонд хандана.

-”Давхар дээл”-ийг тайлах тухай  санал хураалтад оролцох нь хууль зөрчихгүй. Хувийн биш улсын ажил ярьж байгаа учраас” гэж сайд нар тайлбарласан. Гэтэл танай намын бүлгээс “Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно” гэж үзэж байгаа. Тэгэхээр хууль эрх зүйн талын маргаан бас энд үүсээд байна?

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.1.6-д зааснаар тухайн гишүүн гэр бүл болон өөртэйгөө холбоотой асуудлаар эрх ашгийн сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хуралдаанд оролцохоос сайн дураараа татгалзах үүрэгтэй. Энэ тухайгаа УИХ-ын хуралдаан даргалагчид мэдэгдээд чуулганы танхимаас гарах ёстой. Сайд нарын “давхар дээл”-ийг тайлах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан.

Сайд-гишүүд “Би сайд хэвээрээ баймаар байна” гэж санал өгвөл сонирхлын зөрчил үүснэ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаалд дуртай байна л гэсэн үг.

“Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажлыг давхар хийх нь буруу юм байна” гэж үзсэн. “Хэрвээ буруу юм бол хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс биш 2014 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлье” гэсэн саналыг манай намын бүлэг тавьж байгаа. 

Өнгөрсөн хугацаанд сайд нар маань “давхар дээл”-тэй явлаа. Улс орны эдийн засгийн байдал хямарлаа, ард иргэдийн амьдралыг туйлдууллаа. Үүнд хурдан цэг тавьж, энэ алдаанаасаа гарах бололцоо боломж бүрдэнэ гэж бид үзэж байгаа юм. Харин сайд-гишүүд “Би сайд хэвээрээ баймаар байна” гэж санал өгвөл сонирхлын зөрчил үүснэ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаалд дуртай байна л гэсэн үг.

-”Ц.Баярсайхан гишүүний өрөөнөөс  албан бичиг хулгай хийлээ, гадуур гаргаж тавилаа” гэх дуулиан дэгдээд байна. Үүнд таны нэр холбогдсон. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Тэр бичиг Ц.Баярсайхан гишүүний өрөөнөөс алдагдаагүй. Би тэр бичгийг хууль зөрчилгүйгээр олж авсан. Энд өөр хэн нэгэн хүнийг буруутгаад, ажил албатай нь хариуцлага ярих шаардлагагүй. Үүнийг УИХ-ын гишүүн би өөрөө хуулийн хүрээнд олж авсан.

 -Өнгөрсөн хугацаанд Ардын нам засаг барьж байхад “давхар дээл”-тэй гишүүн олон байсан. “Тэр үед алдаагаа засаад дээлээ тайлаагүй байж одоо яагаад “давхар дээл” гэж яриад байна вэ” гэсэн хүмүүсийн шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг хуулийг одоогийн эрх баригчид маань 2000 онд оруулж, УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хийдэг болсон. МАН 2000-2004 онд дангаараа эрх барьж байх үедээ 11 яамтай байсан. Үүний дөрөв нь УИХ-ын гишүүн, долоо нь УИХ-ын гишүүн биш хүмүүс байсан.

Мөн 2004-2012 оныг хүртэл хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаж байсан. Энэ хугацаанд бүгд хамтраад засагт ажиллаж байсан шүү дээ. Өнөөдрийн хувьд бол гишүүн-сайд байх нь буруу юм гэдгийг Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн амьдрал харуулж байна. Тийм болохоор цаг алдалгүй “давхар дээл”-ээ хурдан тайлъя гэсэн саналыг тавьж байгаа юм. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан “Том төрөөс ухаалаг төр рүү шилжье” хэмээн ярьж байна.